Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Амь тэмцэхийн цагт АМЬДРАЛ ЗАЛГУУЛАХ миний баталгаа

Д.Мөнхжаргал, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголчууд бид “Тэнхлүүн байхад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэсэн мундаг том философитой ард түмэн. Түүний нэг илрэл нь эрүүл мэндийн даатгал гэж боддог.

Хэдийгээр улсын байгууллагууд төрийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ явуулж байгаа ч нарийндаа өвдөж зовсон нэгэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлж, эмнэлэг домнолгоор эмчлүүлснийх нь төлөө төрөөс зардлыг дааж байгаа нь бид бие биедээ л тусалж буй хэлбэр юм. Тийм ч учраас манай даатгалын системийг эв санааны нэгдлийн зарчимтай гэж ярьдаг байх.

Төрөөс иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эрүүлжүүлэн, илаарьшуулах чиглэлээр олон чухал арга хэмжээ авч үүнийгээ хууль эрхзүйн баримт бичгээр албажуулж байдаг нь аль ч газрын жам ёсны хэрэг. 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуульд цөөнгүй өөрчлөлт хийсэн нь иргэд, даатгуулагчдын санаа сэтгэлд нийцтэй байгааг тэмдэглүүштэй санагдана.

Учир нь, хэлж бус хийсэж ирдэг өвчин зовлон хэн хүнийг ялгаварлан гадуурхалгүй наалдчихдаг болохоор нялх балчраас настан буурал хүртэл бүх хүнийг даатгалд хамруулж байдаг юм. 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс бүтэн даадаг бол шинэ хуулиар оюутан залуус өөрсдөө cap бүр 1,920, жилд 23,040 төгрөг төлдөг болгосон нь сайн шийдэл болсон.

Энэ нь багахан мөнгө мэт санагдавч нас биед хүрсэн залуус эрүүл мэнддээ анхаарах, цаашлаад нийгмийн амьдралд оролцоход тустай гэж бодож байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын харьяат болон харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр орлогогүй ч юм уу хоёр хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эх, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа хүмүүжигч гээд бүх л хүн /тэд сард 3,840, жилдээ 46,080 төгрөг төлдөг/ эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа аж. Эдгээр 1.4 сая орчим иргэний эрүүл мэндийн даатгалыг төр хариуцаж байна.

Харин ажил хөдөлмөр эрхэлж, эрүүл мэндийн даатгалаа хариуцдаг бидний хувьд авсан цалингийнхаа хоёр хувь дээр ажил олгогч байгууллагаас хоёр хувийн шимтгэлийг нэмэн төлүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлдэг хуулийн заалттай. Тэр хэрээр сангийнхаа хөрөнгөөс хувь хишиг хүртэх” боломж бидэнд байдгийг заримдаа анзаардаггүй юм уу мэддэггүй бололтой юм. Хааяа нэг эмнэлэгт хэвтэхдээ л ашиг тусыг нь ойлгож, 30-аад мянган төгрөгөөр хэд хоног эмчлүүлснээр даатгалын тухай ойлголт өндөрлөх нь олонтоо. Үндсэндээ эрүүл мэндээ даатгасны баталгаа болох алгын чинээхэн ч амины үнэтэй цэнхэр дэвтрээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.

Саяхан гэрийнхээ ойролцоох “Монос" эмийн сангийн салбарын гадаа хүмүүс урт дараалал үүсгэн өглөө эрт зогссон байхтай таарлаа. Настай хүн ч байна, залуухан бүсгүй ч харагдана. Учрыг тодруулбал, сарын эхэнд хөнгөлөлттэй эм авахаар дугаарлаж байсан юмсанж. Үүнээс улбаалан зарим нэг мэдээллийг олж авлаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс өгсөн мэдээллээр бол өөрөө даатгалаа хариуцдаг иргэн нэг жилийн хугацаанд хоёр сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй байдаг аж.

Түүний дотор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эм, амин дэмийн худалдан авалт ордог юм байна. Хамгийн сүүлд дээрх зөвлөлөөс 2016 оны гуравдугаар сарын 25-нд баталсан жагсаалтад 330-аад нэрийн эм, бэлдмэл, амин дэм багтжээ. Эмчийн жороор өдөр тутамдаа хэрэглэж болох өвдөлт намдаах, хордлого тайлах, халуун бууруулах, дархлааг сэргээх болон хавдрын эсрэг эм, хөнгөвчлөх эмчилгээ, зүрх судасны болон жирэмсэн эхчүүдийн хэрэглэдэг амин дэмийг 40-80 хувийн хөнгөлөлттэй олгодог болохыг мэдэж авлаа.

Эмийн сангийн гадна дугаарлагсдын нэгнээс ямар эмийг хэдэн хувийн хөнгөлөлттэй авдаг талаар сонирхвол, элевит, пренатал зэрэг 70 мянган төгрөгөөр борлуулдаг эмийг 25 мянгаар авчихдаг юм гэж байна. Ямар өвчний үед хэрэглэдгийг нь мэдэхгүй боловч хүнийг шалгаагаад байлтай биш, цааш юм ярьсангүй. Ямартай ч 45 мянган төгрөгийн зөрүү гэдэг бага мөнгө биш гэдгийг л тооцоолж байлаа.

Харин хүмүүсийг сарын эхээр ингэж зогсоож байхаар хөнгөлөлттэй эмийг хангалттай татаад нөөцөлчихдөг бол хэн хэндээ амар байх сан. Хөнгөлөлттэй эм, амин дэмийг улсын хэмжээнд 570 гаруй эмийн сангаар түгээж, Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын 7-8 хувийг үүнд зарцуулдаг гэж бодохоор том буян юм даа. Өнгөрсөн онд үүнд 22.7 тэрбум төгрөг зарцуулсан гэх тоон мэдээлэл бий.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар өрхийн гишүүд эмчлүүлэх эрхээ нэгэндээ шилжүүлэх болсон нь бас нэг дэвшил гэж хэлж болно. Дээр өгүүлсэнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг иргэн жилдээ хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхээ эдлэхгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл өрхийн нөгөө гишүүн түүнийг нь нэг удаа ашиглах боломжтой гэсэн үг.

Гэхдээ тэд хоёулаа эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцдаг байх ёстой юм билээ. Түүнээс гадна хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх, өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, мэс засал, протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх, худалдан авах зэрэгт 75 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

Иймэрхүү сайн, дэвшилттэй талууд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд байгаа ч бас анхаарууштай зарим нэг зүйл байх шиг санагддаг. Тухайлбал, эмчлүүлэгч эмнэлэгт хэвтэх хугацаандаа өөрийн халааснаас гарган худалдаж авсан эм тариа, бусад зүйлийн зардлыг тухайн эмнэлгийн байгууллагаас нөхөн төлбөр хэлбэрээр олгох тухай хуулийн заалт байдаг ч амьдралд хэрэгжихгүй байна.

Энэ оны есдүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсэн юм. Нэг тасагт байсан хоёр ч өвчтөн “хангалт байхгүй” гэх шалтгаанаар эмчийн бичиж өгсөн тариаг гаднаас зөөлгөж хэрэглэж байхыг харлаа. Эмчлүүлээд гарахад нь тарианыхаа үнэ мөнгийг авсан эсэх талаар сонирхоход “Сайн эмч нарын буянаар овоо болчихлоо. Өөртөө хийлгэсэн эм, тарианы мөнгийг нэхээд байх ч хаашаа юм бэ” гэж надад дургүйцэх маягтай хэлчхээд явж одсон. Хэдийгээр энэ нь үнэн боловч нэг талаар манайхны нэрэлхүү зан, эдийн засгийн тооцоогүй байдал, нөгөө талаар өнөөх яриад байдаг хүний эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаагийн илрэл гэлтэй.

Бас нэг зүйл нь эрүүл мэндийн гадаад даатгалын асуудал байна. Хэдийгээр манай улсад эрүүл мэндийн салбар, эмчилгээ үйлчилгээ хөгжиж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийж байгаа ч бас мэдэхгүй, эмчилж чадахгүй өвчин эмгэг байсаар байна. Энэ нь гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалт байдгаас харагдана.

Иргэн хүн амьд явах, эрүүл саруул болохын төлөө байдгаа барж хилийн чанадад эмчлүүлээд ирэхэд нь ядаж зардлын нь тодорхой хувийг нөхөн олговор хэлбэрээр олгочихдог хууль, эрх зүйн орчинтой болмоор байгаа юм. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тусгайлан оруулж, гадаад даатгалын системийг хөгжүүлэх, энэ чиглэлийн компаниудыг бий болгож, өрсөлдөөн үүсгэх шаардлага байна. Ганц нэг жилийн дотор хийчих ажил биш нь тодорхой ч тийм суурь үндсийг тавьж байхад буруудахгүй гэж боддог.

Эрүүл биед саруул ухаан оршихын адил урт удаан наслахын үндэс нь эрүүл мэнд билээ. Тиймээс эрүүл мэндийн даатгал нь зөвхөн өвдөж шаналсан, бэртэж гэмтсэний дараах “түргэн тусламж” биш, бас өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх “баталгаа” гэдгийг иргэн бид мартах учиргүй. Үүний төлөө л бид даатгуулдаг, шимтгэлээ төлдөг. Тийм болохоор эрүүл мэндийн даатгалд албан журам, сайн дурын алинаар нь боловч хамрагдах л учиртай.

Зураг