Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хоёр жилийн дотор Монгол Улсын 273.5 мянган иргэн ЯДУУРЛЫН шугамаас доош "УНАЖЭЭ"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статитистикийн Хорооноос Дэлхийн банктай хамтран Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлсон судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Ингэхдээ 2014 оны тоон үзүүлэлтийг 2016 оныхтой харьцуулжээ. Судалгаанаас харахад Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь хүрсэн нь 2014 оныхоос 8 функтээр огцом нэмэгдсэн үзүүлэлт юм.

Энэ нь Монгол Улсын 3 сая хүн амын 907.5 мянга нь ядууралд өртсөн байна гэсэн үг. Энэ тоо 2014 онд 634 мянга байсан гэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 273.5 мянган хүн ядуурлын шугамаас доош унасныг илтгэнэ. 

ГРАФИК 1: Ядуурлын шугам

ҮСХ-ноос 2014 оны ядуурлын тооцооны үр дүнг танилцуулж байхдаа ядуурлаас гарсан иргэд ядуурлын шугамыг дөнгөж давсан хэрэглээтэй байгаа учраас эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон тооны иргэд эргээд ядуурал руу гулсан орох эмзэг байдалд байгааг дурдаж байсан билээ.

2015-2016 онуудад эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядууралд орсон болохыг энэ судалгааны дүн харуулж байна гэж ҮСХ мэдээлэв. 

ГРАФИК 2: Ядуурлын байршил

Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өссөн байна.

Тодруулбал, хөдөөд ядуурлын түвшин 2014 онд 2012 оныхоос 11.7 пунктээр буурсан байсан. Харин 2016 онд эргээд 10.1 пунктээр өссөн байна.

Энэ нь ядуурлын шугамын дөнгөж дээр байсан өрхүүд эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын багахан хүндрэлд өртөж, буцаад ядуурлын шугамын доор орсныг харуулж байна.

Аймгуудын ядуурлын байдлыг авч үзвэл Увс, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгуудаас бусад аймгуудад ядуурлын хамралтын хүрээ нь Улсын дунджаас дээгүүр байна.

ГРАФИК 3: Ядуурал ам бүлийн тоогоор

Ядуурлыг ам бүлийн тоогоор нь авч үзвэл таван ам бүлтэй айл өрхүүд ядрууралд хамгийн их өртсөн нь доорх графикаас харагдаж байна. Олон ам бүлтэй эсвэл ганц бие хүмүүс ядууралд хамгийн бага өртсөн байгааг харж болно. 

ГРАФИК 4: Ядуурлын хүрээ өрхийн тэргүүлэгчийн боловсролын түвшингээр

Харин өрхийн тэргүүлэгчийн боловсролын түвшингээр нь авч үзвэл дээд боловсролтой иргэд ядууралд өртөх нь бага байна. Харин дээд боловсрол эзэмшээгүй буюу бүрэн дунд боловсролтой иргэд ядууралд хамгийн их өртжээ. 

Бага боловсролтой болон боловсролгүй иргэдийн тоо угаасаа бага учраас үзүүлэлт нь мөн бага гарсан гэдгийг анхаарна уу. 


Монгол Улсын эдийн засгийн хүндрэл ядууралд ямар нөлөө үзүүлснийг дээрх судалгаанаас харж болно. 

2012 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хурдац саарч эхэлсэн. Улмаар эдийн засаг 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.2 хувиар буюу 3.6 хувиар өссөн байдаг. Нөгөөтэйгүүр энэ үед инфляци харьцангуй нам тогтвортой байсан. Энэ нь улсын эдийн засгийн хүндрэл иргэдэд хэрхэн ХЯМРАЛ болж туссаныг нотолж байгаа юм.