Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ял шийтгүүлсэн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОО ЯАГААД 60% ӨСӨВ?

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN

Энэ оны есдүгээр сарын байдлаар ял шийтгүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо 40-60 хувиар өссөн гэсэн мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс танилцуулсан билээ.

Нийт ял, шийтгэл авсан иргэдийн дунд эзлэх хувь бага байдаг тэдний гэмт хэрэг үйлдэх тохиолдол чухам яагаад ийм их хэмжээгээр нэмэгдэв гэдэг анхаарал татахгүй байхын аргагүй сэдэв юм. 

Харин бид энэ талаар судалтал хүүхдийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг дагнан судалдаг байгууллага төдийлөн олдсонгүй. Харин эмэгтэйчүүдийн гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн талаар ХСИС-ийн ЦС-ийн Мөрдөх албаны тэнхимийн ахлах багш, доктор \Ph.D\, цагдаагийн хошууч  Ж.Нямдуламтай таарч түүнээс дараах ярилцлагыг авлаа. 

Залилангийн гэмт хэргийн 40-50 хувийг эмэгтэйчүүд үйлдэж байна
 

- Эмэгтэйчүүдийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихсэх шалтгааны талаар та тайлбарлахгүй юу?

- Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо өсөн нэмэгдэж байна. Тухайлбал гэр бүл, байгууллага, хувийн хэвшил, улс төрд ч эмэгтэйчүүд манлайлж байгаа. Энэ хирээр нийгмийн сөрөг үзэгдэлд өртөх, гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох болсон. Тиймээс энэ чиглэлээр судлах, үүнтэй тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгох саналыг дэвшүүлэх шаардлага гарсан. 

Энэ оны долоодугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн шинэ Эрүүгийн хууль, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон харилцааг зохицуулахад анхаарч байгаа. Манай улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн үйлдэж байгаа гэмт хэргийг сүүлийн 10 жилээр авч үзвэл тогтвортой өсөх хандлагатай байна.

-Нийт ял шийтгүүлсэн хүний хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна?

-2016 онд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийт 5,762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 6,566 хүнд ял шийтгэл оногдуулснаас 518 нь эмэгтэй хүн байна.

2013-2016 онд улсын хэмжээнд нийт 94,685 гэмт хэрэг бүртгэгдсэний 14,129 буюу 15 хувийг эмэгтэй хүн үйлдсэн гэмт хэрэг эзэлж байгаа юм. 

График 1, 2013-2016 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг хүйсээр, 

График 2,  2016 онд бүртгэгдсэн эмэгтэйчүүдийн үйлдсэн гэмт хэргийг ангиллаар нь авч үзвэл, 

  • 2,218 хэрэг буюу 63.1 хувийг хөнгөн,
  • 1,054 хэрэг буюу 30 хувийг хүндэвтэр,
  • 167 хэрэг буюу 4.7 хувийг хүнд,
  • 77 хэрэг буюу 2.2 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна.

- Эмэгтэйчүүдийн гэмт хэрэг үйлдэх шалтгааныг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

- Манай улсад эмэгтэйчүүдийн үйлдэж буй гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг дараах байдлаар тодорхойлж болох юм. 

  1. Нийгмийн зүгээс нөлөөлж буй уламжлалт сөрөг хандлага. Гэр бүл, нийгмийн олон талт харилцаанд эмэгтэйчүүдийг дорд үзэх, хүлээн зөвшөөрөхгүй байх, эрэгтэй хүйсийн дараа түүний эрх, ашиг, боломж тавигдах гэх мэт хандлага
  2. Эдийн засгийн хувьд орлогогүй, орлого багатай, эдийн засгийн эрх мэдэлгүй, хараат байдал. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гол шалтгаан нь амар хялбар аргаар мөнгө, ашиг олох явдал юм. Эмэгтэйчүүдээс энэ төрлийн гэмт хэргийг зонхилон үйлдэж байгаа нь гэр бүлд тэдний үүрэг, хариуцлага өндөр байгааг илтгэж байна. Бага орлоготой, өрх толгойлсон эмэгтэйчүүд, мөн архинд донтсон, гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг гэсэн голлох нөхцөлөөр тэд гэмт хэрэг үйлдэж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Харин бусдын бие махбодод гэмтэл учруулах, хүнийг санаатай алах гэмт хэрэг хэдийгээр эмэгтэйчүүдээс үйлдэх гэмт хэргийн хувийн жинд эзлэх хувь бага байгаа ч нийгмийн хор аюул их энэ гэмт хэргийг анхаарлаас гадуур орхих ёсгүй юм
  3. Улс төр. Төр засгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн баталгаа, гэр бүл, хүүхдэдээ анхаарах, сурч боловсрох, хөдөлмөрлөх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн бодлого, шийдвэр гаргаж байгаа ч төдийлөн үр дүнтэй биш байна. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлэх төрийн механизм боловсронгуй бус байгаа явдал
  4. Эмэгтэйчүүдийн нийгмийн олон талт харилцаанд оролцох оролцоо өсөн нэмэгдсэн байдал. Тухайлбал: Эрэгтэйчүүдийн гэр бүл дэхь хариуцлага суларч, өрх толгойлсон ганц бие ээжүүдийн тоо нэмэгдэж, улмаар гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг хариуцлага эмэгтэйчүүдийн амьдралын зорилго болсон явдал,
  5.  Бие, физиологийн хувьд сул дорой, аймхай, ичимхий, сэтгэл гутралд амархан өртөх, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдал
  6. Хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах орчин нөхцөл тааруу буюу эрэгтэйчүүдтэй харьцуулахад доогуур үнэлгээтэй байгаа явдал,
  7. Архидалт. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 40 орчим хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.
  8.  Гэр бүлийн хүчирхийлэл
  9.  Хохирогчийн гэм буруутай зан үйл зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж байна. 

- Эмэгтэйчүүд ямар төрлийн гэмт хэргээр түлхүү шийтгүүлж байгаа бол?

- Эмэгтэйчүүдийн үйлдэж буй нийт гэмт хэргийг бүтэц, төрлөөр нь авч үзвэл:
  • бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн 45.0 хувь нь,
  • бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн 34.2 хувь нь,
  • бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэргийн 12.5 хувь нь,
  • тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн 11.9 хувь нь,
  • аж ахуйн эсрэг гэмт хэргийн 9.2 хувь нь,
  • хүнийг санаатай алах гэмт хэргийн 8 хувь нь,
  • танхайрах гэмт хэргийн 7.2 хувь нь,
  • бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн 6.3 хувь нь,
  • бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийн 3.4 хувь нь,
  • бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн 2.1 хувь нь тус тус эмэгтэй хүн үйлдсэн хэрэг бүртгэгджээ. 

Эмэгтэйчүүдээс үйлдэж буй гэмт хэргийн криминологи шинжид эмэгтэй хүн бие физиологийн онцлогтоо тохирсон гэмт хэрэг үйлдэх нь нэгэнт судалгаагаар батлагдсан зүйл юм.

График 3, Эмэгтэйчүүдийн үйлдэж буй нийт гэмт хэргийг бүтэц, төрлөөр нь авч үзвэл, 2016 он:

Манай улсад бүртгэгдсэн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх болон залилан мэхлэх гэмт хэргийн 40-50 хувийг эмэгтэй хүн үйлдэж байгаа нь эмэгтэйчүүдээс энэ төрлийн гэмт хэргийг ямар шалтгааны улмаас үйлдэж байгааг нарийн тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

- Эмэгтэйчүүдийн үйлдэж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагууд цаашид ямар арга хэмжээ авах  шаардлагатай гэж үзэж байна вэ?

- Эмэгтэйчүүдийн үйлдэж буй гэмт явдлын шалтгаан, нөхцөл, хүчин зүйл нь өөр хоорондоо харилцан уялдаа бүхий нийгмийн тойрог харилцаа бөгөөд түүнийг зөв тогтоосноор түүнтэй тэмцэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Цагдаагийн байгууллага 2008 оноос гэмт хэргийн статистик мэдээллийг боловсронгуй болгох, хэргийг субъект бүрээр нарийвчлан гаргаж эхэлсэн нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд төдийгүй судлаач бид нарт чухал мэдээлэл болж байгаа.

Харин цаашид тусгайлан эмэгтэйчүүдээс үйлдсэн гэмт хэргээр нарийвчлан гаргаж, нас, боловсрол, эрүүл мэндийн байдал, сэтгэцийн төлөв, уг гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоогдох мэдээллийн хүрээнд гаргаж байх хэрэгтэй. Энэ мэт хийж хэрэгжүүлэх олон ажил байна.