Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн дөрвөн Монгол иргэнийг эх нутагт нь авчирсан"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад анх 1999 онд бүртгэгдэж байжээ. Манай улсын хувьд хүн наймаалсан 2015 онд 8, 2016 онд 9 этгээдийг ялласан тоо баримт байдаг юм байна. 

Гэхдээ "Монгол Улсын Засгийн газар хүний наймааны хохирогчдыг хамгаалах хүчин чармайлтаа бууруулсан. Хохирогчдод үзүүлэх хамгаалах үйлчилгээний дийлэнхийг ТББ-ууд үзүүлсний дээр урт хугацааны үйлчилгээг төрийн дэмжлэггүйгээр хийсэн.  

Улсын хэмжээнд хохирогчдод үзүүлэх үйлчилгээг "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ын ажиллуулдаг хоёр хамгаалах байрт даатгасан хэвээр байгаа. Хоёр дахь жилдээ төрөөс ХТЭТ ТББ-ын хамгаалах байранд санхүүжилт өгсөн талаар мэдээлсэнгүй" гэж Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан "2017 оны хүн наймаалах асуудлын төлөв байдал" гэж тайланд дурджээ. 

Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа, хохирогчдыг хэрхэн хамгаалдаг талаар цагдаагийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс байр суурийг нь сонслоо. 

Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгах дараах тайлбарыг өгсөн юм. 

Хохирогчдын 80 гаруй хувь нь сэтгэл санааны хямралд ордог
 

-Танай байгууллагын хувьд энэ оны байдлаар хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн нийт хэчнээн хүнд туслалцаа үзүүлсэн бэ?

-"Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ 2002 онд байгуулагдсан. Бид хүний эрхийн асуудлаар иргэдэд үйлчилдэг. Өнөөдрийн байдлаар хүний наймааны 700 гаруй хохирогчдод туслалцаа үзүүлсэн. Энэ төрлийн гэмт хэргээр 2014 онд 49, 2015 онд 36, 2016 онд 44 хохирогчдод тусалсан байна. Энэ оны 44 хохирогчийн 43 нь бэлгийн мөлжлөг, нэг нь хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүн байгаа юм. 
 
График 1, Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тоо
 
-Ямар шалтгаан нөхцөлийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ? 
 
-ХХГХ үйлдэгдэх олон шалтгаан, нөхцөлүүд байдаг. Нийгмийн болон хувь хүний олон хүчин зүйл нөлөөлдөг ч голлох шалтгаан нь гэр бүл болон эдийн засгийн шалтгаанууд. Тухайлбал дийлэнх хохирогчдын ар гэрийнхэн гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, хойд эцэг эх, гэр бүлийн зөрчилдөөний улмаас гэрээ орхиж явахаар болсон байдаг. 
 
-Хохирогчдод учирч буй эрсдэлийн тухайд ярихгүй юу? Тухайлбал бие махбодын болон сэтгэл санааны хохирол их байдаг байх?
 
-Хохирогчдод олон төрлийн хохирол учирдаг. Эдийн засаг, эрүүл мэнд, цаг хугацаа гэх мэт. Үүнээс хамгийн ноцтой нь нэр төрөө алдах явдал байдаг. Ар гэрийнхэн, найз нөхөд нь хэдийгээр өрөвддөг ч "яг юу хийдэг байсан" талаарх асуулт, шууд биш ч ямар нэгэн аргаар бодит байдлыг яриулах гэсэн оролдлогууд нь хохирогчид хүндээр тусдаг.
Мөн хохирогчдын 80 гаруй хувь нь сэтгэл санааны хямралд ордог. Мөн ажилгүйдэл, ядуурал болон тэдгээрээс улбаалан гарч ирдэг нийгмийн сөрөг үзэгдэл болох орон гэргүй хүмүүс, тэнэмэл, хараа хяналтгүй хүүхдүүд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй. 

-Хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэхэд юм уу? эсвэл энэ хүрээнд тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэх явцад Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан бие даасан хэд хэдэн гэмт хэрэг давхар үйлдэгддэг. Тухайлбал, хуурамч
бичиг баримт үйлдэх, ашиглах, хулгайлах, устгах, нуух, хүн хулгайлах, хууль бусаар хорих, насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, биеэ үнэлэх,тэнүүчлэл, гуйланчлалд татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хууль бусаар хил нэвтрүүлэх, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох гэсэн гэмт хэргүүдийг давхар үйлддэг онцлогтой.
 
Гэвч хүний наймаатай холбоотой хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг явуулахад энэ нөхцөл байдлыг тэр бүр анхаарч үзэхгүй байна. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхийг нуун дарагдуулах, хялбарчлах, шаардлагатай мэдээллээр хангах, шалгах ажиллагаанд саад учруулах зэрэгт төрийн албан хаагчдыг ашиглах магадлал өндөр байсаар байна.
 
Өөрөөр хэлбэл, ХХГХ нь авлигатай салшгүй холбоотой бөгөөд хохирогч нарыг “... би цагдаад танил ихтэй шүү,хохь чинь шүү..” гэж гэмт этгээдүүд айлган сүрдүүлдэг нь үүнтэй холбоотой гэж үзэж болох юм.
 
Хүн худалдаалах гэмт хэргийн дараах төрлүүд байдаг. 
 
Үүнд: 
  •  Бэлгийн мөлжлөг
  •  Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг
  • Албадан хөдөлмөрлүүлэх
  • Зуучлалын захиалгат гэрлэлт
  • Хүний цус, эд эрхтний наймаа
  • Хүүхэд үрчлэлт
Эрүүгийн хуулийн 113-р зүйлд хүн худалдаалсан нь тогтоогдвол 15 хүртэлх жилээр хорих ял оноохоор хуульчилсан байна. Мөн тус хуульд зохион байгуулалттай гэмт бүлэг уг хэргийг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 
Хүн худалдаалах гэмт хэргийн анхны тохиолдол Монголд 1999 онд бүртгэгдсэн
 

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор "Дэлхий нийтэд хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулалтад орчихсон. 2017 онд дөрвөн Монгол иргэнийг эх нутагт нь буцаасан.

2012-2016 онд цагдаагийн байгууллага хүн худалдаалах гэмт хэргийн 67 холбогдогчидтой, 100 орчим хохирогчтой 38 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэ оны хагас жилийн байдлаар биеэ үнэлэлтийг зохион байгуулсан зургаан гэмт хэргийг илрүүлэн шалгасан.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь ихэвчлэн бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгдэж байна. 

Бусдын биеийг үнэлүүлэх гэдэг нь өмнөх Эрүүгийн тухай хуульд 124-р тусгай зүйл анги байсан бол шинэ хуулиар зөрчлийн гэмт хэрэг рүү орсон. Хүн худалдаалах гэмт хэрэгт 18-39 насны эмэгтэйчүүд ихэвчлэн өртөж байна. Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг хамгаалах байр хоёр бий" гэлээ. 

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалж чадаж байна уу? 
"Гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн айж, эмээсний улмаас худал мэдүүлэг өгөх, ХХГХ-ийн хохирогч болсноо үгүйсгэх, сэтгэн бодох чадвараа алдаж үнэн
зөв мэдүүлэг өгөх чадваргүй болох, болсон явдлын талаар ой санамжаа алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн энэ үедээ байцаалт өгвөл худал мэдээлэл өгсөн гэж давхар эрсдэлд орж болзошгүй. 

Иймд сэтгэл зүйн хүнд дарамтад орсон хохирогчийг байцаахад мэргэжилтний туслалцааг авч хохирогчийг нөхөн сэргээх, түүнийг хэвийн байдалд орсны дараа мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. Гэвч байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирогчийг хэрхэн хамгаалах, сэтгэл зүйн болон нөхөн сэргээх талаар ямар ч зохицуулалт, хангалттай туршлага байхгүй" гэж Г.Ганбаясгах ярьсан юм. 

Харин хохирогчдыг олж тогтоон, үйлчилгээнд хамруулах тухайд "Цагдаагийн Ерөнхий Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид хүний наймаанд өртсөн хохирогчдыг таньж илрүүлэхэд хэрэглэх 11 асуулт бүхий хүний наймааны эрсдэлийн үнэлгээний шалгах асуултуудыг ашигладаг гэж мэдээлсэн боловч хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах системчилсэн журам тогтоогоогүйн улмаас эдгээр ажлууд нь идэвх санаачлагатай цөөн тооны албан хаагчдын ажил төдий байсаар байгааг ТББ-ууд онцлон тэмдэглэж байна" хэмээн "2017 оны Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан"-д бичжээ.

Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогч нар Улаанбаатар хотод болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байгаа нь анхаарах ёстой асуудал юм. 

Түүнчлэн зөвхөн эмэгтэйчүүд хүний наймааны хохирогч болдог гэх ташаа ойлголт байдаг. Харин хөвгүүд хүний наймааны хохирогч болсон тохиолдолд гэмт хэрэг үйлдэгчийг илүү хөнгөн ялтай зүйл ангиар ялладаг байна.

Иргэдэд өгөх зөвлөмж

Хүний наймаанд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж явахаасаа өмнө гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож ажлын нөхцөл хөдөлмөрийн хөлснийхөө талаар баталгаажуулах,
  • Жуулчны визтэй явж байгаа бол ажиллахаар, сурахаар явахаас сэрэмжлэх
  • Таны аяллыг зохион байгуулж компани хууль ёсны үйл ажиллагаа эрхэлж буй эсэх талаар зохих төрийн байгууллагаас тодруулж лавлах
  • Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаагүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх. Шаардлагатай бол хуульч эсвэл итгэл даасан хүмүүст үзүүлж зөвлөгөө авах
  • Гэр бүл найз нөхдөдөө хамт явах хүмүүс очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээх

Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?

  • Ажил олгогч нь бичиг баримтыг нь хураан авснаас болж дуртай үедээ явах боломжгүй болсон
  • Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өөрийн дарамтад оруулсан
  • Бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд орсон
  • Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтад оруулсан
  • Хэн нэгэн хүний байнгын хараа хяналтад байх, тусгаарлагдсан, гадуур явах, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон

Хилээр гарч байгаа иргэдийн зайлшгүй анхаарах зүйлс

  • Ажлын гэрээ заавал байгуулах
  • Паспорт бичиг баримтыг хэнд ч бүү өг. Хэн ч таны паспорт бичиг баримтыг хадгалах эрхгүй
  • Очсон газартаа Монгол Улсаас тухайн оронд суугаа ЭСЯ, Консулын газарт бүртгүүлэх
  • Монголд байгаа гэр бүл, найз нөхдөд очсоноо мэдэгдэж, холбоотой байх зэргийг анхаарах нь зүйтэй.