Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ломбардны зах зээлийн эрх зүйн орчин сул байснаар ХУЛГАЙН гэмт хэргийг ӨӨГШҮҮЛЖ байна гэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбардны бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын зүгээс өгсөн мэдээллээр Монголд 1,100 гаруй ломбард үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Тэдний нэгдсэн стандартыг шинэчлэн сайжруулах гэж байгаа бөгөөд үүнтэй холбоотой төрийн холбогдох байгууллагууд хамтран тус уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна.

"Хулгайд алдагддаг эд зүйлс ломбардны барьцаанд тохирдог"
 

Гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг зарж борлуулах боломжийг зарим ломбардууд олгож байгаа тухай Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Даваажав “Улсын хэмжээний болон Улаанбаатар хотын гэмт хэргийн статистикийг харвал хулгайн гэмт хэргийн эзлэх тоо нь их байна. Нийслэл хотод гэмт хэргийг бууруулъя гэвэл хулгайн гэмт хэргийг бууруулах хэрэгтэй болно.

Хулгайн гэмт хэргийг бууруулах үндэслэл нь хулгайн эд зүйлийг худалдаж авдаг зах зээлийг хаах хэрэгтэй. Нэгдүгээрт хулгайн гэмт хэргийг худалдаж авдаг ченжүүдийн асуудал байна.

Дээр нь ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс бий. Шударгаар ажиллаж буй хүмүүс байхын зэрэгцээ хулгайн эд зүйлсийг борлуулах, хулгайч нарыг санхүүжүүлэх зах зээл бий болчихоод байна. Дунджаар хоногт 5-6 телевиз, гар утас, мөнгөн аяга, үнэт зүйл, нөүтбүүк зэрэг алдагддаг. Энэ нь ломбардны барьцаалдаг эд зүйлтэй тохирдог.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар 2003 онд батлагдсан MNS5274 гэсэн стандарт бий. 14 жилийн өмнө батлагдсан энэ стандартыг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ. Энэ стандартыг өөрчилж заавал мөрдөх стандарт болгох хэрэгтэй.

Жилдээ Монголд 30 гаруй тэрбум төгрөгийн бараа эргэлт ямар ч хяналтгүй байна. Үүнээс зөвхөн хулгайн эд зүйл л гэхэд 8 орчим тэрбум төгрөгт хүрсэн” гэв.

"Богино хугацаанд иргэдэд санхүүгийн түргэн тусламж үзүүлдэг салбар байх ёстой"
 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг байгууллагууд маш их нэмэгдэж байна. Зөвхөн нэг ломбард л гэхэд 40-50 салбартай үйл ажиллагаа явуулдаг тохиолдол бий. Зах зээлийн хүрээ өргөжих тусам нийгэмд гарч буй сөрөг үр дагаврууд нэмэгдэж байна. Бидэнд ирсэн мэдээллээр иргэдийг хохироосон тохиолдол их байна.

Тиймээс бид цагдаагийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2003 онд батлагдсан стандартыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд илүү боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн. Манай холбооноос нэгдсэн бүртгэлийн системийг бий болгож байгаа. Энэ нь хулгайн эд зүйлсийг санаатай, санамсаргүй барьцаалах, дамжуулах, борлуулахыг таслан зогсоох зорилготой юм.

Богино хугацаанд иргэдэд санхүүгийн түргэн тусламж үзүүлдэг салбар байх ёстой. Бусад орнуудад ч бий. Харамсалтай нь хууль эрх зүйн хувьд учир дутагдалтай байна” гэсэн юм.

Одоогоор ломбард байгуулах гэж байгаа иргэдэд тавигдах шаардлага, дүрмийн сангийн доод хэмжээ байдаггүй байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ломбардуудыг хянах эрх, үүрэг байдаггүй ажээ. Тиймээс ломбардны эзэд хүүг дураараа нэмэгдүүлэх, татвараа шударгаар төлөхгүй байх, иргэдэд 7 хоногийн хугацаатай зээл өгч мөнгө хүүлэх, иргэдийн барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах орон зай бий болсон байгааг салбарын оролцогчид хүлээн зөвшөөрч байв.

Шударгаар үйл ажиллагаа явуулж буй иргэд байгаа ч эрх зүйн орчны сул байдлаас болоод энэ мэт гэмт хэргийг дэмжих орон зай бий болжээ. Ломбарданд эд зүйлээ барьцаалж зээл авсан иргэдийн 30-40 хувь нь барьцаагаа алддаг байна.