Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

О.Мөнхсайхан: Цаазаар авах ялыг халснаар Эрүүгийн хууль сул болчихлоо гэсэн үг биш

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
 

Бага насны хүүхдийг хүчиндсэн хэрэг шил дараалан гарсны улмаас нийгэмд цаазаар авах ялыг сэргээх эсэх талаар хэлэлцүүлэг өрнөж эхэллээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон зарим улс төрчид цаазаар авах ялыг сэргээх ажлыг эхлүүлэх болсноо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан юм.

Шинэ Эрүүгийн хуулиар цаазаар авах ялаас бүрэн татгалзсан манай орон ийм алхам хийж болох уу? Бид энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Монгол Улс цаазын ялтай орон байсан. Харин 2010 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй. Шинэ Эрүүгийн хууль батлагдсанаар 2015 онд манай улс цаазын ялгүй орон болсон байгаа. Ямар шалтгаанаар цаазын ялаас татгалзсан юм бэ?

-Үндэслэл шалтгаан нь маш олон. Доод тал нь найман шалтгаан бий.  Хамгийн аюултай нь гэм буруугүй хүнийг цаазаар авах тохиолдол гардаг.

Өмгөөлөгч, шүүгчээр олон жил ажилласан Л.Нинжбат хуульчийн бичсэн жишээн дээр тайлбарлая. Төрсөн ах нь төрсөн дүүгээ хүчиндсэн гэж буруутган, цаазаар авах ял оноогоод гүйцэтгэчихсэн байгаа юм. Гэтэл таван жилийн дараа гэм буруугүй нь тогтоогдож жинхэнэ гэмт хэрэгтэн нь илэрчээ.

Мөн Завхан аймгийн Эрдэнэ-Очирын хэрэг гэж бий. Энэ хүн 6 жил 8 сар хоригдож, гурван удаа цаазын ял сонссон. Сүүлд нь гэм буруугүй нь тогтоогдсон. Хэрэв энэ хүнийг цаазалчихсан бол яах вэ?

Ер нь эрүүгийн хэрэг дээр алдаатай шийдвэр гарах магадлал 20-30 хувь байдаг гэсэн судалгаа бий. Монголын шүүхээс алдаатай шийдвэр гарах эрсдэлтэй гэдэг нь тодорхой. Эрх зүйн тогтолцоо, шүүхээ сайжруулаад ч төгс буюу огт алдаа гаргадаггүй тогтолцоог бий болгох боломжгүй юм.

Эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжсөн орнуудад ч ийм алдаа гардаг. Жишээ нь АНУ-д 1994-2000 оны хооронд 61 хүнийг цаазалсны дараа гэм буруугүй нь тогтоогдож байсан байна.

1990-ээд оны үед хүчингийн хэрэгт буруутгагдсан нэг эрэгтэйг гэм буруугүй гэдгийг 2008 онд буюу 18 жилийн дараа тогтоосон явдал Японд гарч байсан. Учир нь 1990 онд гол баримт гэж үзсэн ДНХ-ийн шинжилгээ нь алдаатай байсан гэдгийг олон жилийн дараа буюу технологи өндөр хөгжсөн үед л мэдсэн байдаг. Тэр хүний залуу нас, амьдрал үгүй болсон.

Тэгэхээр шүүхийн тогтолцоонд алдаа гаргах магадлал байдаг нь цаазын ялыг халах хамгийн том үндэслэл юм.

-Монголд цаазын ялыг буруу оногдуулсан тохиолдол хэр олон байдаг вэ?

-Нэг жилд болсон хэрэг дээр тулгуурлаж хэлье. 2000 онд шүүх нийт 13 хүнд цаазаар авах ял оногдуулснаас Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар гурвыг нь өөрчилж, хоёрыг нь хүчингүй болгосон байдаг. Тодруулбал нэг жилд шүүхээс цаазын ял оногдуулсан тогтоолын 30 шахам хувь нь хяналтын шатны шүүхээр өөрчлөгдөж, 10 гаруй хувь нь хүчингүй болсон байх бөгөөд энэ нь гэм буруугүй хүнийг хилсээр цаазлах гэж байсан гэсэн үг юм.

-Цаазын ялыг улс төрчид хэрхэн буруугаар ашиглаж болох вэ?

-Цаазын ялыг халах дараагийн том шалтгаан бол үүнийг улс төрийн зорилгоор ашигладаг. Жишээ нь 1930-аад онд Монголчууд 30,000 гаруй гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлж цаазалсан. Сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллага, тагнуулыг улс төрийн зорилгоор ашиглах явдал их ажиглагдаж байна. Ийм нөхцөлд цаазаар авах ялыг сэргээх юм бол улс төрчид өрсөлдөгчөө гэм буруугүй байхад нь гүтгэж, хэлмэгдүүлэх өндөр магадлалтай.

"Цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэргийг бууруулахад ямар ч үр нөлөөгүй"

-Сэтгэл сэртхийлгэм аймшигтай гэмт хэргүүд шил дараалан гарах болсон нь нийгмийн сэтгэл зүйд хүнд тусч байна. Хэрэгтнүүдийг цаазаар авснаар онц хүнд гэмт хэрэг буурдаг тухай ямар нэгэн судалгаа бий юу?

- Цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэргийг бууруулахад ямар ч үр нөлөөгүй гэдгийг маш олон судалгаа баталдаг. Социализмын үед 6 сартай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарч байсан гэдэг. Тухайн үед цаазаар авах ял байсан ч ийм хэрцгий хэрэг гарч байжээ.

Канад улс 1975 онд цаазаар авах ялыг халсан. 2006 онд Канадын онц хүнд гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан байдаг. Энэтхэг улсад 2004-2010 онд цаазаар авах ял гүйцэтгээгүй ч онц хүнд гэмт хэрэг 20 гаруй хувиар буурчээ.

Гэмт хэрэг гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал ядуурал, ажилгүйдэл, архидалт ихсэхээр гэмт хэргийн гаралт ихэсдэг нь тодорхой. Мөн бэлгийн дарамт, аливаа зүйлийг хүчээр шийдэх гэсэн хандлага нийгэмд их байна. Эдгээр асуудлыг шийдсэний дараа хүчирхийлэл тодорхой хэмжээнд буурна.

Монголын нийгэм зэрлэгшиж, аймшигтай болсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Учир нь социализмын үед дээр дурдсанчлан онц хүнд гэмт хэргүүд гарч байсан. Гол нь хаалттай байсан учраас хэн ч мэддэггүй. Өнөөдөр ийм төрлийн гэмт хэрэг олны сонороос нуугдах ямар ч боломжгүй болсон учраас бидэнд гэмт хэрэг ихэссэн мэт санагдаж байгаа гэж бодож байна.

Мөн ийм төрлийн гэмт хэрэг АНУ, Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ч гарсаар байдаг. 

-Өндөр хөгжилтэй орнууд /АНУ, Япон гэх мэт/ яагаад одоо болтол цаазын ялыг халахгүй байгаа юм бэ?

-Цаазаар авах ялыг халах нь маш хэцүү процесс. Улс төрийн санаачилгаар халах нь ховор. Яагаад гэвэл дээр дурдсан бүх үндэслэлүүдийг нийтээр ойлгож ухаарах нь бага. Хүмүүс аймшигтай хэргүүдийн тухай сонсоод амь насыг нь хөнөөсөн бол цаазаар авхуулах ёстой гэж шууд боддог. 

АНУ-д цаазын ялыг халах олон алхмууд хийгдэж байна. Тухайлбал 7 настай хүүхдийг цаазалдаг байсан бол Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар халсан. Мөн сэтгэцийн өвчтэй хүмүүсийг цаазлахаа больсон. Бүхэлдээ биш ч маш олон муж нь цаазаар авах ялыг халсан байгаа.

Япон улс ч мөн адил цаазаар авах ялыг халах оролдлого хийж байгаа ч төдийлөн амжилт олоогүй. 

Бид АНУ, Японд цаазын ял байгаа болохоор цаазлах нь зөв гэж бодохоосоо илүү цаад шалтгааныг нь харах хэрэгтэй. Монгол Улс нэгэнт хийсэн зөв алхмаа ухрааж болохгүй. Цаазаар авах ялыг халснаар манайх АНУ, Японы урд алхаж байна. Бид зарим чухал зүйлээрээ тэдний урд яагаад явж болохгүй гэж.

-Та нэг нийтлэлдээ цаазаар авах ял хүний эрхэм чанарыг /human dignity/ зөрчдөг гэсэн байсан. Энэ тухай тайлбарлаж өгнө үү?

-Хүн бүр эрхэм чанартай. Эрхэм чанар нь хүнээс салшгүй. Тэр хүн юу хийснээс үл хамаарч эрхэм чанарыг нь үгүйсгэж болохгүй. Цаазаар авах ялыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд хүнийг хүн биш гэж үзэж байгаа буюу хүний эрхэм чанарыг үгүйсгэж байгаа юм.  

Хүний эрхэм чанарыг хүнээс салгаж болохгүй гэдэг бол манай Үндсэн хуулийн суурь санаа. Өөрөөр хэлбэл хүн ямар ч аймшигтай гэмт хэрэг хийсэн эрүүдэн шүүж, шударгаар шүүлгэх эрхийг нь зөрчиж болохгүй.

“Хүн өөрийнхөө эрхэм чанарыг үгүйсгэхгүйгээр бусад хүний эрхэм чанарыг үгүйсгэх боломжгүй” гэж И.Кант хэлсэн байдаг. Бид цаазаар авах ялыг зөвшөөрснөөр бусад бүх тохиолдолд хүний эрхэм чанарыг үгүйсгэх үүд хаалгыг нээнэ.

-Хохирогч талаас нь авч үзье. Гэр бүлийн хүнээ харамсалтайгаар алдсан хүмүүс гэмт хэрэгтнийг цаазалбал шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа тохиолдолд яах вэ?

-Ял гэдэг өс авах явдал биш. Ойр дотны хүмүүсээ алдсан хохирогчдын хувьд уй гашуу нь хэзээ ч тайлагдахгүй болов уу. Тэр хүмүүсийн уй гашууг тийм зүйл туулсан хүмүүс л мэдрэх байх. Хохирогчид цаазаар авах ялыг шаарддаг. Гэхдээ гэм буруутныг цаазалсан ч хохирогч талын уй гашуу тайлагддаггүй тухай Эмнести Интернэшнлийн захирал Б.Алтантуяа ярьж байсан. 

Хүмүүсийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэгтэнд тохирсон ялыг үүрүүлж чадахгүй байгаа юм биш. Бүх насаар нь хорих бол хангалттай хүнд ял. Энэ ялаар гэмт хэрэгтнийг цээрлүүлж, хариуцлага хүлээлгэж байгаа. Гэм буруугүй хүнийг хожим ч гэсэн суллах боломжтой гэдэг утгаараа бүх насаар нь хорих ял цаазаар авах ялаас дээр юм. Мөн түрүүн хэлсэнчлэн хүний эрхэм чанар, үнэт зүйлсийг арай бага зөрчдөг ч шударга ёсонд нийцдэг.

Хохирогчдын ар гэрийнхний уй гашуу тайлагдаж, хохирол арилах боломжгүй учраас ахиж олон хүнийг хохироохгүй тулд онц хүнд гэмт хэрэг гарахгүй байх нөхцлийг бүрдүүлэх нь илүү чухал юм.

-Монгол Улсын Үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гэж заасан. Гэхдээ шүүхээс ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд гэж тодотгосон байгаа. Манай Үндсэн хууль цаазын ялыг зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Үндсэн хуулинд цаазаар авах ялыг шаардсан заалт байхгүй. Би өөрөө Үндсэн хуулийг тайлбарлах чиглэлээр доктор хамгаалсан хүний хувьд итгэлтэй хэлнэ. Б.Чимид багшийн “Үндсэн хууль бол замын хөдөлгөөний дүрэм биш” гэсэн үг бий. Энэ нь Үндсэн хуулийг үг үсгээр нь тайлбарлаж болохгүй гэсэн үг.

Арван зургадугаар зүйл.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.

Дээрх заалтыг харвал цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг УИХ шийдэх бүрэн эрхтэй болохоос биш заавал Эрүүгийн хуульд тусгах албагүй. УИХ цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиас хасчихсан. Үүнийг Үндсэн хууль зөвшөөрч байгаа.

Үүнээс гадна УИХ 2012 оны 12 дугаар сард Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын II нэмэлт протоколд нэгдэж орсон. II нэмэлт протоколоор цаазаар авах ялыг нутаг дэвсгэртээ огт гүйцэтгэхгүй байх, халах үүргийг хүлээсэн.

Бид 2015 онд олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ бататгаж шинэ Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг халсан. Энэ нь хоёр парламент дамжиж шийдэгдсэн асуудал. Монгол Улс цаазаар авах ялыг халсан нь үндэсний зөвшилцөл буюу үнэт зүйлийнхээ төлөө нэгдсэн бодитой алхам юм. Тиймээс үүнийг үгүйсгэсэн алхам хийж болохгүй.

"Цаазаар авах ялыг сэргээх ажлыг хэсэг байгуулсан нь маш хариуцлагагүй хэрэг"

-Цаазаар авах ялыг сэргээх ажлын хэсэг байгуулсан тухай Ерөнхийлөгчийн албан ёсны сайт дээр мэдээлсэн байсан. Энэ асуудлыг та хэрхэн дүгнэж байна?

-Цаазаар авах ялыг сэргээх ажлыг хэсэг байгуулсан нь маш хариуцлагагүй, дээр дурдсан бүх үндэслэлүүдийг хараагүй, хоомгой хандсан хэрэг юм. Ажлын хэсгийн зорилго нь цаазаар авах ялыг сэргээх эсэхийг судлах бол өөр хэрэг. Гэтэл сэргээх ажлын хэсэг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл сэргээх бүх гаргалгааг хийнэ гэсэн үг. Энэ алхам цаашилбал аюултай.

Би УИХ-ын гишүүдийн олонх нь цаазаар авах ялын эсрэг байр суурь дээрээ хатуу зогсоно гэж итгэж байна.

Муугаар бодож УИХ-аас Ерөнхийлөгчийн популист санаачлагыг дэмжлээ гэхэд энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн үндэслэлээр Цэцэд очно. Монгол Улс олон улсын протоколд нэгдэж ороод үүрэг хүлээсэн. Тиймээс Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх ёстой.

Олон улсын эрх зүйчдийн хэлж буйгаар II нэмэлт протоколоос гарах боломжгүй. Протокол нь буцах заалтгүй юм.

Тиймээс цаазаар авах ялыг буцаавал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Хоёрдугаарт энэ нь манай Үндсэн хуульд заасан хүний амьд явах, эрхэм чанар/нэр төр, алдар хүнд/-ыг хүндэтгэх, эрүүдэн шүүхийн эсрэг суурь зарчмуудыг зөрчиж байгаа.

-Ерөнхийлөгч цаазаар явах ялыг сэргээх эрхтэй юу?

-Тийм эрх байхгүй. Ерөнхийлөгчид бүх насаар нь хорих ялыг уучлах л эрх байгаа. Түүнээс биш цаазаар авах ял бий болгох эрхгүй. Ерөнхийлөгчийн санаачлага цаашилбал УИХ-д орох л боломжтой. Хуулийг УИХ баталдаг учраас Ерөнхийлөгч дангаараа үүнийг шийдэх боломжгүй.

-Олон нийтийн зүгээс Эрүүгийн хуулийг чангалах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж эхэлжээ. Манай Эрүүгийн хууль хэр чанга вэ. Ер нь хууль чанга байх нь чухал юм уу хэрэгждэг байх нь чухал юм уу?

-Эрүүгийн хуулийн шинэтгэлийг хийсэн, “Гэмт хэрэг ба ялын тухай” хэмээх алдартай ном бичсэн Чезаре Беккариа “Ял хүнд, хэрцгий байхдаа үр нөлөөтэй байдаггүй. Харин зайлшгүй байхдаа үр нөлөөтэй байдаг” гэж дүгнэсэн байдаг.  

Өөрөөр хэлбэл хүн буруу зүйл хийсэн бол заавал шийтгүүлдэг байх хэрэгтэй. Шийтгэхгүй яваад байвал ямар ч үр дүнгүй.

Манай шинэ Эрүүгийн хууль гэмт хэрэгтнүүдэд өршөөнгүй хандсан хууль биш. Онц хүнд гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оногдуулсан нь олон улсад байдаг жишиг.

Цаазаар авах ялгүй болчихоор Эрүүгийн хууль сул болчихсон гэсэн үг биш. Хамгийн гол нь ямар ч төрлийн гэмт хэрэг үйлдсэн бай хариуцлагыг нь зайлшгүй хүлээлгэдэг байх нь чухал.