Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Кеннедийн аллагатай холбоотой 3,000 гаруй нууц баримтыг маргааш дэлгэнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Фицжеральд Кеннедийн аллагатай холбоотой 1960-аад оноос хойш нууц байсан 3,000 гаруй бичиг баримтыг Улаанбаатарын цагаар маргааш нийтэд ил болгох гэж байна.

Аравдугаар сарын 26-ны өдрийг сонгосон нь 1992 оны энэ өдөр Кеннедийн аллагын баримтуудыг цуглуулж, хадгалах тухай хуульд ерөнхийлөгч асан Жорж Буш гарын үсэг зурж байсантай холбоотой билэгдлийн давхцал ажээ.

Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Ли Харви Освальд гэгч зэвсэгт этгээдийн гарт амиа алдсан бөгөөд түүнээс хойш уг хэрэгтэй холбоотой нийтдээ 30,000 орчим засгийн газрын бичиг баримт олон нийтэд хүрч байсан ч ихэнх нь засвартай, эсвэл гол хэсгийг нь хассан байсан юм.

1991 онд Оливер Стоуны найруулсан “JFK” баримтат киног гарах хүртэл хүмүүсийн ихэнх нь уг аллагын талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэхэд болно.

Үүний дараа олны анхаарлын төвд орсон тул дараа жил нь Буш хэргийн нууц бичиг баримттай холбоотой хууль баталж байжээ. Одоо ил гаргах 3,100 орчим баримт нь огт дэлгэгдэж байгаагүй, хамгийн нууц хэсэг нь юм.

Харин маргааш Дональд Трамп уг баримтуудыг бүрэн ил гаргах эсэх нь эргэлзээтэй байна.

АНУ-ын ерөнхийлөгч өөрийн үзэмжээр аль хэсгийг нууцад хэвээр үлдээх, аль хэсгийг олон нийтэд дэлгэхийг шийдэх юм.

 

Эх сурвалж: Business Insider