Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

70,000 орчим БАГШ энэ сарын 13-наас ХУГАЦААГҮЙ ажил хаяхаар болжээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээр"-ийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхижээ.

Улмаар хэлэлцээрийн үр дүнг нийт гишүүддээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг авсны үндсэн дээр Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа аж.

Энэ талаар өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээлэл хийлээ.

" Арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт хийнэ"

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ж.Батзориг "Бид Засгийн Газрын саналтай эвлэрэх боломжгүй. Төр засгийн зүгээс 2017, 2018 онуудад төрийн албан хаагчдад нэг удаа 300,000 төгрөг олгох, заавал цалингийн санг нэмэхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх тухай асуудлыг ярьж байгааг түр зуур аргацаах гэсэн арга хэмжээ гэж үзэж байгаа.

Энэхүү мөнгө нь Боловсрол, Шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй, харин ч нийгэмд олон сөрөг үр дүн авчрах оновчгүй арга хэмжээ болно. 

Тиймээс бид хамтын маргаанаа үргэлжлүүлж, тэмцлийн үйл ажиллагаанд орж байгаагаа албан ёсоор зарлаж байна. 

Үйлдвэрчний Эвлэлд харьяалалтай бүх боловсролын байгууллагууд нэгэн зэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт хийхээр болсон. 

Өнөөдрийн байдлаар багш нарын бодит амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. 

Багш нар бүгд цалингийн зээлтэй байна. Цалингийн зээлтэй байгаа учраас энэ салбарт ажиллагсад өрийн сүлжээнд автагдсан. Тиймээс бид энэ тэмцлийг хийж байна" гэлээ.

"Хэзээ бидний шаардлага биелнэ, тэр цагт тэмцэл зогсоно"

 
Гэрэл зургийг mpa.mn

Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Баярмөнх "Бид  21 гишүүнтэй ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна

Ажил хаялтыг Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70,000 орчим ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгэн зэрэг эхлүүлнэ.

Бидний тэмцэл арваннэгдүгээр сарын 13-ны Даваа гарагаас эхлэн хугацаагүй үргэлжилнэ. 

Бидний тавьж байгаа шаардлага бол үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх. Энэхүү шаардлагыг өнөөдөр Засгийн газар, УИХ-д хүргэнэ.

Хэзээ бидний шаардлага биелнэ, тэр цагт тэмцэл зогсоно гэсэн байр суурьтай байна" гэв.