Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Курдистан тусгаар тогтнох асуудлаа “царцааж”, Багдадтай хэлэлцээр хийх санал тавилаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард болсон тусгаар тогтнолын санал асуулгын дараа Иракийн арми курдын зэвсэгт бүлэглэлийн хяналтад байгаа Курдистаны газар нутгийг эзлэн түрсээр байгаа билээ.

Тэгвэл Курдистаны орон нутгийн захиргаа тусгаар тогтнолын асуудлаа түр хойш тавьж, Багдадтай яриа хэлэлцээр эхлүүлэх саналаа өчигдөр тавьжээ.

Есдүгээр сарын 25-нд тус автономит мужийн саналаа өгсөн иргэдийн 91 гаруй хувь нь Курдын тусгаар улс байгуулахыг дэмжсэн юм.

Мөн Курдистаны захиргаа мужийнхаа нутагт явагдаж байгаа бүх цэргийн ажиллагааг зогсоохыг Багдадын төв засгийн газарт хүссэн байна.

Энэ сарын эхнээс Иракийн арми Курдистаны газрын тосны гол нөөцүүдийг хүч түрэн эзэлж эхэлсэн юм.

Одоогоор Иракийн засгийн газрын цэрэг Киркук хот болон түүний орчмын газар нутгийг эзлээд байгаа ба курдын дайчдын Пешмерга бүлэглэлийн Исламын улс бүлэглэлээс булаан авсан бусад нутгууд руу довтолж байгаа ажээ. Гэвч Эрбил хотод төвлөрдөг Курдистаны захиргаа Ирак-Курдын талууд бие биенийхээ цусыг урсгах ёсгүй гэж үзэж, Иракийн үндсэн хуулийн хүрээнд Багдадын төв засгийн газартай хэлэлцээр эхлүүлэхийг хүссэн байна.

Одоогоор Багдадын талаас ямар нэг хариу өгөөгүй байгаа гэнэ.

Хэрвээ хүсвэл НҮБ талуудын хэлэлцээрт зуучлахад бэлэн байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна.

Ойрх Дорнодын нэг томоохон үндэстэн болох Курдүүд нийтдээ 30 гаруй сая хүн амтай. Тэдний ихэнх нь Турк улсад амьдардаг бол Иракийн Курдистан мужид 8 сая гаруй нь суудаг юм. Мөн Иран, Сири зэрэг улсуудад тархан суурьшжээ.

 

Эх сурвалж: Russia Today