Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мэндбаяр: Нүүрсний экспорт цаашид өсөхгүй гэдэг нь ойлгомжтой болсон

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн нүүрсний экспорт нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөөг авчирсан. Гэвч нүүрс гаргадаг гол гарц болох Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр саатал үүссэнээр болж экспорт буурч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Хятад руу сардаа хэчнээн тонн нүүрс гаргаж байгаа вэ?

-Манай улс Хятад руу 2016 оны эцсийн дүнгээр 25.8 сая тонн нүүрс экспортолсон байдаг. Харин өнгөрсөн есдүгээр сарын эцсийн байдлаар 25 сая тонн нүүрс экспортолчхоод байна. Энэ байдлаараа явбал өнгөрсөн жилийн олборлолтоос давах нь ойлгомжтой болсон. Нэг ёсондоо Монгол Улсын шинэ цагийн нүүрсний салбар үүсэж хөгжсөнөөс хойш олборлосон нүүрсний хамгийн дээд хэмжээ энэ жил тохионо.

Гэхдээ олборлолтын хэмжээ буурах шинжтэй байна. Уурхайнуудын хүчин чадал сайн байгаа боловч цаад худалдан авагч зах зээл нүүрсний экспортыг хязгаарлах арга хэмжээ аваад эхэлсэн. Оны эхэнд сардаа л 3-4 сая тонн нүүрс экспортолж байсан. Долоо хоногт хамгийн багадаа 600-700 мянган тонн нүүрс гаргачихдаг байлаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн нүүрсний мэдээг харахад 190-200 мянган тонн нүүрс гарсан байна билээ. Нүүрсний экспортын хэмжээ долоо хоногийн дотор даруй хоёр гаруй хувиар буурсан. Гэхдээ үүнд нөлөөлсөн хүчин зүйл бий. Боомт хэд хоног амарсан. Гэлээ ч нүүрсний экспортын хэмжээ цаашид өсөхгүй гэдэг нь ойлгомжтой болсон.

-Хятадын талаас нүүрсний экспортод хязгаарлалт хийж, тодорхой хэмжээний квот тогтоосон гэх сураг байсан. Ямар квот тавьсан юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын зүгээс Монголын талд албан ёсоор машины квот өгч байх шиг байна. Өөрөөр хэлбэл, боомтоор хоногт 500 автомашин гарах ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа юм билээ.

-Өмнө нь хоногт хэдэн машин гардаг байсан юм бол?

-Өмнө нь доод тал нь 2,000 гаруй машин гардаг байлаа шүү дээ. Тэгээд бодоход 3-4 дахин багасаж байна гэсэн үг. Боомттой холбоотой шийдвэр олон янз байх шиг байна. Хятадууд Хойд Солонгост тавьсан хоригоо сулруулж байгаа. Шалтгаан нь улс төрийн гэхээс илүүтэй эдийн засгийн учир шалтгаан байна уу гэж харагдаж байгаа юм. Монголын нүүрс Хятад руу их хэмжээгээр орлоо гэхэд хэрэгцээ нь бүрэн гүйцэт хангагдахгүй байгаа учраас Хойд Солонгосоос дахин нүүрс авах бодлого явуулж байна гэх мэдээлэл тарж байгаа. Тиймээс Монголоос нүүрс авах хэрэгцээ багасаад ирнэ. Дээрээс нь Австралид болсон үер, хар шуурга намжлаа.

Австралийн уурхайн үйл ажиллагаа хэвийн болсон. Манайх автозамын тээвэртэй. Бүхэл бүтэн Өвөр Монголын нутгийг туулан байж хэрэглэгчдэдээ очдог. Иймэрхүү нөхцөлүүд байгаа учраас ирэх жил нүүрсний экспорт нэмэгдэнэ гэсэн хүлээлт ажиглагдахгүй байна.

-Хятадууд манайхаас нүүрс авахаа хязгаарлаж байгаа нь эргээд үнэд нөлөөлөх эрсдэлтэй. Үнийн асуудал дээр ямар бодлого явуулж байгаа вэ?

-Нүүрсний үнэ тогтсон ханшиндаа байх уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Тавантолгойн нүүрсний үнэ 70-75 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа. Оны эхэнд Хятадын Засгийн газар үнийг хөөрөгдүүлэхгүй, тогтвортой барих бодлого баримталж байна уу гэж ажиглагдаж байсан. Энэ байр суурь өөрчлөгдөөгүй байх гэж найдаж байна.

-Манайх Хятад руу зургаан боомтоор дамжуулан нүүрсээ гаргадаг. Ганшуунсухайт-Ганцмодноос гадна бусад боомтын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Шивээ хүрэн, Өмнөговийн гурван боомт, Сүхбаатарын Бичигтийн боомт, Дорноговийн Замын-Үүдийн боомт, Ховдын Булганы боомтод нөхцөл байдал хэвийн байгаа. Бага зэргийн хориг бий. Замын-Үүдийн боомт дээр тээврээсээ хамаарахгүйгээр Монгол вагоноос Хятадын вагон руу дамжуулан ачих хоёр байгууламж байдаг.

Тэр хоёр маань тус бүрдээ нэг, нэг сая тонны хүчин чадалтай. Энэ хүчин чадлаас жаахан даваад ирэхээр түгжрэл үүсэх асуудал бий. Гэхдээ энэ асуудал удаан үргэлжлэхгүй байх. Нэг ёсондоо Гашуунсухайтын боомт дээр машинууд нь багтахгүй дугаарлаж байхад Замын-Үүдийн боомт дээр вагонууд нь олдохгүй байна.

-Саяхан манай Ерөнхийлөгч Монголын нүүрсийг ОХУ-ын “Восточный” боомтоор дамжуулж, Зүүн Азийн орнууд руу гаргах талаар яриа хэлэлцээр хийгээд ирсэн. Үүнийг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байна. Та энэ салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байгаа вэ?

-Мэргэжилтнийхээ байр сууриас харахад нэлээд түвэгтэй л асуудал. Ямарваа үйлдвэрлэл, үйл ажиллагаа олон дамжлага дамжих тусам бэрхшээлтэй тулгардаг. Үүнд оролцож байгаа талууд үүрэг хариуцлагаа ягштал биелүүлж байж ажил урагштай, бодитой байна. Дээрээс нь ОХУ-ын талаас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх нь чухал байх. Гэтэл нөгөө тал өнөөдөр “За” гэчхээд хэсэг хугацааны дараа “Бүтэхгүй, түвэгтэй байна” гэвэл яах вэ.

Үүнд тодорхой зүйл харагдахгүй байгаа юм. Монголд тээвэр хийх боломж нь эдийн засгийн хувьд үр ашигтай бизнес болж чадвал мэдээж сайн шүү дээ. Нүүрс экспортлогч компаниудын ярьж байгаагаар “Өмнө нь ОХУ руу нүүрсний тээвэрлэлт хийж үзсэн. Тэгэхэд тээврийн зардал өндөр байсан. Бизнесийн цэвэр ашиг гараагүй” гэсэн зүйлийг ярьж байна лээ. Тиймээс энэ асуудалд нухацтай хандсан нь дээр байх.

-Таны бодлоор нүүрсээ бусад улс орон руу гаргахын тулд ямар гарц хайх ёстой вэ?

-Өөр өнцгөөр аливаад хандвал зүгээр санагддаг. Жишээлбэл, гурван улсын Засгийн газар хоорондоо харилцан тохиролцох хэрэгтэй. Яагаад Хятадын хойд зах зээлд нийлүүлэлтээ хийж болохгүй гэж.

Жишээлбэл, манай Сүхбаатар, Дорнодын чиглэлд хил залгаа оршиж байгаа Хятадын бүс нутагт эрчим хүчний нүүрсний хэрэгцээ байдаг. Бид зөвхөн коксжих нүүрсээ зарах албагүй шүү дээ. Цаана нь худалдан авагч нь байхад эрчим хүчний нүүрсээ гаргаад хариуд нь коксжих нүүрсээ Хятадын нутгаар дамжуулж Япон юм уу, Солонгос руу гаргах гэрээ, хэлцэл хийж болмоор санагддаг.

-Монгол Улс 152 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж ярьдаг. Одоогоор манай улс хэчнээн тонн нүүрс олборлоод байгаа вэ. Албан ёсоор хэдэн уурхай үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Одоогоор 32 тэрбум тонн нүүрсний орд газар илрүүлсэн. Энэ орд дээр 80 гаруй компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Тэд гол нь хөрөнгө оруулалтаа шийдэх асуудалтай тулгарсан. Одоогоор хөрөнгө оруулалтаа шийдээд, бүтээн байгуулалтаа хийж, нүүрсээ экспортолж байгаа 30 орчим уурхай байна. Илрүүлсэн нүүрсний нөөцийг 50 жилдээ идээд барахгүй. Тэгтэл тэрний цаана хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүй, хайгуул нь дуусаагүй байгаа гээд харвал 100 гаруй жил идэж барахааргүй нүүрсний нөөц харагдаж байгаа.

-Сүүлийн үед нөөц нь тодорхой болсон Хармагтайн ордны талаар янз бүрийн яриа гарах болсон. Хүдэр, алт, зэсээр баялаг энэ том ордны талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өнөөдөр Оюутолгойтой эн зэрэгцэх үйлдвэрлэл байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр Монголын эдийн засагт ачаа үүрэлцэх ордууд байна. Тухайлбал, Хармагтайн орд. Гэхдээ өнөөдөр Хармагтайн орд бүрэн судлагдаж дуусаагүй байгаа. Энэ ордны хувьд анхан шатны ашиглалт эхлэх хүртэл төвшинд судалгаа нь бүрэн дуусаагүй. Ер нь урьдчилсан байдлаар эхний ээлжийн нөөцөө мэдүүлсэн.

Нөөцийг гүнд нь хүртэл судалж дуусаагүй байгаа болохоор дахиад өрөмдөнө. Хайгуул хийнэ. Хэр том болохыг нь мэдэхгүй. Өнөөдрийн байгаа нөөцийг нь харахад Оюутолгойтой харьцуулахад 100 дахин бага. 38.7 тонн алтны нөөцтэй, 340 мянган тонн зэсийн нөөцтэй гэсэн урьдчилсан мэдээ бий.