Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК ажилчиддаа урамшуулал олгосныг АТГ зөрчил гэж үзжээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны аравдугаар сард авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа, авсан арга хэмжээний талаар АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Өнгөрсөн сарын хугацаанд өргөдөл гомдол хүлээн авах 1800-1969 утсаар 69 дуудлага хүлээн авч үүнээс 48 гомдол дээр ажилласан. Иргэдээс ирсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл ИТХ, засаг даргын үйл ажиллагаатай холбоотой 9 өргөдөл гомдол, МХЕГ, газрын алба, гааль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 13 гомдол мэдээлэл ирсэн байна.

Төрийн албан хаагчдад, төрийн өмчит үйлдвэрийн газруудад шагнал урамшууллыг хавтгайруулан олгодог тохиолдлууд их байгаа юм.

Тухайлбал "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, 2017 оны нэгдүгээр улиралд 381 сая төгрөгийн урамшууллыг ажилчиддаа олгосон. Тухайн газар сар бүр албан хаагчдадаа урамшуулал олгодог тогтолцоо бий болсон байна. Энэ нь зарим төрийн байгууллагуудын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний урамшууллыг олгож байгаа юм.

"Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК-ийн хувьд хувийн компаниудтай шилэн кабелийн үйлчилгээгээр өрсөлдөж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл төрийн өмчийн оролцоотой гэдэг байдлаар төр өөрийн оролцоогоо монополь хэлбэрээр тогтоосон хэрнээ эргээд энэ сүлжээгээ төрийн байгууллагуудад өндөр үнээр түрээсэлдэг. Тус компани орлогоо ийм байдлаар бүрдүүлдэг.

Энэ мэтийн тодорхой зөрчлүүдийг илрүүлж зарим шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 50 гаруй төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаад жил орчим болж байна. Үүнээс дөрөвөөс тавд нь хэрэг үүсгэсэн. Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг мөн шалгаж байгаа. 

Монголбанкны удирдлагуудтай холбоотой асуудлыг ЦЕГ-тай хамтран шалгаж байгаа. Уг асуудыг шалгах явцад хэн нэгнийг цагдан хорьсон зүйл байхгүй" гэлээ.

Нийтийн үйлдвэрлэл үйлчилгээний газрын удирдлагуудыг шалгаж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлстсийн дарга Х.Хашбаатар "Нийслэлийн нийтийн үйлдвэрлэл үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтнууд хамаарал бүхий компаниудаараа дамжуулан их хэмжээний мөнгө завшсан болон үйлдвэрлэл бий болгосон зэрэг асуудал гарсан.

Үүнд прокурорын зөвшөөрөлтэй үзлэг нэгжлэг хийгээд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж шалгаж байна. Одоогоор нийтийн үйлдвэрлэл үйлчилгээний газарт 2013-2016 онд ажиллаж байсан удирдлагууд холбогдох ажилтнуудыг шалгаж байна.

"Улаанбаатар төмөр зам"-ын гурван ажилтантай холбоотой асуудал яригддаг. Бид хууль хэрэгжүүлэх талаар албан тоот хүргүүлэхэд ажлаас чөлөөлсөн гэж албан бичиг ирүүлсэн.

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс эдгээр хүмүүсийг ажлаа хийж байна гэсэн үндэслэл гаргасан. Үүний дагуу шалгахад одоогийн байдлаар дээрх гурван хүн ажлаа хийгээгүй байгаа нь тогтоогдсон" гэв.