Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЗОХИЦОЛ

З.Боргилмаа
2017 оны 10 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Гүйцэтгэх засаглалын чиг үүрэг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт тус тус хуваагдсан байдалтай байгаа учраас ажлыг урагшлуулахын тулд зохицоод цааш явах нь практик талаасаа ач холбогдолтой гэж тайлбарлах судлаач нэг бус. Тэгэхээр энэ зохицлыг эрхэмлэе гэж тооцоолж буй Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгчийн зөвшилцлийг танхимын бүрэлдэхүүндээ тусгахыг үгүйсгэх аргагүй- 

МАН 2016 оны сонгуулийн үр дүнгээр эрх баригч болж, эхний Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимыг бүрдүүлэх үед энэ намд М.Энхболд илүү нөлөөтэй байлаа. Харин үүнээс жил гаруйн дараа байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн танхимын бүтэц өдгөө зөвхөн намын даргаас, тэрчлэн өөрийнх нь намаас ч хамаарахгүй хэцүү асуудал болж хувирав. У.Хүрэлсүх өмнөх Засгийн газрыг огцруулахад дугтрах хүч нэмэрлэж, өөрөө дараа нь Ерөнхий сайдаар томилогдоход нь дуулах дуу нэгтгэсэн Ардчилсан намынхан өнөөдөр түүний танхимын бүтцийг зуралцаж байгаа бололтой. 

Түүнийг Ерөнхий сайдаар томилогдох асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхийн өмнөх өдөр УИХ дахь АН-ын бүлгийнхэн дуудан уулзаад хэд хэдэн зүйлийг санал болгож байгаагаа албан бичигт буулгаж, түүнийгээ хэвлэлээр зарласан юм. Анзаарвал тэр дунд “Төрийн албанаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон хүмүүсийг ажилд авах” гэсэн “даалгавар” багтсан нь бий. Тэгвэл танхимаа бүрдүүлэхээр тэвдэж яваа түүнийг тойрсон хов жив дунд “Ардчилсан нам агентлагуудыг авахаар тохиролцсон” гэх мэдээлэл тод сонсогдож эхэллээ.

Өмнөх Ерөнхий сайдыг огцруулах асуудал эцэслэн шийдэгдээгүй байх үед л ийм мэдээлэл хэвлэлд гарч байсан учраас энэ удаад анзаарахгүй өнгөрөх аргагүй бололтой. Ямар тохиолдолд АН агентлагуудыг авах боломжтойг ч хэвлэлүүд зураглаж байна. Тодруулбал, Зам тээврийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад МАН-ын гишүүн боловч Ерөнхийлөгчийн баримталж ирсэн концепцитой нийлж ажиллах хүмүүсийг томилох тохиолдолд АН-ынхан агентлагуудад байршина гэх сураг ажиг саарал ордныг тойрч буй. 

Шинэ Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгчтэй зохицож ажиллах эрмэлзэлтэй байгаа нь өнгөрсөн хугацаанд илэрхий ажиглагдсан нь үнэн. Үүнийг судлаачид буруутгахгүй байгаа төдийгүй зөвтгөх үндэслэлийг ч хэлж буй. Монголын өнөөгийн хууль, эрхзүйн орчинд гүйцэтгэх засаглалын чиг үүрэг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт тус тус хуваагдсан байдалтай байгаа учраас ажлыг урагшлуулахын тулд зохицоод цааш явах нь практик талаасаа ач холбогдолтой гэж тайлбарлах судлаач нэг бус.

Тэгэхээр энэ зохицлыг эрхэмлэе гэж тооцоолж буй Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн зөвшилцлийг танхимын бүрэлдэхүүндээ тусгахыг үгүйсгэхийн аргагүй. Хэрэв энэ нь байж болох хувилбар гэж үзвэл дээр нэр дурдсан яамдын агентлагуудыг АН-ын боловсон хүчнүүдээр сэлгэх нь бараг тодорхой биз ээ. Төрийн албан хаагчдад мөрдөгдөж буй хуулиар тэд намын харьяаллаас татгалздаг ч дунд шатанд намын угшил харгалзаж баг бүрдүүлдэг нь жам хэвээрээ.

2016 оны сонгуулийн дараа засгийн эрх АН-аас МАН-д шилжихэд намын угшлаасаа болоод тушаал буурсан, халагдсан хүмүүст энэ удаад боломж гарч магадгүй нь. Үүнийг ч тооцоолсон учраас АН-ын бүлэг "шүүхийн шийдвэр нь гарсан хүмүүсийг ажилд аваарай” гэж даалгасан байхыг үгүйсгэхээргүй үйл явц өрнөж байх шиг.

Сонгууль болгоны дараа намын харьяаллаар ажлаас халагдагсад гомдол мэдүүлдэгт сүүлдээ дасал болохоо шахсан энэ цаг үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “төрийн албаны мэргэшсэн байдал алдагдлаа”, “Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ” гэх зэрэг илэрхийллийг чуулганы индрээс хэлээд буусан нь олон хүнд анзаарагдаагүй байх. Анзаарсан нэгэнд нь бол алга ташмаар санагдсан байх.

Танхимаа бүрдүүлэх гээд тэвдэж яваа Ерөнхий сайд маань энэ үгсийг санаандгүй ч юм уу, эсвэл алга ташуулах зорилгоор хэлээгүй ч байж магадгүй. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН эхний Засгийн газраа М.Энхболд даргынхаа даалгавар дор байгуулсан бол өдгөө хоёр дахь засгаа өөр намын нөлөөн дор бүрдүүлж байна гэж дүгнэвэл дэгсдүүлэг болохгүй ч байж мэднэ.

Зураг