Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-д Монголчууд урт хугацаатай гэрээгээр ажиллах Н2 ангиллын визтэй болох хүсэлт гаргасан"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN

Гадаад Харилцааны Яам, АНУ-ын ЭСЯ-наас хамтран хэрэгжүүлж буй "Хариуцлагатай аяллыг олон нийтэд сурталчлах аян"-ын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн Баасан гарагт боллоо. 

Энэхүү аян нь АНУ руу зорчих иргэдийн хариуцлага, зөрчилгүйгээр хугацаандаа ирэх үүргийг нэмэгдүүлэх, мөн иргэдэд виз бүрдүүлэлтийн талаар үнэн мэдээлэл хүргэх зорилготой аж.

Нээлтийн ёслолд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд элчин сайд Женифер Зимдал Галт, ГХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил болон холбогдох албаныхан оролцлоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Аяныг нээж АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт үг хэлсэн юм. Тэрбээр "Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд ийнхүү аяныг зохион байгуулж байгаадаа их баяртай байна. АНУ өдөр бүр олон орноос хэдэн мянган оюутан, жуулчин, бизнесийн хүнийг угтан авч байдаг. Гэхдээ АНУ-д бусад бүх улсын адилаар хил хязгаараа хамгаалах үндсэн үүрэг бий.

Тиймээс АНУ-д амрах энэ аяллыг маш хариуцлагатай, хуулийн дагуу хийгдэхийг хүсч, анхаарч ажилладаг. АНУ-д хууль журмын дагуу аялах аяллыг хөнгөвчлөх тал дээр Монголын Засгийн газар байнгын ажиллаж байгаа.

Аяллыг аль болох хөнгөвчлөх арга замыг шийдвэрлэхэд бүх хүмүүсийн хүчин чармайлт, талуудын олон талт оролцоо шаардагдана. Тиймээс бид өнөөдрийн энэ аяныг хэрэгжүүлж байна" гэсэн юм.

Нийт аялагчдын 20 гаруй хувь нь өөрсдийн ангиллын дагуу биш, зөвшөөрөлгүй аялдаг

 
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын дотоодын аюулгүй байдлын мэдээллээр 2016 онд тус улсад жуулчин болон бизнесийн шугмаар аялсан Монголчуудын 8 хувь, оюутан сурагчдын 20 гаруй хувь нь визний хугацаагаа хэтрүүлэн АНУ-д үлдсэн гэх тоо баримт байдаг байна.

Мөн нийт аялагчийн 20 гаруй хувь нь өөрсдийн ангиллын дагуу биш, зөвшөөрөлгүй ажил эрхэлдэг аж.

Монголчуудын гаргадаг дийлэнх зөрчил нь визний болон сургалтын хөтөлбөрийнхөө хугацааг хэтрүүлдэг. Мөн аяллынхаа зорилгыг буруу мэдүүлж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах буюу ажил хийдэг байна.

Үүнээс шалтгаан Монголчууд тус улсын визийг авахад улам бүр хүндрэл үүсч, виз олгох шалгуураа өндөрсгөхөд хүргэж байгаа гэж ярьсан юм.

АНУ-ын Элчин сайдын консул болон олон нийттэй харилцах хэлтэс, ГХЯ-тай хамтран эдгээр асуудалд нэлээдгүй анхаарал тавьж ажиллаж байгаа аж.

Хувь хүний үйлдэл олон хүнд нөлөөлөхүйц үр дагавартай байдаг. Хэн нэгэн Монгол хүн гадаадад аялахдаа дээрх зөрчлүүдийг гаргасаар байвал бусад аялагч нартаа хүндрэлийг үзүүлсээр байх юм. 

Бусад улс орнуудад аялж буй Монголчуудад итгэх гадаадынхны итгэлийг сайжруулах нэн тэргүүний асуудал, үүнд анхаарах нь чухал гэдгийг тэрбээр мөн сануулж байлаа.

Аяны нээлтэд ГХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил мөн үг хэлж, аялагч нарт зориулан засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм.

Урт хугацаатай гэрээгээр ажиллах боломжтой Н-2 ангиллын эрхтэй болох хүсэлт гаргасан

 
Гэрэл зургийг mpa.mn

ГХ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч​ Ц.Мөнх-Оргил "Монгол Улсын үе үеийн засгийн газар Монголчуудыг дэлхийн аль болох олон улс орнуудад хөнгөлөлттэй, визгүй аялуулах зорилгыг тавьж ажиллаж ирсэн. 

Өнөөдрийн байдлаар монголчууд дэлхийн 19 оронд энгийн, 29 оронд дипломат паспорттай визгүйгээр зорчиж байна. Аргентин, Чили, Эквадор, Уругвай улсад харилцан визгүй зорчих хэлэлцээрийг явуулж, удахгүй гарын үсэг зурах гэж байна. Мөн Сингапур улсад 15 хоног зорчдог байсан хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж 30 хоног болгон сунган, хэрэгжүүлж эхэлсэн.

Гэхдээ монголчуудын илүү зорчих хүсэлтэй байдаг АНУ, БНСАУ, Япон, Европын Холбооны улсад иргэдээ урт хугацаатай, визгүй зорчуулах яриа хэлэлцээр хийх нь бидний зорилго болж, бид энэ ажлыг бүтээхийн тулд өдөр бүр анхааран ажиллаж байна.

Монгол иргэдэд Н-2 ангилалтай визийг АНУ-ын засгийн газраас удахгүй олгож эхэлнэ. Энэ виз нь тодорхой мэргэжил шаарддаггүй ажилд урт хугацаатай гэрээгээр ажиллах боломжтой. Монгол Улс энэ визийн хөтөлбөрт хамрагддаггүй орны жагсаалтад байсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ жагсаалтаас гарсан.

Энэ оны дөрөвдүгээр сард тус ангиллыг нэвтрүүлэх эрхийг хүссэн байгаа. Цаашдаа шинэ засгийн газрын бүрэлдэхүүн ч илүү анхааран ажиллах болно" гэсэн юм.

 

Мөн сүүлийн үед иргэд виз авахдаа хувь хүн болон албан байгууллагаар дамжуулж авдаг, үүнээс болоод эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол ихэссэн байна.

АНУ-ын Элчин сайдын Яам  Консулын Хэлтсээс виз гаргаж өгнө гэж амлаж буй хувь хүн болон байгууллагад хандаж, тэдэнтэй холбогдохгүй байхыг анхааруулж, тус яам аливаа виз зуучлагч хувь хүн болон байгууллагатай хамтарч, тэднийг дэмжиж ажилладаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Энэ асуудлаас үүдэж хохирсон иргэд АНУ-ын элчин сайдын яаманд хандаж, хохирлоо барагдуулахаар хамтран ажиллах боломжтой гэдгийг үйл ажиллагааны үеэр хэллээ.

АНУ-ын визтэй холбогдолтой бүх мэдээллийг үнэ төлбөргүйгээр ЭСЯ-ны ЭНЭ цахим хуудаснаас авах боломжтой.