Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабэ ЦААЗЫН ЯЛЫГ сэргээхийг уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хүн амины гэмт хэрэг улс оронд нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабэ цаазын ялыг сэргээхийг өчигдөр уриалжээ.

Хэдийгээр тус улсад цаазын ял хүчин төгөлдөр хэвээр байгаа ч 2005 онд сүүлчийн зандалчин нь тэтгэвэрт гарснаас хойш уг ялыг гүйцэтгээгүй байгаа юм.

Өчигдөр буюу Лхагва гарагт нийслэл Хараре хотноо Зимбабвегийн тусгаар тогтнолын төлөө тэмцэлд амиа алдагсдын дурсгалд хүндэтгэл үзүүлсэн Мугабэ “Цаазын ялыг сэргээх ёстой гэж би үзэж байна” гэж олны өмнө хэлжээ.

Засгийн газрын гишүүд нь уг асуудал дээр хоёр хуваагдаад байгаа боловч Мугабэ ялыг сэргээх талд байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. Хэзээнээс сэргээхийг хэлээгүй ч тэр “Хэрвээ та бүхэн хэн нэгнийг цаазалсан тухай мэдээ сонсвол Мугабэгийн санаа хэрэгжсэн гэж ойлгоорой” гэжээ.

93 настай Мугабэ саяхан хүн амины гэмт хэргийн тайланг цагдаагийн газраасаа авч үзээд ихэд цочирдсоноо бас ярьсан байна. Гэхдээ тэр тодорхой тоо баримт дурдсангүй.

Мугабэ “Хүмүүс бие биенээ алж тоглож байна. Ингэхийн төлөө бид улс орноо чөлөөлсөн гэж үү? Энэ орныг бид амар амгалан, аз жаргалтай улс болгохыг хүссэн. Харин хүн ард нь бие биеэ алдаг орон биш” гэжээ.

Одоогоор Зимбабвед 92 хоригдол цаазын ялаа хүлээж байгаа бөгөөд Эмнести Интернэшнл зэрэг байгууллагууд цаазыг бүр мөсөн хориглохыг үе үе уриалсаар байгаа.

2013 онд батлагдсан тус улсын үндсэн хуулинд бүх эмэгтэйчүүдийг, 18-аас доош болон 69-ээс дээш насны бүх эрчүүдийг цаазын ялаас чөлөөлөхөөр заасан байдаг.

Ажилгүйдлын түвшин 90 хувийг даваад байгаа Зимбабвед удаан хугацаанд эзэнгүй байгаа цаазын ял гүйцэтгэгчийн орон тоонд 50 гаруй хүн өрсөлдөж байгааг өнгөрсөн сард албаныхан мэдээлж байв.

Тухайн үед хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч Виржиниа Мабхиза ярихдаа “Энэ ажлын байрны төлөө өрсөлдөөн хүчтэй байгаа. Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь хүсэлтээ ирүүлээд байна” гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian