Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд Таж Махалыг гадуурхаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Манай гарагийн долоон гайхамшгийн нэгэнд тооцогддог Таж Махалын бунханд хүнд хэцүү цаг үе ирээд байна.

Агаарын бохирдлоос үүдэлтэй гантиг чулууных нь өнгө шарлаж, сэргээн засварлах явцад зарим нарийн хийц нь эвдэгдэн, жил бүр зорин ирдэг жуулчдын тоо ч багасаж байгаа юм.

Тэгвэл өөр нэг аюул бий болсон нь Энэтхэгийн Хинду шашинтан үндсэрхэг үзэлтнүүд Таж Махалыг исламын соёлын өв гэж гадуурхах болсон явдал.

Өмнө нь ийм яриа гардаг байсан ч сүүлийн хэдэн сард улам хүчтэй яригдах болжээ.

Тэд дөрвөн зууны түүхтэй Моголын дурсгалыг харь шашны байгууламж тул Энэтхэгийн түүхэнд нэрийг нь дурдахыг хориглох хэрэгтэй гэж үздэг юм.

Саяхан парламентийн нэгэн гишүүн Таж Махалыг Энэтхэгийн түүхийн “толбо” гэж нэрлэсэн нь үндсэрхэг үзэлтнүүдийг улам өдөөж өгчээ. Ялангуяа Таж Махалын байрладаг Уттар Прадеш мужид ийм хөдөлгөөн урьд өмнө байгаагүйгээр сэргээд байна.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт Уттар Прадеш мужийн захирагч Ёги Адитянат Аград зочилж, нутгийн иргэдэд ухуулж сэнхрүүлэх ажил хийсэн юм. Тэр Таж Махалыг засгийн газрын хамгаалах ёстой үнэт өв соёлын дурсгал гэж нэрлэжээ.

Захирагч “Бид Таж Махалыг яагаад, хэзээ, хэрхэн байгуулсан талаар хэт гүнзгийрүүлж ухаад хэрэггүй. Хамгийн гол нь үүнийг Энэтхэгийн тариачид, хөдөлмөрчдийн цус, хөлсөөр боссон гэж ойлговол зохино” гэж ярьжээ.

Өнөөдөр Энэтхэгийн ерөнхий сайд болоод байгаа Нарендра Моди бас Хинду үндсэрхэг үзэлтнүүдийн нэгт тооцогддог нь тэднийг хүчээ авахад нөлөөлж байгаа юм.

Моди болон бусад үндсэрхэг үзэлтнүүд хойд Энэтхэгийг хэдэн зуун жил захирсан исламын шашинт удирдагчдын үеийг Британий колоничлолын үеэс ялгаагүй хар бараан түүх гэж үздэг.

Өнгөрсөн долоо хоногт Аград зочилсон Адитянат ч өөрөө энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө алдартай үндсэрхэг үзэлтэн байсан хүн юм.

Тэрээр шашин хоорондын мөргөлдөөн өдөөсөн хэргээр 2007 онд 11 хоног хоригдож, ислам шашинтай кино од Шах Рух Ханыг террорист гэж нэрлэн, Энэтхэг улсыг Дональд Трампаас үлгэр жишээ авч муслимуудын эсрэг визний хориг тавихыг уриалж байжээ.

Саяхан түүний засаг захиргаа мужийнхаа түүхийн дурсгалт газруудын танилцуулгыг хэвлэхдээ Таж Махалыг багтаалгүй үлдээж, оронд нь мужийн зүүн хэсэгт байрладаг Хинду шашны мөргөлийн газрыг оруулсан байв.

Эрх баригч Бхаратия Жаната намын парламентийн гишүүн Сангет Сом Таж Махалыг “эзлэн түрэмгийлэгчдийн босгосон түүхийн толбо” гэж нэрлэсэн нь дуулиан дэгдээж байжээ.

Тэр “Таж Махалд Энэтхэгийн түүхэнд бичигдэх орон зай байхгүй” гээд хатныхаа дурсгалд зориулж бунхныг байгуулсан Моголын хаан Шах Жаханыг “Хинду шашныг газрын хөрснөөс арчих гэж байсан хүн” гэж нэрлэсэн юм.

Үндсэрхэг үзэл сэргэж эхэлснээр Энэтхэгийн хэт үзэлтэй түүхч ПН Оакийн онол олон жил дарагдсаны эцэст дахин анхаарлын төвд орж эхэлжээ.

Тэр өнөөгийн дэлхий ертөнцийн ихэнх хэсгийг эртний Хинду эзэнт гүрэн захирч байсан, англи хэл бол Санскрит хэлний нэг аялга, Британий Уэстминстер Аббэй сүм бол Шива бурхны сүм гэх зэргээр онолддог юм.

Мөн Таж Махалыг анх Жайпурын махаража Шива бурханд зориулж босгосон, анхны нэр нь Тэжо Махалая байсан гэж маргадаг.

Энэхүү онолыг эрх баригч намын хэд хэдэн улс төрч яриандаа дурддаг болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт арав гаруй оюутан Таж Махалын дэргэд Хинду шашны зан үйл хийх гэж байгаад баривчлагджээ.

Гэвч бусад түүхч эрдэмтэд Таж Махалыг хинду-ислам шашны тэмцэлд ашиглаж байгааг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Тэд Таж Махалыг гарцаагүй Энэтхэгийн түүхийн нэг чухал өв гээд Моголын удирдагчид бол Энэтхэгт амьдарч, Энэтхэгт насан эцэслэж байсан тул Британий колоничлогчдоос тэс өөр хүмүүс гэж үнэлжээ.

Тэд бас Моголын Ауранзэб хаанд захирагдсан хэсэгхэн хугацаанд Энэтхэгт бослого тэмцэл гарч байснаас бусад үед харьцангуй амар амгалан байсныг баталж байна.

Агра хотын аялал жуулчалын тэнхимийн дарга Шарма “Хэрвээ энд тогтворгүй байдал үүсвэл аялал жуулчлалын орлогод нөлөөлнө. Таж Махал бидэнд их хэмжээний гадаад валютын урсгалыг бий болгодог. Тэр ч байтугай дотоодын жуулчдаас олдог орлого ч асар их. Хэрвээ Агра хотын иргэдийг засгийн газар, Таж Махал хоёрын нэгийг сонго гэвэл Таж Махалыг сонгох нь гарцаагүй” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian