Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Японы компани тамхи татдаггүй ажилтнуудаа жилд 6 хоног илүү амрааж байхаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Японы маркетингийн Piala Inc компани тамхи татдаггүй ажилтнуудаа тамхи татдаг ажилтнуудаас 6 хоног илүү амрааж байх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан байна. Жилийн амралтын хоногийг ийнхүү ялгавартай тогтоож, тамхидалтын эсрэг тэмцэхээр болжээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Хиротака Мацушима “Тамхи татдаг ажилтнууд тамхилах нэрээр ажлын ихээхэн цагийг дэмий өнгөрөөдөг тухай гомдлыг манай нэг ажилтан санал хүсэлтийн хайрцагт хийснээс ийм шийдвэр гаргахад хүрсэн юм” гэсэн байна.

Хүсэлтийг хүлээж авсан гүйцэтгэх захирал Такао Асука тамхи татдаггүй ажилтнуудаа урамшуулах замаар тамхидалтын эсрэг тэмцэх санааг гаргаж хэрэгжүүлжээ.

Токио хотод төвлөрдөг энэ компанийн оффис 29 дүгээр давхарт байрладаг. Тамхилахын тулд ажилтнууд нэг давхарт бууж, доод тал нь 15 минут зарцуулдаг нь ингэж гомдоллох шалтгаан болсон байна.

Өнгөрсөн долдугаар сард Токио хотын дарга Юрико Коике 2020 оны Олимпийн наадмыг угтаж, Японы нийслэлийн бүх олон нийтийн газарт тамхи татахыг хориглох төлөвлөгөө гаргаж байв. Гэвч тус улсын тамхи татдаг улс төрчид, гуравны нэгийг нь төр эзэмшдэг Japan Tobaco компани хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Japan Tobaco бол үндэсний хэмжээний тамхи үйлдвэрлэгч бөгөөд 2015 онд засгийн газарт $700 саяын ноогдол ашиг өгч байжээ.

Хүн амынх нь 18 хувь тамхи татдаг боловч олон нийтийн бүх газруудад нь тамхи татахыг зөвшөөрдөг Япон улсыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тамхитай хамгийн бага тэмцдэг орнуудын нэг гэж дүгнэсэн байдаг юм.

 

Эх сурвалж: Independent