Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунтуяа: Хол замыг туулахдаа сэтгэлийнхээ бартааг ялсан

Ч.Гантулга
2017 оны 11 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Уралдааны замд эрчүүдтэй мөр зэрэгцэн давхиж, ардаа орхидог дайчин бүсгүй их спортод хөл тавиад удаагүй байна. Автомашины уралдаан хүссэн хүн бүрийн зориглож гарах талбар биш. Тэр дундаа “УАЗ”-ын ангилал хамгийн өрсөлдөөнтэйгөөс гадна эрсдэлтэйд тооцогддог. Энэ төрөлд уралдаж, амжилтын гараагаа эхлүүлээд буй Г.Ариунтуяаг “Өөр мэдээ” онцоллоо. 

12 НАСТАЙДАА АНХ МАШИН ЖОЛООДЖЭЭ

Г.Ариунтуяа удам дамжсан тамирчин. Бидний яриа аавынх нь болон хүүхэд насных нь гэгээн дурсамжаар эхэлсэн юм. Түүний аав Ганбат 1990-ээд оны дундуур автомашины “УАЗ” ангилалд уралддаг цөөхөн тамирчны нэг байжээ.

Бяцхан охин энэ үеэс аавынхаа уралдааныг алгасахгүй үзэж, авто спортод дурласан гэнэ. Бэлтгэлтэй үед нь байнга бүхээгт нь сууна. Харин уралдаанд оролцоход нь дээлнийх нь захыг мушгин, түрүүлээд ирэхэд нь хөөрч, бахархах сэтгэлээ барьж ядан догдолж зогсдог байсан сайхан дурсамж түүнд олон бий. 12 настай Г.Ариунтуяа аав шигээ уралдах сан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн 18 нас хүрэхээрээ хамгийн түрүүнд жолооны үнэмлэхтэй болно гэж өөртөө амлажээ.

Хүлээлтээр өнгөрсөн зургаан жил  хамгийн удаан байсан хэмээн тамирчин бүсгүй хуучилсан юм. Жолооны араас харагдахгүй жаахан охин аавынхаа өвөр дээр суун үрүүлийг нь эргүүлж тоглодог байж. Энэ үедээ өөрийгөө тамирчин болсноор төсөөлдөг байснаа ярьсан юм. Аав нь ч охиныхоо хүслийг ойлгож, машинтай хэрхэн харьцах, яаж асааж, хөдөлгөх зэрэг анхан шатны мэдэгдэхүүнийг заасан гэнэ. Энэ нь өнөөдрийн тамирчин Г.Ариунтуяад ихээхэн дэм болсон гэв. Тиймээс ч 18 нас хүрэхдээ машин жолоодож чаддаг, туршлагатай болсон байна. 

Гэсэн ч амьдралын шаардлагаар боловсролдоо анхаарч, хэсэг хугацаанд мөрөөдлөө хойш тавьжээ. Түүний анхны уралдаан 2016 онд болсон юм. Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Мөсөн замын авто уралдаан”-д оролцож түрүүлжээ. Энэ тэмцээн бүсгүйд урам өгч, эргэлт буцалтгүйгээр энэ спортод тэмүүлж, амжилтын төлөө хөдөлмөрлөх болсон байна.

Үүний дараа Монгол, Хятадын олон улсын холын зайн “Говь ралли” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, амжилтаа баталгаажуулжээ. Мөн “Baja-2016” тэмцээний ойрын зайн уралдаанд Х байр эзэлсэн юм. Монголын авто мастеруудын холбооныхон залуу тамирчдад боломж олгож, дэмжихийн тулд дээд, доод гэсэн ангилалд уралдуулж буй. Г.Ариунтуяа доод ангилалд IV байр эзэлж, шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан удаатай. Энэ бол дөнгөж энэ спортод хөл тавьж буй эмэгтэй тамирчны хувьд чамлахааргүй амжилт байлаа.

“УАЗ” АНГИЛАЛД УРАЛДДАГ АНХНЫ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН 
 

ӨМӨЗО-ы “Тэнгэр элс” хэмээх газар болсон олон улсын уралдаанд манай тамирчид анх удаа оролцсон. Энэ тэмцээнд Г.Ариунтуяа  Монголын тав, Хятадын 20 эрэгтэй тамирчинг ардаа орхиж түрүүлсэн. Монголоос машинтайгаа очиж, уралдахад зардал өндөртэй тул ӨМӨЗО-ы “Жалам хар” клубын машинаар уралджээ. Энэ клубын хамт олон тамирчин бүсгүйн бүх зардлыг даасан байна.

Г.Ариунтуяа уралдааны зам, машиндаа дасахын тулд гурав хоногийн өмнө очсон гэнэ. Тэмцээндээ түрүүлээд эх орныхоо төрийн далбааг өргөж зогсохдоо хамгийн түрүүнд аавыгаа боджээ. Хэрэв аав нь уралддаг байгаагүй бол охин нь хэзээ ч энэ спортыг сонгохгүй байсан. Тиймээс ааваараа бахархах, баярлах сэтгэл төрж байж. “УАЗ” ангилал хамгийн хүнд ангилал. Энэ төрөлд уралдаж буй анхны монгол, эмэгтэй тамирчин нь Г.Ариунтуяа юм.

Анх уралдах хүсэлтэйгээ гэр бүлийнхэндээ хэлэхэд нь дэмжжээ. Одоо ч түүний тэмцээний хамгийн үнэнч үзэгч нь гэр бүлийнхэн нь. Аав нь охиндоо хамгийн түрүүнд аюулгүй байдлаа хангахыг байнга зөвлөдөг гэсэн. Охин нь уралдахаар явсан өдөр аавынх нь сэтгэл тайван байдаггүйг мэддэг учир барианд орж ирээд утсаар холбогдож, санааг нь амраадаг аж.

Түүнээс уралдаанд гарахдаа эмээдэг үү гэж асуухад тэрээр “Хэрэв айх байсан бол энэ замыг сонгохгүй байсан юм” гэж хариулсан нь хатуужилтай, зоригтой бүсгүй гэдгийг нь илтгэсэн юм. “УАЗ” машины урд тал нь хүнд, хойшоо хөнгөн байдаг учир давхих үед тэнцвэрээ алдах, онхолдох эрсдэл өндөр байдаг гэв. Тиймээс замд гарахад тамирчнаас ур чадвар, мэдрэмж шаарддаг.

“Кросс” төрлийн уралдаан бүхээгтээ ганцаараа явдаг бол “УАЗ” төрлийнх нь чиглүүлэгчтэй явдгаараа онцлог гэж Г.Ариунтуяа тайлбарласан. Бүхээгтээ нэг хүн авч яваа учир осол гаргахгүй байж чиглүүлэгчийнхээ амь насыг давхар хамгаалах хариуцлага тулгардаг юм байна. Чиглүүлэгчтэйгээ сайн ойлголцож, зөвлөх нь амжилтад нөлөөлдөг гэсэн.

ХОЛЫН ЗАЙН УРАЛДААН ТЭР ЧИГЭЭРЭЭ АДАЛ ЯВДАЛ

Холын зайн уралдаан нь тамирчдаас илүү тэсвэр, тэвчээрийг шаарддаг гэнэ. Үүнээс гадна замд төөрөх, машин эвдрэх асуудал гардаг учир бөөн адал явдал гэж тамирчин бүсгүй ярьсан юм. Нартай, цастай, бороотой, шуургатайг ажрахгүйгээр 1,500-1,800 км зам туулна гэдэг амаргүй даваа. Уралдаан учир зам бартаатай. Элс, шаварт суух энүүхэнд.

Г.Ариунтуяа энэ бүхэнд ажрахгүйгээр өөрөө бүхнийг бие даан хийдэг. Тэрээр тавдугаар сард 1,500 км зам туулжээ. Халуун өдөр таарч. Замд ус нь дуусаж зогсоход нутгийн сайхан сэтгэлтэй жолооч 10 км-т байх гэрээсээ ус авчирч тамирчин бүсгүйд тусалсан гэнэ. Энэ мэт хол замд гарахад хөдөөгийн сайхан сэтгэлтэй ард түмэн харамгүй сэтгэлээр тусалж, дэмждэг тухай Г.Ариунтуяа ярьж сууна. Энэ спортын төрөл бэртэл авах эрсдэл өндөртэй.

Тамирчин бүсгүй ч үүнийг нэг бус удаа мэдэрчээ. Холын зайн уралдаанд уралдаж байх үедээ чиглүүлэгч нь буруу зам заасны улмаас машин нь хамар дээрээ босчихож. Эрэг мөргөсөн машинаа арай гэж зогсооход хүзүү нь хөдлөхгүй болжээ. Энэ бол тамирчин бүхэнд тохиолдох эрсдэл. Үүнийг даван туулахын тулд хамгаалалтын хувцас хэрэглэлээ тогтмол өмсөхөөс гадна сэтгэлзүйгээ бэлдэх нь чухал юм байна гэдгийг ойлгожээ.

СЭТГЭЛЗҮЙ ХАМГИЙН ЧУХАЛ
 

Уралдахад сэтгэлзүй хамгийн чухал. Г.Ариунтуяа тэмцээнд оролцох өдөр ойртох тусам сандардаг. Гэхдээ жолооныхоо ард суугаад замд гарахдаа сэтгэлзүй нь тогтвортой болчихдог гэсэн. Хааяа гараанаас гарахдаа өвдөг нь чичирдэг ч хурдлах бүртээ улам зоригжиж, зөвхөн урд замаа хараад, салхи татуулан давхиж явахдаа тамирчин болсны аз жаргал, сэтгэлийн таашаалыг мэдэрдэг аж. Тиймээс өөрийгөө хол зам туулахдаа сэтгэлийнхээ бартааг ялсан гэж онцолсон юм.

Олон бэрхшээлтэй тулгардаг ч шантарч үзээгүй тамирчин маань санхүүгийн асуудлаа шийдэж өөрийн машинтай болоод удаагүй. Одоогоор 84 гэсэн дугаартай уралдаж байна. Бүсгүй хүн битгий хэл эр хүн ч зүрхэлж гарамгүй энэ талбар 30 гаруйхан настай бүсгүйд олон зүйлийг сургажээ. Зориг тэвчээр, хатуужлаас гадна хүн байхын утга учир, хүн чанарын тухай их спорт түүнд сургаж байна.

Зураг