Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Астрономичид анх удаа Од Хоорондын биетийг ойроос ажиглажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Астрономичид анх удаагаа манай нарны аймгийн биш, өөр одны системээс ирсэн биетийг дэлхийд ойрхон өнгөрөхөд нь ажиглажээ.

Үүнийг мэргэжлийн хэлээр “Interstellar object” гэдэг. Ажиглаж болохуйц ойр зайнд ирэхээс нь эхлээд алслан алга болох хүртэл нь эрдэмтэд түүнийг ажиглаж, мэдээлэл цуглуулж чадсан байна.

Гипербол хэлбэрийн траектор дээр нь үндэслэн манай нарны аймгаас гадна орших ямар нэг одноос салж явсан биет гэж судлаачид дүгнэжээ.

 

Уг биетийг Хавайн Халеакала дахь Pan-STARRS1 телескопын тусламжтай анх илрүүлж, A/2017 U1 гэсэн нэрийг өгсөн байна.

Хавайн их сургуулийн Астрономийн хүрээлэнгийн судлаач Роб Верик анх биетийг илрүүлжээ.

Европын Сансрын Хүрээлэнгийн Канарын арлуудад байрладаг телескопоос буулгасан зурагтай харьцуулж шинжилсний эцэст түүнийг өөр одны системийн биет болохыг баталсан байна.

Лира (Lyra) одны ордын зүгээс ирсэн гэгдэж байгаа биет нь 400 метр диаметртэй, сансрын уудамд 25.5 км/секунд хурдтай нисэж яваа юм.

Гараг үүсэн бий болох явцын дүнд салж явсан ийм биетүүд од хооронд шилжиж явдаг тухай онолыг эрдэмтэд эртнээс дэвшүүлж байсан ч бодитоор нь харж байгаагүй.

Судлаачид одоо олж авсан мэдээллээ боловсруулан уг биетийн үүсэл гарал, бүтцийг тодорхойлох юм.

Онцгой өвөрмөц тойрог замаар аялж яваа биетийг цаашдаа нарны системээс гаран явж, дахин эргэж ирэхгүй гэж тооцож байна. Уг биет есдүгээр сарын 9-нд наранд хамгийн ихээр ойртсон бол аравдугаар сарын 14-нд манай дэлхийд 24 сая километрийн зайд ойртсон ажээ.

Энэ нь дэлхийгээс сар хүртлэх зайнаас 60 дахин хол гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Independent