Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Юрий Шахмурадов: Японы охидууд тэгээд бас Монгол гэж хүчтэй өрсөлдөгч байна

Д.Энхтүвшин
2017 оны 10 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

ОХУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн Ерөнхий дасгалжуулагч, профессор Юрий Шахмурадов “WRESTRUS.RU” агентлагт ярилцлага өгөхдөө “Дэлхийд эмэгтэй чөлөөт бөхийн хөгжлийг тодорхойлж байгаа улсуудаар Япон, Америк, ОХУ гээд хэд хэдэн орныг нэрлэх боломжтой. Дээр нь сүүлийн үед тун эвгүй өрсөлдөгчөөр тодроод байгаа Монголын охидыг заавал нэрлэх ёстой” гэсэн байна. Ингээд түүний яриаг сонирхуулъя. 

-Сүүлийн жилүүдэд эмэгтэй чөлөөт бөх хурдацтай хөгжиж байна. Өнөөдөр энэ төрлийг ямар улсын бөхчүүд тэргүүлж явааг та сайн мэдэх хүн. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү? 

“Дэлхийд эмэгтэй чөлөөт бөхийн хөгжлийг тодорхойлж байгаа улсуудаар Япон, Америк, ОХУ, БНХАУ, Канад гээд хэд хэдэн орныг нэрлэх боломжтой. Дээр нь сүүлийн үед тун эвгүй өрсөлдөгчөөр тодроод байгаа Монголын охидыг заавал нэрлэх ёстой. 

Монголын охидууд өнгөрсөн наймдугаар сард Парист болсон ДАШТ-нээс бас нэгэн шинэ аваргатай болсон. 63 кг-д шинээр тодрон гарч ирсэн тэр Монгол охин бол манай Валери Лазинская болон Инна Тразукова нарын тун ширүүн, эвгүй өрсөлдөгч. Гэхдээ тун бяртай тэр охин яваандаа Японы Рисако Кавай нарын зэрэг хүчтэй өрсөлдөгчдөө ч ялан дийлэх боломжтой юм шиг санагдсан шүү. Ер нь Монголын охидыг сайн ажиглан дүгнэлт хийж, тэдэнтэй хэрхэн барилдахаа тооцоолох ёстой болж байна.

-Гэхдээ Монголын охид 2015 онд Санкт-Петербургт болсон шилдэг найман багийн “Дэлхийн цом”-д манай эмэгтэйчүүдийн шигшээ багт тус болж байсан санагдах юм? 

-Тухайн үед тиймэрхүү зүйл болж байсан нь үнэн л дээ. Тэгэхэд Монголын охид “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртэж байсан. За байз би андуураагүй бол тухайн үед Монголын охидын баг хоёр ч дэлхийн аваргатай хүчирхэг бүрэлдэхүүнтэй оролцож байсан. Бас л би андуураагүй бол тэд хэсэгтээ Швед, Украйны багуудыг хожоод манай охидод 5:3 харьцаагаар хожигдоод хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын багийг 5:3-аар буулган авч байсан санагдана. Тэр тэмцээнд Монголын охид Украйны багийг хол тасархай хожсоноор манай баг мөнгөн медаль хүртэж байсан юм. Үүнийг нь ч үнэлж медаль гардуулах үеэр бид тэдэнд баяр хүргэж байсан юм. 

-Тухайн үед нутагтаа болсон тэмцээнд ОХУ-ын багаас арай илүү амжилт хүлээж байсан олон хүн бий. Тэдэнд хандаж ямар тайлбар хийж байв даа? 

-Хариуцлагатай хэр нь, хүндхэн ялагдлын дараа тайлбар хийгээд байх нь тийм ч зөв зүйтэй санагдаагүй гэх үү дээ. Тэгээд ч хүсээгүй юм. Хэсэг хугацаанд болоод өнгөрсөн бүх барилдаанд дүгнэлт хийх шаардлагатай байсан. Гэхдээ би одоо ч гэсэн тухайн “Дэлхийн цом”-д манай бөхчүүд хэрхэн барилдсан үр дүнгийн талаар ярихыг хүсэхгүй байна. Харин бидний үндсэн суурь ямархуу байгаа талаар ярих хэрэгтэй болов уу. Товчхондоо бид тэгэхэд боломжоо бүрэн ашиглаж чадаагүй.

Энэ нь мэдээж манай охидууд Украйн, Монгол, Японы охидоос тэмцэх чадвараар сул дорой байсантай холбоотой. Энэ нь бид бүхнийг бэлтгэлжилтээ бүр эхнээс нь анхаарахыг сануулсан юм. Ер нь манай өрсөлдөгчид барилдааны эхнээс эцсийн минут хүртэл бүх хүчээрээ тэмцэлдэж чадаж байгаа чадвараас бид суралцах шаардлагатай болсон. 

-Монголын охид сүүлийн жилүүдэд яагаад гэнэтхэн хүчирхэгжсэн талаар та ямар бодолтой байна? 

-Хамгийн гол нь манай охидууд хүчтэй өрсөлдөгчтэйгөө барилдахдаа биеэ барьж нэг ёсондоо айгаад байна. Тэд уг нь зодолдох гэж ирээгүй шүү дээ. Яагаад Монгол охид улсынхаа аварга шалгаруулах тэмцээнээ дөнгөж дуусгаад хоёрхон хоногийн дараа Ярыгиний тэмцээнд хүрэлцэн ирж чадаж байна. Гэтэл манай аль ч охин хэзээ л бол хэзээ бэртэл авахад бэлэн байдаг.

Тийм болохоор тэд улс доторх тэмцээнээс халширч, болж л өгвөл оролцохгүй санаатай байдаг. Би алдарт хоккейчин В.Фетисовын “Би хоккей тоглосон 26 жилд томхон гэмтэл авч үзээгүй. Яагаад гэвэл би үргэлж дээд зэргийн бэлтгэлжилттэй, байнга бүхний өмнө явдаг байсан. Үргэлж хамгийн шилдэг нь байхын төлөө бэлтгэлээ хариуцлагатай хийдэг байсан. Тамирчид яагаад гэмтэл авдаг вэ гэвэл залхуурч, хойш суун бэлтгэл нь ханаагүй үед л авдаг” гэсэн үгийг байнга бодож явдаг. Түүний энэ үг бол жинхэнэ мэргэжлийн талын дүгнэлт. Гэтэл бид яг эсрэгээр нь яваад байгаагаас болж амжилт олигтой ахихгүй байна. 

-Парист болсон ДАШТ-т түрүүлбэл 50 мянган ам.доллар амласан ч манай охид ганцхан хүрэл медальтай л ирсэн. Энэ юунаас болов? 

-Мэдээж бид сорилт барилдаан хийж жин тус бүрийн бөхчүүдээ сонгоод Парист очсон. Гэсэн ч эцэст нь хэний ч таамаглаагүй үр дүн үзүүлж 63 кг-д барилдсан Валери Лазинская л ганц хүрэл медаль хүртэж үнэхээр сулхан оролцсон. Ер нь Парисаас ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг 2005 оноос хойш анх удаа ганц ч алтан медальгүй ирцгээсэн дээ. Уг нь бид Парисын ДАШТ-ний өмнөх бэлтгэлийг сайн бүр дээд зэргээр гэж хэлж болохуйц хангасан байсан.

Бөхчүүдийн сэтгэл санаа ч маш сайн байсан гэж хэлж болно. Нөгөөтээгүүр ганц ч бөх ямар нэгэн гэмтэл бэртэлгүй Парист очоод байсан юм. Парисын ДАШТ-нд оролцсон манай найман бөхийн дөрөв нь уг тэмцээний өмнөх бүх сорилт, халз барилдаануудад онцгой тасархай түрүүлж байсан нь ихээхэн найдвар төрүүлж байсан ч эцэстээ бид ганцхан хүрэл медаль дээр л буусан. 

-Одоо таны сэтгэлийг гол нь юу түгшээж байна? 

-Өөрийнхөө үүрэг хариуцлагын талаар энэ удаа ярихгүй. Хамгийн гол миний сэтгэлийг зовоож байгаа асуудал нь шигшээ багт багтсан тамирчдын хувийн дасгалжуулагч нар болоод байна. Тэдний хооронд маш гүн гүнзгий харилцаа тогтсон байдаг. Тэдний гол зорилго нь шигшээ багт багтахад л оршдог. Нэгэнтээ шигшээ багт хамрагдсан л бол цаашдын үр дүн ямар ч ач холбогдолгүй мэт болчихдог. Уг нь тэд зүв зүгээр тамирчдаа хараад зогсож байхын оронд бөхчүүдээ бүх хүчээрээ тэмцэлддэг чанарт цаг ямагт сургах учиртай.

Жишээ нь Мария Гурова, Валерия Коблова нарын дасгалжуулагч Чернов байна. Тэд одоо хуучин бүх арга техникээ өөрчилж, орчин үеийн арга барил, тэмцэлдэх чанарт зайлшгүй суралцах шаардлагатай байна. Үндсэндээ барилдааныхаа арга мэхийг огт өөр болгох хэрэгтэй байна. Өөр хоорондоо л байнга гар зөрүүлж байхын оронд шинэ хүчтэй, илүү чадварлаг өрсөлдөгчидтэй гар зөрүүлж байж бэлтгэлийн чанар сайжирна.

Жишээлбэл Монголын охид дэвжээн дээр гарсан л бол ямар ч дүрэм журамд үл баригдан чөлөөтэй ажиллаж чадаж байна. Бидэнд барилдааны энэ чанар, тухайн агшинг өөртөө ашигтайгаар эргүүлэх хурд үнэхээр дутагдаж байна. Харин Наталья Воробьевагийн дасгалжуулагч Герчегло, Исламов нар сайн ажиллаж байгаа. Гэхдээ л бүрэн төгс гэж хэлж боломгүй. Зарим зүйлийг гэртээ давтах хэрэгтэй. Инна Тражукова болон дасгалжуулагч Голубовский нарын тухай хэлэхгүй өнгөрч болохгүй. Сүүлийн үед бэлтгэл дасгалжуулалт нь илт муудаад халз барилдаанд ялагдан Парис явж чадаагүй. 

Би Олимпын шигшээ багт тамирчдыг ямар шалгуураар авдаг байсныг сайн санахгүй байна. Гэхдээ одоо бол маш шударга шүүлтүүрээр тодруулах ёстой гэдгийг л мэдэж байна. Яг энэ шалгуурыг би Ирина Ологонова болон түүний дасгалжуулагч Бузин нарт тавих ёстой гэж бодож байна. Тэд барилдааныхаа техникийг сайжруулах гэж ерөөсөө хичээхгүй, хөдөлмөрлөхгүй байна. Ур чадвараа хөгжүүлэхгүйгээр яаж ялалтад хүрэх юм бэ

. Үүнээсээ ч болж шигшээ багт харьяалалгүй болж байна. Би дахиад хэлье. Маш чанартай, хариуцлагатай бэлтгэлийг тус тусдаа хангахгүйгээр шигшээ баг дээр цуглан 15-хан хоногт тэдний сэтгэлзүй болон биеийн бэлтгэлийг зохих түвшинд хангана гэж байхгүй. Бидний эсрэг ямар хүчтэй биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлтэй багууд зогсож байгаад маш ноцтой дүгнэлт хийх цаг болсон. Жишээлбэл энд би Япон, Америк, Канад, Украйн, БНХАУ-ын охидыг нэрлэхгүйгээр Монголын охидыг нэрлэхэд л болж байна.

-2020 оны олимп Японы Токиод болно. Японы шигшээ баг ч одооноос залуу бөхчүүдээ сайтар бэлтгэлжүүлж олимпт хол тасархай түрүүлэхээр шаргуу бэлдэж байх шиг байна. Харин манай шигшээ багт тиймэрхүү шинэчлэл хийгдэж сайн залуу бөхчүүд нэмэгдэж байна уу? 

-Уг нь манай улс бол бөхийн аль ч төрлөөр дэлхийд тэргүүлэх гүрэн гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Гэтэл сүүлийн хоёр гуравхан жилд шигшээ багийн залгамж чанар илэрхий ганхаж эхэллээ. Хамгийн гол нь бөхийн спортод сэтгэл зүрхээ өгч, байнгын эрчимтэй бэлтгэл сургуулилт хийдэг залуу бөхчүүд цөөрч байна. Бид цоо шинэ арга барилаар Токиогийн олимпын бэлтгэлийг явуулах зайлшгүй шаардлагатай болсон. Гэтэл шинэ залуу сайн бөхчүүд дороос гарч ирэхгүй байгаа нь сэтгэл зовоож байна. 

Түүнээс гадна эмэгтэй чөлөөт бөх эрчимтэй хөгжиж байгаа орнуудад очиж хамтарсан бэлтгэлд олон удаа хамрагдмаар байдаг. Гэтэл холбооны удирдлагын зүгээс эдгээр асуудалд олигтой шийдвэр гаргахгүй л сууцгаагаад байна. Асуудал, бэрхшээл бол олон байна. Хамгийн сүүлд гэхэд л Парисын ДАШТ-ний 60-кг-д барилдаж байхдаа өвдөгний арын шөрмөсөө тасалсан Любовь Овчарова Краснодарт мэс засал хийлгэсэн. Түүнийг 2018 оны ДАШТ-нд оролцох боломжтой болох байх гэж найдаж байгаа. 
Одоогоор ийм л зүйл хэлэх боломжтой байна.

Зураг