Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Аз жаргалын тухай Эйнштэйний бичээсийг дуудлага худалдаагаар зарах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

95 жилийн өмнө Альберт Эйнштэйний Токиогийн шуудан зөөгчид бичиж өгсөн аз жаргалтай амьдралын тухай бяцхан тодорхойлолтыг Иерусалемд болох дуудлага худалдаагаар зарах гэж байна.

1922 онд харьцангуйн онолоороо алдаршсан Герман физикч Японд илтгэл тавихаар очиж байжээ. Тухайн үед нэрт эрдэмтэн өөрийгөө Нобелийн шагнал хүртсэнийг дөнгөж сонсоод байсан бөгөөд алдар нэр нь эрдэмтдийн хүрээнээс хальж эхэлж байсан юм.

Токиогийн Империал Зочид буудалд буугаад байсан Эйнштэйнд нэгэн япон шуудан зөөгч захиа хүргэж өгсөн байна. Япон уламжлалаар шуудан зөөгч гар цайлгах мөнгө авахаас татгалзжээ. Гэвч Эйнштэйн шуудан зөөгчийг гар хоосон буцаахыг хүссэнгүй, тэмдэглэлийн хуудсан дээр өөрийн гараар хэдэн өгүүлбэр бичээд өгч байсан аж.

Эрдэмтний бичсэн эхний өгүүлбэр нь “Магадгүй хэрвээ чи азтай бол энэ бичээс ердийн гар цайлгах мөнгөнөөс илүү үнэ хүрч болох юм” гэсэн байна. Харин дараа нь тэр “амжилтаар хөөцөлдсөн тайван бус амьдралаас нам гүм, даруухан амьдрал хүнд илүү аз жаргал өгдөг юм шүү” гэж Герман хэлээр бичжээ.

Бас цааш нь “Хүсэл байгаа цагт арга зам олдоно” гэж бичсэн байна.

Уг бичээсийг шуудан зөөгчийн төрөл садан болох хүн саяхан ил гаргаж, зарахаар шийдсэн гэнэ. Бичээсийн утгыг харвал нэрт эрдэмтэн маань алдаршиж эхэлж байхдаа төрсөн мэдрэмжээ бичиж үлдээсэн байх магадлалтай байна.

Уг жижигхэн цаас нь хэдийгээр шинжлэх ухаантай ямар ч холбоогүй ч алдарт эрдэмтний амьдралын тухай хувийн үзэл бодлыг илэрхийлсэн ховор дурсгалд тооцогдож байгааг Иерусалемын Хебреү их сургуульд байдаг Эйнштэйний хамгийн том цуглуулгын архивч Рони Грош хэлжээ.

Дээрх бичээсийг Эйнштэйний бусад захидлуудын хамт маргааш буюу Мягмар гарагт Иерусалемын Winner’s дуудлага худалдаан дээр зарах гэнэ.

 

Эх сурвалж: Japan Times