Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн наймаа Хонг Конгод хэрэгжлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн хамгийн баян хүн Ли Ка Шин өөрийн эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгүүдийн хамгийн өндөр байгууламж болох Хонг Конгийн алдарт “The Center” цамхагийг зарах тохиролцоонд хүрсэн байна. Үнэ нь $5.15 тэрбум болсон цамхаг дэлхийн үл хөдлөх хөрөнгийн наймааны түүхэнд дээд амжилт тогтоожээ.

Худалдан авагч нь Бээжингийн China Energy Reserve & Chemical Group компанийн тэргүүлсэн Хятад, Хонг Конгийн хөрөнгө оруулагчдын консерциум юм. Консерциум дотроо Бээжингийн компани 55 хувийг нь гаргаж байгаа гэнэ. Үлдсэн хувийг Хонг Конгийн бизнесийнхэн гаргажээ.

73 давхар өндөр “The Center” цамхаг нь Хонг Конгийн 5 дахь өндөр барилгад тооцогддог.

Ирэх оны долдугаар сард 90 нас хүрэх гэж байгаа Ли Ка Шин энэхүү хөрөнгөө худалдаж авах эзнийг жил гаруй хугацаанд хайжээ. Эх газрын Хятадын томчууд цамхагийг авах сонирхлоо илэрхийлцгээж байсны дотор дэлхийн хамгийн том банк болох ICBC (Industrial and Commercial Bank of China) багтаж байв.

Гэвч гадаад зах зээл рүү хөрөнгө урсгах явдалд хатуурхаж байгаа Хятадын засгийн газрын бодлого нөлөөлж, төрийн өмчит банк наймаанд оролцож чадаагүй гэж ажиглагчид дүгнэж байна.

“The Center” цамхаг 111,483 м.кв офисийн талбай, 1,200 м.кв үйлчилгээний талбай, 402 автомашины зогсоолтой юм.

1998 онд баригдсан цамхаг нь бетон хийцгүй, бүхэлдээ ган хийцтэй гэнэ.

Ли Ка Шин 2013 оноос хойш Шанхай, Бээжин, Гуанжоу дахь нийт $3 тэрбумын үл хөдлөх хөрөнгөө зараад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post