Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаагаар бизнесийн орчинд сүүлийн гурван жилд эерэг өөрчлөлт гараагүй дүн гарчээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

"Бизнесийн орчинд сүүлийн гурван жилд эерэг өөрчлөлт гараагүй.  Нэн ялангуяа засаглал, хууль, эрх зүй, эдийн засгийн орчин хамгийн ихээр муудсан" гэж  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран хийсэн "Монголын бизнесийн орчны судалгаа"-нд дурджээ.

Нийт 2,010 аж ахуйн нэгжийг хамруулсан өргөн хүрээний судалгааны сонирхолтой дүнг өнөөдөр МҮХАҮТ-д танилцууллаа. 

Тус судалгаагаар бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлсэд ерөнхий болон нарийвчилсан дүгнэлт хийж, бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохыг зорьжээ. 

 

Бизнесийн Сургуулийн профессор, судалгааны багийн ахлах Б.Даваасүрэн "Судалгааг бид олон улсад нэр хүндтэй Япон, Энэтхэг зэрэг улсын туршлагыг судалж хийсэн. Судалгааны дүнгээр бизнесийнхэн маш муу орчинд үйл ажиллагаа явуулж байгаа дүн гарсан. Тодруулбал, санхүүгийн зах зээлийн зохицуулалт бизнесийнхэнд тааламжгүй байсан.

Банкнаас зээл авах буюу хөрөнгийн эх үүсвэрээ босгоход хамгийн их асуудалтай байдаг гэдгийг судалгаанд оролцогчид онцолсон. Мөн Засаглал болон эрх зүйн орчин хамгийн муу үнэлгээ авсан.

Энэ нь улс төрийн тогтворгүй байдал бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Түүнчлэн бизнес эрхлэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, импортын бараанаас хамгаалж өгөхийг хүсэж байна" гэлээ. 

Монголын бизнесийн орчны сүүлийн гурван жилийн өөрчлөлт

Бизнесийн орчны өөрчлөлтийн дундаж үнэлгээ нь хангалтгүй буюу 2.62 хувь гарсан нь бизнесийн орчин муудсан гэсэн хариулттай дүйж байна. Үүнд хүн амын худалдан авах чадвар, Засгийн газрын үйл ажиллагаа, институциудын уялдаа холбоо зэрэг үзүүлэлтүүд нь сүүлийн гурван жилд бусад үзүүлэлтээс илүүтэйгээр муудсан болохыг бизнес эрхлэгчид онцолжээ. Судалгааны хамгийн дээд оноо долоо байсан бөгөөд үүнээс манай улсын бизнесийн орчны өөрчлөлтийн дундаж үнэлгээ 2.62 хувь гарчээ. 

Мөн Улаанбаатар болон баруун аймгуудын бизнесийн орчны үзүүлэлт нь бусад бүс нутагтай харьцуулахад тааруу байгаа юм. 

Бизнесийн орчны дээгүүр үнэлэгдсэн гурван үзүүлэлтэд:

  • Технологи, харилцаа холбоо
  • Үндсэн дэд бүтэц,
  • Бизнесийн байгууллагын удирдлага зохион байгуулалт

Бизнесийн орчны доогуур үнэлэгдсэн гурван үзүүлэлтэд:

  • Засгийн газрын институцын тогтолцоо, уялдаа холбоо
  • Засгийн газрын үйл ажиллагаа
  • Хүн ам зүйн хүчин зүйл /Худалдан авах чадвар/

Эндээс хүн амын бодит худалдан авах чадвар, түүний бууралт нь Монголын бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна. Эдгээрээс хамаарч бизнесийн орчин бүхэлдээ муу үнэлгээг авсан. Өөрөөр хэлбэл эдийн засагт тохиолдож буй аливаа хямралын шалтгаан нь засаглал, хууль эрх зүйн хүчин зүйлээс шууд хамааралтай байна гэж судлаачид дүгнэжээ. 

Монгол Улсад бизнес эрхлэхэд гардаг нийтлэг хүндрэл

 

Шинэ бизнес эхлүүлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдэд:

Монгол Улсад шинэ бизнес эрхлэлтийг дэмжих, түүнийг хөгжүүлэх таатай орчин, экосистемийг бий болгох нь өнөөгийн бизнесийн салбарын тулгамдсан асуудлын нэг болсон талаар судлаачид хэлж байна. 

Шинээр бизнес эхлүүлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол хөрөнгө мөнгөний асуудал гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь хариулсан байна. Түүнчлэн бизнес эхлэхэд гарах зардал, зарцуулах хугацаа, бүртгүүлэх, аж ахуйн нэгжийн нэр авах зэргийг дурджээ. 

Шинэ бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлыг бүс нутгийн хүрээнд авч үзвэл хангайн бүс, Улаанбаатар, баруун бүсүүдэд илүү хүндрэлтэй байгаа аж. 

Мөн бизнес эрхлэгчдэд хамгийн их бэрхшээлийг учруулж байгаа хөрөнгийн эх үүсвэр болон гарах зардлыг бууруулахын тулд бизнес төсөлд нь үнэлгээ хийсний үндсэн дээр хөрөнгө шаардахгүйгээр, аль болох бага хүүтэй зээлийг олгох нь чухал байгаа юм байна. 

Судалгаанд оролцогчдын хувьд ААН-ийн хэмжээнээс хамаарахгүйгээр татвартай холбоотой нийтлэг хүндрэл болох татварын орчин бүрдээгүй, татварын хувь хэмжээ их байгаа нь бизнес эрхлэхэд хүндрэл үзүүлдэг гэжээ. Төрөөс татварын эрүүл таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, татварын хувь хэмжээний шатлалыг дахин нягталж үзэх, шинээр эхэлж байгаа бизнесүүдийг эхний ээлжид татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна. 

Мөн судалгаанд ААН-үүд дампуурлаа зарлахад хуулийн байгууллага муу ажилладаг бөгөөд аль, аль талууд хохиролтой үлддэг гэжээ. 

Гадаад худалдаа эрхлэхэд гардаг нийтлэг хүндрэлүүдэд:

Гадаад худалдаа эрхлэгчид улсын хил давахаас өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нийтлэг хүндрэлүүд байгаа эсэхийг тодруулахад дотоодын тээвэрлэлт, гаалийн татвар, экспорт, импортын бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулах цаг зэрэг нь хамгийн хүндрэлтэй байдгийг хэлжээ. 

Гадаад худалдааны түнш орнуудын нутаг дэвсгэр дээр гардаг нийтлэг хүндрэлүүдэд:

Гадаад худалдаа эрхлэгчид улсын хил давсны дараа буюу бусад орны нутагт ямар нийтлэг хүндрэл байгааг тодруулахад түнш орны импортын гаалийн татвар, стандарт, хорио цээр, транзит тээврийн зардал, зардал нэмэгдэх зэрэг нь хүндрэлтэй гэж үзсэн байна. 

Судалгаанд оролцогчдоос хөрш орнуудын хил гааль дээр хүндрэл учирч буйг тодруулахад 57 хувь нь ОХУ, 55 хувь нь БНХАУ-ын гааль гэж хариулжээ. 

Бизнесийн орчныг сайжруулахад хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд: 

Бизнесийн орчныг сайжруулахад хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг дараах байдлаар тодорхойлжээ.

  1. Татварын дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх
  2. Зээлийн хүүг бууруулах, зээлийн хэмжээнд уян хатан хандах, банк санхүүгийн зээл процессыг хялбаршуулах, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
  3. Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих оновчтой бодлоготой байх
  4. Авлига хээл хахууль, хүнд суртлыг арилгах, шударга өрсөлдөөн, эдийн засгийн таатай орчинг бий болгох
  5. Тогтвортой, алсын хараатай залгамж холбоотой төрийн бодлого явуулах, сайдууд болон төрийн боловсон хүчнийг сонгохдоо салбарын мэдлэгтэй мэргэшсэн хүнийг шалгаруулж томилдог байх
  6. Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх
  7. Ядуурлыг бууруулж, ажлын байраар хангах
  8. Дэд бүтэц, тэр дундаа орон нутгийн авто замыг сайжруулах, хот төлөвлөлтийг оновчтой хийх зэрэг зөвлөмжийг судалгаанд тусгажээ. 

Уг судалгаанаас гарсан зөвлөмжүүдийг тухайн асуудал хариуцсан холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг судалгааны багийнхан онцолж байлаа.