Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад гэрээгээр ажиллаж байсан 14 настай Орос модель хэт ачааллаас болж амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хятадад гэрээгээр ажиллаж байсан 14 настай орос модель өнгөрсөн долоо хоногт Шанхай хотод амиа алдсан нь Орос, Хятадын хэвлэлүүдийн нэг гол сэдэв болоод байна.

Талийгаач Влада Зюбагийн цус хордож, хэд хэдэн дотор эрхтний ажиллагаанд нөлөөлсөн нь үхлийн шалтгаан болсон гэж эмнэлгийн урьдчилсан дүгнэлтэд тодорхойлсныг Шанхай хот дахь ОХУ-ын консул мэдээлжээ. Задлан шинжилгээ хийснээр залуу моделийн үхлийн шалтгаан бүрэн тодорхой болох гэнэ. Гэвч охины Орост байгаа ээжийн зөвшөөрөл үүнд хэрэгтэй юм байна. Оросын эрх баригчид ээжийг нь Хятад руу явуулахаар ажиллаж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Шанхайн загварын долоо хоногт оролцож, загвар үзүүлснийхээ дараа Влада бөөлжиж, халуурч хоносон тул маргааш нь эмнэлэгт хүргэгдэж, удалгүй Баасан гарагт амьсгал хураасан байна.

Сибирийн Пермь хотын оршин суугч бүсгүй Хятадын ESEE Model Management агентлагтай гурван сарын гэрээ байгуулан ажиллахаар Шанхайд ирээд байжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүний гэрээг “боолын гэрээ” байсан, хоногт 13 цаг ажилласан нь моделийн архаг менингитийг хүндрүүлж, үхэлд хүргэсэн гэжээ. Уг нь түүний насны охидыг хуулиар долоо хоногт гурван цагаас илүүгүй ажиллуулах ёстой гэнэ. Охины найзууд түүнийг эрүүл чийрэг хүн байсныг гэрчилж байгаа бол ээж Оксана Зюба нь сүүлд утсаар ярихдаа охин нь “Маш их ядарч байна. 13 цаг ажиллалаа. Унтмаар байна” гэж байсныг НТВ сувагт ярьжээ.

Гэвч ESEE агентлаг Владаг өдөрт найман цагаас илүү ажиллаагүй, өөрсдийгөө насанд хүрээгүй загвар өмсөгчдөд илүү анхаарал тавьж ажилладаг гэж мэдүүлсэн байна.

Хятадын тал залуу моделийн үхлийн шалтгааныг мөрдөж эхэлсэн гэнэ. Сүүлийн жилүүдэд Оросын Сибирийн бүс нутгийн 14-16 насны охид Хятадад загвар өмсөгчөөр ажиллах нь нэмэгдсэн байна. Тэд хэдийгээр дунд сургуулийн сурагчид боловч хичээлээ таслан, богино хугацаагаар Хятадын хотуудад ажилладаг болжээ.

 
 

 

Эх сурвалж: Russia Today, Siberia Times