Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Кадыров Лениний шарилыг бунхнаас гаргаж, оршуулахыг уриалав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров 1917 оны хувьсгалын удирдагч Владимир Лениний шарилыг Улаан талбай дахь бунхнаас гаргаж, оршуулахыг уриалжээ.

Ингэх нь хүмүүнлэг явдал болно гэж тэр үзэж байгаа гэнэ. “Ленинийг оршуулах эсэх нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины шийдэх асуудал. Гэхдээ бид хүний цогцос руу ширтэхээ болих хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна” гэж Кадыров Телеграм мессенжэртээ бичсэн байна.

Тэр бас нас барсан хүний цогцсыг ингэж удаан хадгалах нь зардал өндөртэй мөртлөө үр дүнгүй, практик ач холбогдолгүй үйлдэл гэж хэлжээ.

Үүнээс гадна Кадыров 19 дүгээр зууны эхээр Хаант Оросын эсрэг тэмцэж байсан бослогын удирдагч Хажи Мурадын Санкт Петрбургийн музейд хадгалагдаж байгаа толгойг гаргаж оршуулахыг Оросын эрх баригчдад уриалсан байна.

Кадыровын дээрх мэдэгдлийн өмнө Оросын парламентийн дээд танхимын спикер Валентина Матвиенко хувьсгалын удирдагч Лениний шарилыг хэрхэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах саналыг танилцуулжээ.

Гэхдээ тэр Ленин нь Оросын нэг бүтэн үеийнхний хувьд эрхэм хүн тул яаралгүй шийдэх ёстойг хэлсэн байна.

Матвиенко “Уг асуудлыг яарч, хөнгөн шийдэж болохгүй. Хэзээ нэг цагт оршуулах нь тодорхой гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ нийгэм энэ асуудлаар эхлээд зөвшилцөлд хүрэх ёстой” гэжээ.

Түүний санал танилцуулагдахаас өмнө ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байгаа Ксения Собчак хэрвээ ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд Лениний шарилыг бунхнаас гаргаж оршуулах зарлиг гаргана гэж мэдэгдсэн юм.

Харин Оросын Коммунист намын тэргүүн Геннадий Зюганов түүний мэдэгдлийг хүндэтгэлгүй, бүдүүлэг явдал гэж хатуу шүүмжилжээ. Ирэх долоо хоногт тохиох гэж байгаа Октябрийн хувьсгалын 100 жилийн ойг угтаж Лениний шарилын асуудал хөндөгдөж эхлээд байгаа юм.

Оросын олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар Лениний шарилыг бунхнаас гаргаж, оршуулахыг дэмжигчид жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь харагддаг.

 

Эх сурвалж: Russia Today