Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабэг сайн санааны элчээр томилсон шийдвэрээ ДЭМБ цуцаллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабэг өөрийн байгууллагын сайн санааны элч болгож байгаагаа зарласан юм.

Үүнийгээ тэр Зимбабве улс бодлогынхоо төвд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилтыг тавьж, амжилттай хэрэгжүүлж байгаа гэж тайлбарласан байна.

Гэвч түүний шийдвэрийг олон улсын байгууллагууд хүчтэй эсэргүүцэж байв. Тэд Мугабэг ийм алдар нэр хүртэх эрхтэй хүн гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж байжээ.

Ингээд Ням гарагт ДЭМБ шийдвэрээ цуцалж байгаагаа вэбсайтдаа зарласан байна.

Тедрос нь ДЭМБ-ын тэргүүн болохоосоо өмнө Этиоп улсын эрүүл мэндийн сайдын албыг хашиж байсан юм. Түүнийг ДЭМБ-ын өндөр албан тушаалд нэр дэвших үед Африкийн Холбоог Мугабэ тэргүүлж, Тедросыг Африк тивээс томилогдоход дэмжлэг үзүүлж байжээ.

93 настай Мугабэ Зимбабве улсын эдийн засгийг доройтуулж, 37 жил тус улсын засгийн эрхийг барихдаа хүний эрхийг олон удаа зөрчиж байсан гэж Өрнөдийн орнууд шүүмжилдэг юм.

ДЭМБ-ын хамгийн том хандивлагч гэгддэг АНУ түүнийг хүний эрх зөрчдөг гэж үзэн Зимбабвед эдийн засгийн хориг тавиад байгаа.

ДЭМБ 2014-2015 онд Баруун Африкт дэгдэж, 11,000 гаруй хүний аминд хүрсэн Эбола вирусны тахалын улмаас нэр хүнд нь нэлээд унасан. Шинэ ерөнхий захирал Тедрос нь байгууллагынхаа нэр хүндийг сэргээх хүндхэн даалгавартай ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters