Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ур чадварын тэмцээнээс гагнуурын төрлөөр ТУСГАЙ БАЙР эзэлжээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн /ДУЧТ/ энэ сарын 14-19-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон билээ. Тус тэмцээнд амжилттай оролцсон оролцогчид болон эксперт багш нарыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Манай улс 2015 оны 43 дах удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан ба энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцжээ.

59 орны 1,300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор тусгай байрын шагнал хүртсэнээс гадна Үндэсний шилдэг оролцогчоор шалгарсан юм. 

Монгол оролцогчид ямар ч зүйлийн эвийг нь олж, нягт нямбай хийдэг нь том давуу тал болсон

 
Гэрэл зургийг mpa.mn

ДУЧТ-ний тусгай байрын шагналт, Үндэсний шилдэг оролцогч Ж.Жанлав-Ойдов "Энэ тэмцээнд оролцохын тулд зургаан сар бэлтгэлээ хангасан. Тэмцээнд нийт хавтан лист, яндан, жижиг оврын зуух, хөнгөн цагаан, энержи хийц гэх дөрвөн модуль гагнасан.

Бусад орны оролцогчид 1-2 жилийн хугацаанд бэлтгэлээ базаасан. Харин манай оролцогчид зургаан сарын хугацаанд бэлдсэн учир бэлтгэл хангалтгүй байдал тэмцээний дүнд нөлөөлсөн гэж бодож байгаа. Цаашдаа тэмцээнд оролцох багийг урт хугацааны турш бэлдвэл илүү амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Мөн Монгол хүүхдүүд ямар ч зүйлийн эвийг нь олж, нягт нямбай хийдэг нь том давуу тал болсон. Хамт оролцсон багийнхан болон багш нар, дэмжигч байгууллагуудад талархсанаа илэрхийлье" гэлээ.

Монголын бусад таван оролцогчийн хувьд 2015 оны оноог мэргэжил тус бүрт ахиулсан нь энэ удаагийн тэмцээний гол амжилтын нэг юм. Мөн тэмцээний эксперт багшаар ДЦС-4-ийн Металл судлал, гагнуурын лабораторийн эрхлэгч С.Батсайхан хоёр дахь удаагаа ажилласан байна.

Монгол Улс гагнуурын хөгжлөөр дэлхийн шилдгийн эгнээнд багтсан гэдгийг нотоллоо

 
Гэрэл зургийг mpa.mn

О.Батсайхан "Бид зорьсон амжилтандаа хүрлээ. Ур чадварын тэмцээний 700 онооны босгыг давсан нь гагнуурын хөгжлөөр Монгол Улс дэлхийн шилдгийн эгнээнд багтсан гэдгийг нотолж байна. 

Гагнуурын бэлтгэл ажил хангахад өртөг өндөртэй байдаг учраас хүндрэлтэй байдаг. Хэдий материаллаг ур чадварын баазтай улстай харьцуулахад сайн бэлдэж чадаагүй ч ийнхүү амжилт үзүүлсэнд баяртай байна. 

Энэхүү тэмцээн нь оролцож буй орны мэргэжлийн боловсрол, тухайн мэргэжил  ямар түвшинд буйг нотолдог учраас дараагийн тэмцээнд бэлтгэл сайтай оролцох нь зүйтэй" гэсэн юм.

ХНХ-ын сайд С.Чинзориг тэмцээд амжилттай оролцсон оролцогчид, эскперт багш нар, дэмжигч байгууллагуудад баяр хүргэн, талархал, мөнгөн шагнал гардууллаа.

Бусад оронтой харьцуулахад бид нар материаллаг баазын хувьд түвшин доогуур байна 

 
Гэрэл зургийг mpa.mn

С.Чинзориг "Энэ удаагийн тэмцээнд оролцоход олон улсын байгууллага, донор байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Бусад оронтой харьцуулахад бид нар материаллаг баазын хувьд түвшин доогуур байгаа. 

2015 онд анх тэмцээнд оролцоход тэмцээний шаардлагыг хангахгүй байсан учир хоёр сарын хугацаанд БНСУ-д бэлдэж байсан туршлага бий. Тиймээс цаашдаа засгийн газраас ДУЧТ-д оролцоход шаардлагатай байгаа материаллаг баазыг бүрдүүлэхэд анхаарах болно" гэлээ.

Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань, 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод тус тус зохион байгуулагдах юм байна

Тэмцээнд оролцсон багын гишүүдэд:

  • Гагнуурын мэргэжлийн төрөлд Ж.Жанлав-Ойдов. 18 настай, Техник технологийн политехник, коллежийн төгсөгч. Эксперт багш: ДЦС-4-ийн Металл судлал, гагнуурын лабораторийн эрхлэгч С.Батсайхан /2015 онд мөн эксперт багшаар ажиллаж байсан/
  • Барилгын өрөг-угсралтын төрөлд Ц.Мягмарсүрэн. 17 настай, Барилгын политехникийн коллежийн оюутан. Эксперт багш: Барилгын политехник коллежийн Өрөг угсралт мэргэжлийн багш Л.Эрдэнэчулуун
  • Сантехникийн төрөлд Ц.Долгормаа. 18 настай, Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгч. Эксперт багш: Ховд аймгийн "Хөгжил" политехникийг коллежийн багш С.Батаа
  • Мужааны төрөлд Н.Эрдэнэмөнх. 20 настай, Техник технологийн политехник, коллежийн төгсөгч. Эксперт багш: ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн ахлах багш Ц.Мөнхмандах
  • Цахилгааны төрөлд Л.Төгөлдөр. 19 настай, Налайх МСҮТ-ийн төгсөгч. Эксперт багш: Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн цахилгааны багш Б.Эрдэнэ
  • Тогооч мэргэжлийн төрөлд Б.Дагвасүрэн Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч. Эксперт багш: Монголын зочлох үйлчилгээний холбооны зөвлөх Г.Мөнгөндолгио
  • Багийн ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын хэлтсийн дарга А.Халиунаа

Дэлхийн 59 орон оролцсон Дэлхийн ур чадварын тэмцээний танилцуулга бичлэгийг хүргэж байна.

ВИДЕО: