Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд НАСАНД ХҮРЭЭГҮЙ хүүхдийг хүчирхийлэхэд торгох, нэг жил хорих заалт ЭРҮҮГИЙН ХУУЛЬД оруулснаа эргэн харахаар боллоо

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргүүд нийгмийг цочроож байна. Өнгөрсөн сард зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг намжаагүй байтал долоо хоногийн өмнө таван настай охиныг хүчирхийлсэн эсэх тухай дуулиан дэгдсэн.

Үүнээс ч жигшүүртэй нь нэг ой зургаахан сартай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн жил гарсан байна. Зүрх шимшрэм хэргийг сонссон иргэд цаазын хуулийг сэргээх хэрэгтэй хэмээн шуугихтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлаар хуулийн баг ажиллуулж эхэлсэн байна.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурлаар ч дээрх хэргүүдийг хэлэлцэж, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох талаар санал бодлоо солилцлоо. Тодруулбал, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хурлаар Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 16 дахь илтгэл, тэр дундаа хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн талаар хэлэлцсэн юм.

Дэд хорооны гишүүд сүүлийн өдрүүдэд хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдийг яаравчлан хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд ХЭҮК, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төлөөлөгчид ирсэн байлаа. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар “Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлээр хүүхдийн эрхийг эхэнд хэлэлцэх учир цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагуудын удирдлагуудыг хуралд оролцуулж байгаа юм. Тэднээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргийн талаар гишүүд асуулт асууж, хариуцлага тооцох талаар хэлэлцэж болно.

Би юуны түрүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, ХЭҮК-т нэг чиглэл өгье. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн гээд ирэхэд мөнгө байхгүй гээд буцаасан тохиолдол гарсан. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалах сан байгуулах, эсвэл шинжилгээ, оношилгоонд үнэгүй хамруулдаг болгоё. Энэ хоёр хувилбарын аль нь боломжтой вэ гэдгийг судлах хэрэгтэй байна” гэв. Үүний дараа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн талаар мэдээлэл өгч, Монгол Улс ичгэвтэр байдалд байгааг хэлж байлаа.

Учир нь өнгөрсөн жил л гэхэд 2-17 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс хамгийн бага нь нэг ой зургаан сартай, дөрвөн настай хоёр хүүхэд байжээ. Улмаар эдгээр хэргийн 47 хувийг гэр бүлийнх нь хүсэлтээр гомдолгүй гэдэг өргөдлөөр хэрэгсэхгүй болгосон аж. Иймд тэрбээр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатайг дурдаж байв. Мөн таван настай хүүхдийг хүчирхийлсэн хэргийн талаар холбогдох албаныхнаас УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:

-Зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон этгээд эрх чөлөөтэй явж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн эсэхийг цагдаагийн байгууллагынхнаас асууя. Хоёрдугаарт, хүчирхийлэлд өртөж шаналсан таван настай хүүхдийг мөнгийг нь авахгүйгээр үзэх боломж үнэхээр байсангүй юу?

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.БАТЧУЛУУН:

-Зочид буудалд амь насаа алдсан 13 настай охины хэрэгт хоёр этгээдийг сэжигтнээр татан шалгагдаж байгаа. Тэд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргээр зүйлчлэн цагдан хоригдох төвд есдүгээр сарын 20-ноос хойш хоригдсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Ч.АЛТАНХИШИГ:

-Би болсон явдлыг товч хэлье. Энэ сарын 14-15-нд охиныг хоёр хүн үзүүлэхээр авч ирсэн. Тэр үед манай эмч дуудлагад явсан байсан. Энэ хооронд үүдний жижүүр тэдэнд тайлбарласан байсан. Ингэхдээ “Хаанаас ирсэн, хэн гэдгийг нь тогтоох бичиг баримт байх ёстой. Үзүүлэхэд арван мянган төгрөгийн төлбөр төлдөг. Одоогоор эмч ирээгүй байна. Түр хүлээж байгаарай” гэж тайлбарласан байгаа юм.

Харин “Арван мянган төгрөг өг, өгөхгүй бол үзэхгүй” гэсэн зүйл байхгүй. Тэгээд эмч 01.30 цагийн үед ирж үзсэн. Одоо шаардлагатай шинжилгээнүүдийг хийж байгаа. Хариу нь маргааш гарна.

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:

-Хүүхэд хүчирхийлбэл ганц, хоёрхон жилийн ял оноодог. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол торгодог ийм шившгийн хуультай улс манайхаас өөр байдаг юм уу. Өмнөх хуулинд таваас дээш жилээр ялладаг байсан шүү дээ. Үүнд Хүний эрхийн байгууллагынхан анхаараач ээ. Мөн Шүүхийн шинжилгээний үндэс-ний хүрээлэн яагаад улстөржөөд, асуудлыг дураараа шийдээд байна вэ. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэгт танайхаас хэдэн хүн оролцож, шалгагдаж байгаа вэ?

ХЭҮК-ын дарга Ж.БЯМБАДОРЖ:

-О.Баасанхүү гишүүн гүтгэж байна гэдгийг хэлье. ХЭҮК бүх хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. 100 гаруй санал оруулсан байдаг. Гэвч саналыг тусгадаггүй юм. Хуулийг бид биш, УИХ, та нар гаргасан шүү. Тантай нэг зүйлд санал нэг байна. Үнэхээр Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлагатай болсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Ч.АЛТАНХИШИГ:

Шалгаж байгаа хүний тоог би одоогоор мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагынхан хэлэх байх. Манайх дотоодын хяналт, шалгалт хийх гэснээ больсон. Гаднаас шалгуулахаар болсон.

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:

-Таныг байгууллагын удирдлага гэж үзэж байгаа. Гэтэл өөрсдийн ажилчдаа хаана, ямар зүйлчлэлээр Эрүүгийн хэрэгт холбогдож байгааг мэдэхгүй, цагдаагаас асуу гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Ч.Алтанхишиг хариулт хэлсэнгүй.

Үүний дараа УИХ-ын эмэгтэй гишүүд сэтгэл шимшрэм хэргүүд гарсан энэ үед хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх, хүчирхийллийн талаар хэлэлцэж байгаа нь болж гэдгийг санал хэлэх үеэр дурдаж байсан юм. Мөн манай улс хүний эрхийн олон конвенцэд нэгдсэн байдаг. Гэхдээ хүний эрхийг хамгаалах тогтолцоо байхгүй. Цаашдаа үүнийг хэрхэн боловсронгуй болгох тал дээр ажиллах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлж байлаа. Тэрбээр “Нэгдэн орсон гэрээ, конвенцийн үүргээ биелүүлье. Хуулиудынхаа хэрэгжилтийг сайжруулъя. Ялангуяа хүний эрхийг хамгаалах тогтолцоо байхгүйгээс хэрэгтэн нь ялаа авчихдаг, ард нь хохирогчийн нөхцөл байдал хэвээрээ үлддэг. Тиймээс хүний эрхийг хамгаалах тогтолцоог сайжруулмаар байна гэлээ.

Гишүүдийг санал хэлж дууссаны дараа Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар “Үндсэн хуульд заасны дагуу хүүхэд халдашгүй эрхтэй. Хуулийн хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг гаргаж, ХЭҮК-той хамтарч шалгана. Гол баримт бүрдүүлдэг газар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн байдаг.

Энэ байгууллагатай холбоотой гомдол манайд байнга ирдэг. Баримт дүгнэлт өөрчилсөн гэх мэт. Уг байгууллагыг шалгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулах саналтай байна. Хүний эрхийн асуудлыг ярихаар яалт ч үгүй төсөв мөнгөний асуудал үүсдэг. Үүнтэй холбогдуулан гишүүдэд хандаж нэг зүйл хэлье. Хүүхдийн хүчирхийл-лийн асуудлыг шийдэх ажлын санхүүжилтийг нь төсөвт суулгахад дэмжээд егөөрэй” гэсэн юм.

Аливаа зүйлийн цаг нь болсон гэдэг шиг хүүхдийн хүчирхийллийн асуудлыг төрийн зүгээс онцгой анхаарах цаг болсныг дээрх хэргүүд илтгэнэ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь л гэхэд жилд 300 орчим болохоос мэдэгдээгүй нь хэчнээн олон байгааг та бид мэдэхгүй. Ямартай ч хүүхдийн хүчирхийллийн асуудлыг УИХ-ын гишүүд анхаарч эхэлж байгааг Ерөнхийлөгчийн цаазын ялыг сэргээх хуулийн баг ажиллуулж буй мэдэгдэл, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурлаас харж болохоор байна.

Ийн УИХ-ын гишүүд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт торгох шийтгэл оруулсан Эрүүгийн хуулиа эргэн харахаар боллоо. Өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 12.5-д “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450 нэгжээс 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.

Мөн тус хуулийн 12.1-т "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байгаа юм.

Өөрөөр хэлбэл 14-16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, хүчиндсэн бол 1-5 жилээр хорих ялтай байгаа юм.

Зураг