Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын шинээр томилогдсон удирдагчид ХКН-ын мэндэлсэн газарт зочилж, тангараг өргөжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Саяхан болсон Хятадын Коммунист Намын их хурлаар ирэх таван жилд улс орноо удирдахаар томилогдсон долоон хүн өчигдөр Шанхай хотод тусгай айлчлал хийжээ.

Шин Жиньпинээр ахлуулсан намын Улс Төрийн Товчооны гишүүд ХКН-ын үүсэн байгуулагдсан Шанхай хот дахь түүхэн байгууламжинд ирж, тангараг өргөцгөөсөн байна.

Тэд Бээжингээс тусгай онгоцоор нисэж ирсэн гэнэ. Шанхай дахь Францын захиргаанд байсан саарал тоосгон байшин нь 96 жилийн өмнө ХКН мэндэлсэн газарт тооцогддог. 1921 оны долдугаар сард энд Мао Зэдун болон бусад 12 хүн нууцаар уулзаж намаа байгуулж байжээ.

Тухайн үед 57 гишүүнтэй эхэлж байсан бол өнөөдөр 90 сая орчим гишүүнтэй нам болоод байгаа нь Германы хүн амаас олон гишүүнтэй гэсэн үг юм.

Өчигдрийн үйл явдал нь Ши Жиньпин ирэх таван жилд Хятадыг удирдахаар томилогдсоноосоо хойш хийж буй анхны орон нутгийн айлчлал ажээ.

Тэр 2012 онд анх удаа БНХАУ-ын даргаар томилогдсоныхоо дараа хамгийн анх өмнөд хязгаарын Шэньжэн хотод зочилж, Хятадын өөр нэг удирдагч агсан Дэн Сяопиний хөшөөнд хүндэтгэл үзүүлж байжээ. Шэньжэн бол Дэн Сяопиний эхлүүлсэн эдийн засгийн шинэтгэлийн үлгэр жишээ болсон эдийн засгийн чөлөөт бүс юм.

Түүний энэ айлчлал Хятадын эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэх бодлогынх нь илрэл байсан гэдэг. Харин энэ удаа Маогийн нам байгуулсан газарт зочилсон нь тэр Коммунист үзэл суртлаас ухрахгүй, Хятадын хөгжлийн гол хөтлөгч нь ХКН байна гэдгийг харуулсан явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post