Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Офшор бүсийн жагсаалтад Хонг Конг, Панам, Швейцарь зэрэг 13 улсыг нэмэхийг шаардаж байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь офшорын эсрэг бүлгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Офшорын эсрэг хуулинд 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт өөрчлөлт хийсэн. Хууль батлагдсанаас хойш Засгийн газар бүтэн дөрвөн сарын дараа офшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан гэдэг мэдээллийг хийсэн. Гэвч тогтоолыг батлахдаа офшор бүсийн жагсаалтыг батлаагүй.

2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр тогтоолын хавсралтаар офшор бүсэд 49 улсыг хамруулсан байна. Хуулийн шаардлага дээр энэ жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк санхүүгийн байгууллагуудаас гаргасан жагсаалтыг харгалзаж, Монголбанк, Сангийн яамны саналыг авч батлах ёстой. Олон улсын байгууллагуудын хамгийн түрүүнд нэрлэсэн 13 орныг энэ жагсаалтаас хассан байна. Жишээ нь Панам, Швейцарь.

Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр Панамыг офшор бүс биш гэсэн хууль эрх зүйн нөхцлийг Засгийн газар бий болгожээ. Тиймээс офшорын эсрэг бүлгээс Ерөнхий сайдад энэ жагсаалтыг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байна. Шинэчлэхдээ жагсаалтаас хасагдсан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг жагсаалтад нэмэх шаардлагатай. Мөн Сингапур улсыг нэмэх ёстой.

Үүнээс гадна жагсаалтыг гаргахдаа тоог нь олон болгох гээд офшор гэж үзэх үндэслэлгүй 11 улсыг нэмсэн байна. Тийм учраас энэ улсуудыг жагсаалтаас хасах саналыг гаргаж байгаа юм” гэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Офшорт орох ёстой гол улсуудыг хасчихаад офшорт байхгүй шахам улсуудыг оруулаад ирсэн байна. Офшорын мөнгө хөгжилтэй орнуудад зэвсгийн наймаа, хар тамхины мөнгө байдаг. Манайх шиг хөгжиж байгаа орнуудын хувьд байгалийн баялаг, газар шороо, усаа зарсан мөнгө офшорт байдаг.

Тийм учраас бид офшортой нийтээрээ тэмцэх хэрэгтэй” гэв.