Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк хотод өчигдөр гарсан халдлагыг террорист үйлдэл гэж үзэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр үдээс хойш Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт ачааны машин түрээсэлсэн этгээд унадаг дугуйн замаар бараг 2 км зайнд давхиж, найман хүний амийг бүрэлгэн, 11 хүнийг бэртээсэн хэрэг гарлаа.

Эцэст нь өөр нэг машиныг мөргөж зогссоны дараа халдлага үйлдсэн этгээд машинаасаа хийн буутай бууж ирээд “Аллах Акбар” (араб хэлээр Бурхан бол агуу гэсэн үг) гэж орилсон байна.

Цагдаа нар энэ үед гал нээж, түүнийг баривчилжээ. Хэргийн газраас хийн болон будагтай сумаар бууддаг тоглоомын буунууд олдсон гэнэ.

Уг халдлага 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага болсон Дэлхийн Худалдааны Төвөөс нэг гудамжны зайтай газарт болсон байна.

Баригдсан этгээд нь Флоридагийн оршин суугчийн бичиг баримттай, 29 настай залуу байжээ. Нью Йоркийн цагдаа хэргийг террорист халдлага гэж урьдчилсан байдлаар тодорхойлоод байна.

Ачааны автомашинтай халдлага сүүлийн үед Европын орнуудад үе үе гарах болсон ба анх 2016 оны долдугаар сард Францын Нис хотод 84 хүний амийг хөнөөсөн ийм халдлага гарч байв.

Эх сурвалж: Quartz