Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

ШХАБ-д элсэх Монгол Улсын хүсэлтийг хүлээж байгаагаа Оросын төлөөлөгч мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалт арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд ОХУ-д болохоор төлөвлөгдсөн юм.

Өчигдөр энэ уулзалтын бэлтгэл ажлын талаар ШХАБ дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгал элч Бахтиер Хакимов ТАСС агентлагт ярилцлага өгчээ.

Тэрээр энэ үеэр ШХАБ-д саяхан элссэн Энэтхэг, Пакистан улсуудын интеграцчлалын явцын талаар, мөн одоогоор ажиглагчийн статустай байгаа Иран, Монгол улсуудын элсэх боломжийн тухай ярьсан байна.

Хакимов ШХАБ нь Монголын гишүүнээр элсэх хүсэлтийг таатай хүлээж авахаа илэрхийлээд харин одоогоор Улаанбаатараас албан ёсны хүсэлт ирээгүй байгааг хэлжээ.

“Монгол бол ШХАБ-д элсэх бүрэн боломжтой, бүр тодруулбал сонирхол татаж байгаа орон гэдгийг би хэлмээр байна. Тэд 2005 онд уг байгууллагын анхны ажиглагч орон болж байсан юм” гэж Хакимов ярьсан байна.

Тэрээр цааш нь ШХАБ Улаанбаатартай харилцаагаа өргөтгөх байнгын сонирхолтой байгаа бөгөөд Монгол Улсын тус байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээж байгаагаа илэрхийлжээ.

ШХАБ нь анх 2001 оны зургаадугаар сард ОХУ, Хятад, Казахстан, Киргизистан, Тажикистан, Узбекистан зургаан улсын санаачилгаар Шанхай хотод байгуулагдаж байв. Өнгөрсөн зургаадугаар сард Энэтхэг, Пакистан улсууд гишүүн орноор нэгдсэн юм.

Афганистан, Беларусь, Иран, Монгол улсууд ажиглагчийн статустай байгаа бол Турк, Азербайжан, Армени, Камбож, Балба улсууд яриа хэлэлцээрийн түншээр оролцдог байна.

 

Эх сурвалж: ТАСС