Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгө олгох хүрээг 60 хувиас 80 хувьд хүргэхээр ажиллаж байна

Т.Жаргалсайхан, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 31
Үндэсний шуудан
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ирэх оны төсвийг хэлэлцлээ. Хуралдааны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Засгийн газар 2018 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа ямар хувилбараар боловсруулсан бэ?

-2018 оны төсвийг өмнөх Засгийн газар УИХ-д өргөн барьсан ч буцаагаад татсан байсан. Шинэ Засгийн газар бүрэлдэнгүүтээ УИХ-д өргөн барьчихлаа гээд намын бүлгээр ярьж байна. Хэд хэдэн онцлох зүйл бий. Үүнд, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулдаг Ашигт малтмалын газар, лицензтэй холбоотой асуудлуудыг ил болгох талаар төсөвт дурдсан.

Газар болон ашигт малтмалын лицензийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар хийгддэг байх ёстой. Үүнтэй холбоотой хийгдэж байгаа аливаа гүйлгээнээс татварыг гүйцэт авдаг байх ёстой. Олон тэрбумын хөрөнгө татварт өртөхгүй, ил бус далд хэлбэрээр явагддаг гэдгийг үзээд Сангийн яамнаас холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-д өргөн барьж байна. Ерөнхий сайд уг асуудлыг ил болгох чиглэл өгсөн.

Хоёр дахь том асуудал бол сургууль бүрийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүднээс нийтдээ 59 сургууль, 90 цэцэрлэг шинээр барихаар хөрөнгийг нь улсын төсөвт суулгаад оруулж ирсэн. Дээр нь инфляцын төвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлийн арга хэмжээг төсөвт оруулж ирж байгаа. Хамгийн гол нь, Монгол Улс даяар эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүр хүртэж чаддаггүй. Эрүүл мэндийн даатгалаа төлж байсан ч үйлчилгээ авахад хүндрэл учирдаг асуудал олон жил яригдсан.

Тиймээс эрүүл мэндийн даатгалыг тэтгэврийн даатгалын сангаас анх удаагаа салгаж, түүнд жил бүр хуримтлагддаг 400 орчим тэрбум төгрөгийг энэ салбарт бүрэн хэмжээгээр нь зарцуулъя гэсэн шийдвэрийг оруулж ирж байгаа. Энэ санал эрүүл мэндийн салбарыг шинэ шатанд хүргэнэ.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулж ямар тодорхой шаардлага тулгарч байна вэ?

-Сангийн яам Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг өөртөө авах гэж байна гэсэн агуулгатай мэдээлэл гадуур их тараагдаж байна. Сангийн яаманд хийх ажил мундсан биш тун завгүй байгаа. Тийм зүйл байхгүй. Олон нийтэд тараагдаж буй мэдээлэл зохиомол, хүмүүсийн дунд бухимдал үүсгэх зорилготой гэж бодож байна. Бүхий л газруудын үйл ажиллагааг хуулийн дагуу ил тод болгох арга хэмжээний хүрээнд улс татвараа авъя гэсэн агуулгаар бид асуудалд хандсан.

-Таныг 30 гэр бүлийн төлөөлөл гэж Ерөнхийлөгч хориг тавиад байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд 30 гэр бүл гэгч зүйлийг хаанаас, яаж олох вэ гэж асуусан. Ашигт малтмалын газрын мэдээллийн сангаас энийг авч болно гээд намайг тэрхүү 30 гэр бүлийн нэг нь мөн гэж зарласан. Би тэр мэдээллийг аваад шууд Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж өөртөө болон гэр бүлд маань лиценз байгаа эсэхийг, бүр өмнө нь байсан эсэхийг ч тодруулахаар лавлагаа авах хүсэлт тавьсан юм.

Тэр өдрөө “Хайгуулын бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани өмнө нь болон одоогоор бүртгэгдээгүй” гэсэн лавлагаагаа авсан. Хайгуулын 30, ашиглалтын 30 лиценз эзэмшдэг компаниудын жагсаалтыг сошиал сүлжээнд гаргасан байна. Хариуцлагатайгаар хэлэхэд энэ 30 байтугай мянган компанийн жагсаалтад надад болон гэр бүлд маань хамаарах зүйл байхгүй.

-Төсвийн орлого нэмэгдүүлэхтэй холбоотой өөр ямар тодорхой зохицуулалт хийх вэ. Тухайлбал, түүхий эдийн үнэ ханшийн өөрчлөлтийг ямар байдлаар тооцож байна. Татвар нэмэхтэй холбоотой асуудал хөндөгдөх үү?

-Татвар хувь хэмжээг нэмэхгүй гэсэн хатуу зарчмаа баримталсан хэвээр байгаа гэдгийг хэлье. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш урд хилээр гарч байгаа тээвэрлэлт ерөнхийдөө хязгаарлалтад орчихсон. Өнөөдөр ч гэсэн эрчим хүч тасалдсан учраас өдөрт ердөө 200 орчим машин гарахаар байна гэсэн мэдээ ирсэн. Тийм учраас ашигт малтмалын үнэ харьцангуй өндөр байгаа хэдий ч бид хилээр гарах нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй гэж үзэж байгаа.

Бидний тооцож буйгаар 2018 онд энэ оны төвшинд хүрэхгүй, улам буурна. Энэ тээвэрлэлтэд тавигдсан хориг үргэлжлэх юм байна гэж орлогоо тооцож үзсэн. Эдийн засгийн өсөлтийг 4.2 хувь байна гэж үзээд орлогынхоо холбогдох өөрчлөлтүүдийг нэмж хийсэн.

Макро эдийн засагчийн хувьд нэг зүйлийг сургамжилж авсан юм. Урьд нь 2013-2015 онуудад орлогоо хэт өндөр тавиад, орлого нь орж ирэлгүй гацангуут өр тавьж эхэлдэг байсан. Улмаар Засгийн газрын өрийн хэмжээнээс гадна арилжааны банкнуудаас авдаг зээлийн хэмжээ эрс нэмэгддэг. Харин орлогоо хэтэрхий бага тавингуут их мөнгө орж ирвэл өөр нөхцөл байдал үүсдэг. Улсын төсөв 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхад мөнгө байгаа юм шиг ойлголт нийгэмд төрдөг.

Ер нь төсөв, орлого, зарлагаа бодитой төлөвлөх хатуу зарчмыг баримталж ажилласан. Цаашид энэ асуудлыг зөв зүйтэй болгохын тулд анхаарч ажиллах бодолтой байна. 2018 оны төсвийн тодотголын онцлог нь юу вэ гэхээр арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аль болох бага авна. Яагаад гэвэл төр арилжааны банкуудаас их хэмжээний мөнгө татахаар иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээ буурч байгаа юм. Үүнийг дагаад эдийн засаг хумигдах сөрөг үр дагавар гарч байгаа учраас Засгийн газар өндөр хүүтэйгээр арилжааны банкуудаас зээл авахгүй гэсэн бодлогыг хатуу баримтална.

2018 оны төсөвт өөр нэг онцлог бий.Төсвийн орлогыг орон нутгаар аваад үзэхэд аймгуудаас төлөгдөж байгаа татварын орлого буурч байгаа нь ажиглагдсан. Аймгуудаас татварын орлого буурна гэдэг эдийн засгийн идэвхжил буурч, царцах тал руугаа явж байна гэсэн үг. Тиймээс бид аймгуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмсэн. Өөрсдөө захиран зарцуулах эрхтэй хөрөнгө оруулалтыг нэмэхэд аймаг бүрт дунджаар долоон тэрбум төгрөг, нийтдээ 147 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Цаашдаа жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэргээр эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа.

-Иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломж гарах уу. Нийгмийн халамжийн бусад зардалд ямар өөрчлөлт гарах бол?

-Сүүлийн үед төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох асуудал нэлээд шүүмжлэл дагуулж байна. Гэхдээ энэ бүхэн гурван талт хэлэлцээрийн үр дүнд хийгдэх зүйл гэдгийг иргэд маань мэдээллийн хэрэгслүүдээр авч байгаа байх. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд нар ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчдийн эвлэлтэй хэлэлцээр хийгээд надад дүнг нь танилцуулсан.

Сангийн яамнаас тэрхүү хэлэлцээрт тусгагдсан санхүүжилтийг олгох зорилготой. Тэтгэврийг нэмэхэд зориулж 137 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа. Сонгуулийн үеэр яригдаж байсан, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суусан “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд cap бүр 50 мянган төгрөг олгоно. Түүнчлэн 0-18 насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгүүдэд улирлын 240 мянган төгрөгийн урамшуулал олгох зэргийг төсөвт суулгасан.

-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох уу?

-ОУВС-тай 2017 оны дөрөвдүгээр сард хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч, нааштай мэдээ дуулдах болсныг та бүхэн мэдэж байгаа байх. ОУВС-тай нийт хүүхдийнхээ 60 хувьд хүүхдийн мөнгө олгоно гээд тохирчихсон. Яг одоо ОУВС-тай хэд хэдэн удаагийн уулзалт. хэлэлцээр хийж байна. Би Сангийн сайдын хувиар эдгээр уулзалтад 60 хувийг 80 хувь болгон нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байгаа.

2014 оны амьжиргааны төвшний үзүүлэлтэд үндэслэж 60 хувиар тогтоосон. Түүнээс хойш инфляц хүчтэй явагдаж төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 1,700-гаас 2,500-д хүрсэн. Иргэдийн бодит орлого унаж, ядуурлын хэмжээ 20-29.6 хувь хүрч өссөн байгаа. Эдгээр нөхцөл байдлыг танилцуулахад ОУВС цаашид хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ удаагийн төсөвт 60 хувьд олгохоор тусгасан ч энэ хэмжээг нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллах болно.

-Өмч хувьчлалаас орлого төвлөрүүлэх үү?

-Өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэдэггүй. Харин төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хэсэгт, эдийн засагчдын хэллэгээр зураасны доор санхүүжүүлэх эх үүсвэрт оруулж бичдэг. Өөрийн байр суурийг илэрхийлэхэд, өмч хувьчлах бодлого төсөв дагаж орж ирэх ёсгүй. Төрийн өмчийг хувьчлах бодлогыг УИХ гаргаж, батлах ёстой.

Төрийн болон орон нутгийн өмчийг 2016-2020 оны хооронд хувьчлах үндсэн чиглэлийг гаргаад, түүн дээрээ суусан ажлуудыг хэрэгжүүлж олсон орлогоо төсвийн зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрт бүртгэдэг байсан. Энэ Засгийн газар бүрдээд долоо л хонож байна.

Өмч хувьчлалыг хэрхэн явуулах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэр, газруудыг яаж ажиллуулах, том төслүүдийг яаж хэрэгжүүлэх, алга болчихсон төмөр замаа үргэлжлүүлж барих эсэх гээд маш олон асуудал бидний өмнө байна. Бодлогыг нь боловсруулаад тууштай хэрэгжүүлнэ.

Зураг