Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэнгийн босгосон “Гэрэгэ” бондын хүчээр Монгол Улс дефольтын эрсдэлээс гарлаа

Т.Сайхан, Зууны мэдээ
2017 оны 10 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкнаас өчигдөр мэдээлэл хийж “...Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болов. Санхүүжилт ирэх сарын эхэнд Монгол Улсад орж ирэх бөгөөд 2018 онд төлөх “Чингис”, “Димсам” бондын эргэн төлөлт хийхэд зарцуулна.

Ийнхүү 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Хятадын Ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцэл, “Чингис” бонд, “Димсам” бондын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн дефольтын эрсдэлээс гарах нөхцөл бүрдлээ” гэж мэдэгдлээ.

Үнэнийг хэлэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 онд төлөх “Чингис”, “Димсам” бондын төлбөрийг хэрхэн төлөх вэ гэдэг дээр хүндрэл байгааг ярьж, гашуудал зарлах шахаад байсан юм. Тэгвэл одоо бондуудын өрийг төлөөд, 2021 он хүргэл гадаад төлбөрийн эргэн төлөлт дефольтын эрсдэлээс мултарсан байна. Энэ бол сайн мэдээ. Энэ “Гэрэгэ” бонд нь хугацаа урт, хүү богино гээд эдийн засагт сайн дэмжлэг болно гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Өөрөөр хэлбэл, “Гэрэгэ” бонд нь “Евро” бондын өрийг төлөхөөр босгож байсан “Хуралдай” бондын 8.75 хувийн хүүгээс ч бага болж чаджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгохоор ажиллаж байсан. Энэ бол манай Засгийн газрын гаргасан хамгийн сүүлчийн бонд.

Би гэрээ хэлэлцээрийг нь эхлүүлж, гарын үсэг зурсан. Бондын хөрөнгөөр өмнө нь гаргасан бондын өрийг дарна гэж ойлгож болно. “Чингис” бонд нэг жилийн 4.125 хувийн хүүтэй байсан. Шинээр гаргаж буй бонд 5.625 хувийн хүүтэй байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэвэл амжилттай босгосон бонд гэж хэлж болно. Бонд босгох ажил Засгийн газар огцорсонтой холбоотой түр саатсан ч шинэ Засгийн газрын тэргүүнд танилцуулаад, аравдугаар сарын 16-наас ажлаа үргэлжлүүлсэн” гэв.

Мөн тэрээр “...Бид өөрсдийгөө сайн ажил хийсэн гэж магтахгүй. Гэхдээ олон түмэн үнэлэлт өгнө биз. Одоогоос 18 сарын өмнө бондын хүү 10.9 хувьтай байсан. Ийм өндөр хүүг бид 5.6 болж буурууллаа. 2012 онд эдийн засгийн өсөлт өндөр байсан тул 4.1 хувийн хүүтэй байсан. Үүнийг 5.6 хувийн хүүтэй бондоор сольж байгаа нь үнэн. Гэхдээ одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд авч байгаа хамгийн бага хүүтэй бонд юм” гэв. Юм үнэнээрээ сайхан. Шуудхан хэлэхэд “Чингис”, “Димсам” бондын өрийг дарсан хүн нь Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн шүү.

Зураг