Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад сайдуудын нэрийг өнөөдөр өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч шинэ сайдуудын нэрийг зөвшилцөх албан бичигт Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
Мөн давхар дээлтэй сайд нарыг хууль зөрчиж байгааг сануулаад байгаа. Гэсэн ч Ерөнхий сайд Засгийн газрын сайдуудын нэрээ өөрчлөхгүйгээр УИХ-аар хэлэлцүүлэхээр шийдсэн бололтой.
Хуулиараа Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн хариу ямар байхаас үл хамааран сайд нарынхаа нэрсийг УИХ-д өргөн барих эрхтэй.
Ингэснээр байнгын хороод өөрсдийн хамаарах асуудлын хүрээний сайдуудын талаар хэлэлцэж гурав хоногийн дотор шийдвэр гаргах учиртай. Үүний дараа УИХ-ын чуулган хуралдана.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдуудыг эцэслэн томилох юм.