Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн астероид унасны дараа дэлхий дээр 3 жил үргэлжилсэн өвөл болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд 66 сая жилийн өмнө Чиксулуб гэж нэрлэдэг астероид дэлхийд унаснаар үлэг гүрвэлүүдийн ертөнцийг сүйрүүлсэн гэж үздэг. Харин энэ үйл явдлаас үүдэлтэйгээр дэлхий хэрхэн өөрчлөгдсөнийг одоо болтол судалсаар байгаа юм.

Тэгвэл саяхан тэд энэхүү сүйрлийн дараа дэлхийн цаг уур хэр хэмжээнд хүйтэрснийг тооцоолж гаргажээ. Энэ тооцооллоор сүйрлийн дараа хэдэн жил үргэлжилсэн өвөл дэлхий дээр болсон гэсэн дүгнэлт гарсан байна.

Үүнийг тайлбарлахаас өмнө зарим суурь мэдээлэлтэй танилцья.

10-15 км диаметртэй Чиксулуб астероид өнөөдрийн Мексикийн нутагт оршдог Юкатаны хойгт унасан гэдэг. 66 сая жилийн өмнө болсон энэ явдал дэлхийн түүхэнд хамгийн томд тооцогдох сүйрлийг авчирсан юм.

Цэрдийн галав ба Палеогений галавын завсарт болсон энэ сүйрлийн ул мөр дэлхийн хад чулуулаг давхаргад үлдсэн байдаг. Сүйрлийн үед дэлхийн ургамал, амьтны төрөл зүйлийн 75 хувь мөхсний хамгийн их хохирол амссан нь нисдэггүй үлэг гүрвэлүүд байжээ.

Астероид унасны дараах цаг уурын нөхцөл байдлыг шинэ аргаар судалсны дүнд тухайн үед агаарт тархсан хүхрийн хийн хэмжээ өмнө төсөөлж байснаас их байсныг тогтоосон байна.

Төсөөлж байснаас гурав дахин их хүхрийн хий агаар мандалд тархснаас болоод дэлхийн гадарга дээр ихээр хүйтэрсэн гэнэ. Үүнээс гадна агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл өмнөх төсөөллөөс хамаагүй бага байжээ.

Эдгээр мэдээлэл дээр тулгуурлаад тооцоход хэдийгээр хүлэмжийн хий гэгддэг нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандлыг халааж байсан ч хүхрийн хий үүнээс олон дахин их байсан тул нарны гэрлийг халхалж, газрын гадарга дээр их хүйтрэлтийг бий болгосон байна.

Газрын гадарга дээрх дэлхийн дундаж агаарын хэм Цельсийн -11 орчим байжээ. Ийм агаарын хэмтэйгээр гурван жил болсны дараа астероидын мөргөлтөөс үлдсэн олон төрөл зүйлийн амьтан, ургамал устаж үгүй болсон байна.

Яг л “Game of Thrones” цувралд үзүүлдэг шиг олон жил үргэлжилсэн өвөл манай дэлхий дээр болж байжээ.

Судалгааны тайлан "Geophysical Research Letters" сэтгүүлд хэд хоногийн өмнө нийтлэгдсэн байна.

 

Эх сурвалж: Forbes