Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост арын хаалгаар төрийн өмчийн компанид ажилд орогсдыг шалгахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нөлөө бүхий улс төрчид, бизнесмэнүүдийн дэмжлэгтэйгээр төрийн өмчийн компаниудад ажилд ордог явдалд дургүйцсэн олон нийтийн бухимдлыг дарахын тулд Өмнөд Солонгосын засгийн газар шуурхай арга хэмжээ авахаар болжээ.

Өнөөдөр тус улсын ерөнхий сайдын орлогч Ким Дон Ён танхимынхаа сайд нарыг шуурхай хуралдуулж, авах арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Ингэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд компаниудын шинэ ажилтан авсан үйл явцыг шалган нягталж, шударга бусаар ажилд орсон хүмүүсийг илрүүлэхээр болжээ.

Ким сайд “Засгийн газар зөвхөн өөрийн өмчийн 330 аж ахуйн нэгжийн ажилтан авсан үйл явцыг шалгаад зогсохгүй орон нутгийн захиргаануудад харьяаллагддаг байгууллагуудыг ч шалгана” гэж хэлсэн байна.

Төрийн өмчийн 330 аж ахуйн нэгжид хийх шалгалт ирэх сарыг дуустал үргэлжлэх гэнэ. Илрүүлсэн алдааг Ерөнхий прокурорын дэргэдэх авлигатай тэмцэх тасагт шилжүүлж мөрдүүлэх юм байна.

Ингэж арын хаалгаар ажилд орсон хүмүүсийн авч байсан цалин хангамжийг буцаан төлүүлэхээр мөн төлөвлөжээ.

Бас ажилд орсон хүмүүс, тэднийг дэмжсэн хүмүүсийн нэрийг олон нийтэд зарлах гэнэ.

Засгийн газрын тоо баримтад дурдсанаар Өмнөд Солонгосын залуусын 20 хувь нь ажилгүй байгаа ба төрийн өмчийн компаниудын ажилд авахдаа гаргадаг шударга бус хандлага нь тэднийг болон тэдний гэр бүлийнхнийг бухимдуулдгийг судалгаа харуулжээ.

 

Эх сурвалж: Korea Times