Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мягмар: Эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардаж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүллээ.

Тэд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад буй. Гэвч Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан тул цалин нэмэх бололцоогүй гэсэн байна.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 2017 он гарсаар багагүй хугацаанд цалин орлогоо нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяхаа мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд хоорондоо бичиг цаас шидэлцэж, УИХ-ын танхимд цалин нэмэх шаардлагатай байна гэсэн яриа өрнөсөн төдий байна.

Тийм учраас Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэнээр 2017-2018 онд цалин нэмэгдүүлэхгүй гэсэнтэй холбоотой шаардлага хүргүүлж байна.

Бид аравдугаар сарын 13-нд хугацаагүй ажил хаялт зарласан. Гэхдээ УИХ-ын чуулган дээр эрх баригчдын зүгээс цалин нэмэгдүүлэх асуудлыг судалж үзье гэсэн байр суурьтай байгаа. Харамсалтай нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж буйтай холбоотой цалин нэмэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тиймээс бид төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор ОУВС-гийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг тавьж байна.

Энэ шаардлагын хариуг 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бусад салбарт ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилчидтай хамтран ОУВС-гийн гадна талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. Цаашид хугацаагүй ажил хаялтад шилжинэ. Бид өнөөдөртөө багтаад 23 мянган эмч, эмнэлгийн ажилтнуудыг ОУВС-гийн суурин төлөөлөгчид гардуулна” гэв.

"Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй"
 
Гэрэл зургийг MPA.mn

Улсын I Төв эмнэлгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Цэцгээ “Бид үнэхээр тэвчихээ байгаад тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ихэнх нь зээлтэй, түрээсийн байранд амьдардаг гээд зовлон их. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэнд гэдэг хамгийн үнэтэй зүйл. Үнэт зүйлийнхээ ард зогсож буй эрүүл мэндийн салбарынхаа амьдралыг, нийгмийн асуудлыг харахгүй бол хэцүү болчихлоо гэдэг тэмцлийг бид өрнүүлж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх бүрэн боломж байна. Жишээ нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хууль зүйн хүрээнд ажиллуулбал бидний цалинг нэмэх боломжтой. Төр засгийн буруу бодлогоос болж бидний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй. Төр концессийн гэрээнд хэдэн тэрбумыг зарж байгаа билээ. Сэтгэл, зүтгэл гаргавал цалин нэмэх боломжтой гэж бид үзэж байна” гэв.

ШААРДЛАГА БҮРЭН ЭХЭЭР: