Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбажаргал: 28 гишүүн сайд нараа оруулаг, 47 нь шийдэг

Ч.Үл-Олдох
2017 оны 10 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа   тантай ярилцахад “Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын арга барил төстэй, тэр нь ард түмэнд таалагдаж байна” гэсэн. Тэр үед Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал сураггүй байсан. Сая Засгийн газар унаж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо. Үйл явцыг та юу гэж  дүгнэж байна?

-Өчигдрөөс /уржигдраас/ 30 дахь Ерөнхий сайдын үе эхэллээ. Ерөнхий сайдыг чуулганаар баталж байгаа явцыг харсан. УИХ дахь МАН-ын 30 орчим гишүүн чуулганы  танхимын үүдэнд ирчхээд хуралдаа орохгүй “Монгол Улсын Их Хурал” гэсэн индэр дээрээс хэвлэлийн хурал хийгээд байна лээ. Хоёр зүйл их зохисгүй харагдсан.

Сонгуулийн өмнөхөн тэрэн дээр нэг нөхөр  бандааш яриад зогсож байсан. Гэтэл сая бас нэг согтуу нөхөр амиа хорлохыг завдсан ч гэнэ үү, харвасан сум шиг  давхиж ирээд миний машиныг мөргөсөн, би амьд үлдсэн нь их юм гэж ярилаа.Нэг намын хэсэг нөхөд намынхаа бүлгийн хуралд оролцсонгүй, чуулганы хуралд ч орохгүй гарч ирснээ ярилаа. Их Хурлын тэр индэр гишүүд хувийн юмаа ярих бус, Монгол Улсын Их Хурлын шийдвэр, өгсөн санал, тэр бодлоготой холбоотой асуудлыг ярихын тулд байгаа юм.

Түүнээс биш Их хурлын гишүүн болгон тэнд очиж дуртай зүйлээ ярьдаггүй. Намын асуудал бол намынхаа байранд, эсвэл  хэвлэл мэдээллийн төвүүдэд хэвлэлийн хурал зарлаад ярих нь зохистой. Анхаарал татсан бас нэг зүйл нь өөрийнхөө намын Бага хурлаас олонхын санал авч, байнгын хороогоор дэмжигдэж үндсэндээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох гэж байгаа тохиолдолд үүдэнд  ирээд, нэг ёсондоо хаалгыг нь хөндөлдөж оруулахгүй байх  юм уу хаашаа юм. Ороод хуралдаа суух нь гишүүнийх нь үүрэг. Дэмжихгүй бол эсрэг саналаа өгч болно.

-Монгол Улсын төрийн байгууллагыг байгуулж өгөх нь тэдэнд ард түмнээс өгсөн үүрэг биз дээ.

-“Сонгуулийн дараа 30 хоногийн дотор Засгийн газраа байгуулж чадахгүй бол УИХ тарна” гэсэн хуулийн заалт бий. Тиймээс УИХ-ын гишүүд ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэж байгаа юм. Төрөө байгуулах гэж байж, бидэнтэй ярьсангүй, тохирсонгүй гэж хөндөлдөх утгагүй. Өөр нэг асуудал нь өвөл хаяанд ирлээ гэж айлгах гэж буй юм биш ч, улсын төсөв батлах гэж  тодорхой  хуулиар заагдсан үйл явц бий. Энэ үйл явц намрын чуулгантай хамт  аравдугаар сарын 1-нээс эхэлдэг.

Төсөв өргөн барих, байнгын хороогоор хэлэлцэх, эхний болон хоёр дахь хэлэлцүүлэг, эцэслэн батлах гэхчлэн энэ үйл ажиллагаа аль аравдугаар сарын эхнээс эхэлчихсэн байх учиртай. Тэгвэл энэ удаа шинэ Засгийн газрыг эмхлэх, төсөв хэлэлцэх асуудал зэрэг эхэллээ. Улс орны  хувьд маш  чухал хоёр асуудал эхэлж байхад хэсэг хүн биднээс хэдийг нь сайд болго, тэгэхгүй бол чуулганд орохгүй гэдэг байж таарахгүй. Чуулганы хуралдаанд О.Баасанхүү, Я.Санжмятав нарын гишүүд хэлж байх шиг байна лээ. “У.Хүрэлсүх ээ, та бид нарын дэмжлэгээр боллоо шүү.

Гэхдээ бид засагт чинь орохгүй ээ, зүгээр хамтраад ажиллая, дэмжье. Албан тушаал нэхээд байгаа хүмүүс гаднаа байж байг” гэж. Гэвч одоо хуралд ороогүй 28 гишүүн хэдэн хүнийг сайдаар оруулах байх. Ж.Мөнхбат  нарын хүмүүс хэвлэлээр бичээд байгаа шиг үнэхээр Шадар сайд болох гээд  байгаа бол У.Хүрэлсүх намынхаа эв нэгдлийг бодоод оруулаад ирэг. Нөгөө 47 “Уучлаарай, та Ерөнхий сайдаа сонгоход хурлаа тасалж, эсвэл бойкот хийчхээд ямар нүүрээрээ орж ирж байгаа юм бэ” гээд унагаачих хэрэгтэй. Тэгвэл аль аль талдаа амар шүү дээ.

-“Давхар дээл” байнга шүүмжлэл дагуулдаг. Гэвч  хүчтэй, тогтвортой байхын тулд парламентаас бүрдсэн Засгийн газар байна гэж байна?

-Үндсэн чиг үүргийн сайд нарын хувьд тэр  зөв байх. Яагаад гэвэл, Ерөнхий сайд УИХ-ын гадна байгаа  шүү дээ. Харин бусад сайдыг дан дээлтэй болгочих хэрэгтэй. Ингэвэл УИХ дахь горилогчид  цөөрнө. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үгнээс анзаарч байхад өмнөх танхимд сайд байсан хүмүүсээс авахгүй гэсэн байр суурьтай байна гэж ойлгосон. Гэхдээ хуучин танхимд бас ч гэж ганц, хоёр мэргэжлийн хүн байсан шүү.

Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа залуу гэхэд л  хэл аманд орооцолдохгүй юм, иргэд цахилгаан тэглээ, ингэлээ гэж хэрүүл тэмцэл хийхгүй байгаагаас үзэхэд төрийн мэргэшсэн хүн гэдэг нь харагдаж байна. Н.Номтойбаяр, С.Чинзориг нарыг харьцуулахад хэн нь Долоон буудлын Должин эмээгийн зовлонг ойлгох вэ гэдэг нь харагдана. С.Чинзориг бол аймгийн орлогч даргаас эхлээд хөдөлмөр, нийгмийн халамж, даатгалын асуудалтай олон жил ноцолдсон хүн, бараг бүх шатанд нь ажилласан. Харин С.Чинзориг мөнгөгүй юм байна гэдэг нь харагдаж байгаа. Түүнээс биш түрүүчийн Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болох байх гэж олон хүн харж байсан.

С.Чинзориг салбартаа мэргэшсэн хүн шүү дээ, манай Я.Санжмятав шиг. Боловсролын сайд л гэхэд Ж.Батсуурь мөнгөө дутуу төлсөн учраас огцруулсан гэж би хувьдаа ойлгосон. Оронд нь сайд болсон Г.Чулуунбаатарын хувьд эрдэм шинжилгээний хүрээлэнгээс багш, захирал, улс төр судлалаар олон жил явсан ганц мэргэжлийн хүн. Гэтэл одоо түүний оронд хэн нэгнийг тавих байх. Уг нь салбарын сайдад мэргэжлийн хүн тавивал Ерөнхий сайдад өөрт нь л амар.

-Өмнөхийг бодвол эдийн засаг сэргэсэн гэлцэж байгаа. Тэгэхээр боломж хэр байгаа вэ, манай улсад?

-Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялаа гэж байна. Сонгуулийн амлалтаар халаасанд бусдын  орсон хүмүүс  төрийн албан хаагчид гэж зуу гаруй мянган хүний асуудал тавьж байна. Төрийн үйлчилгээний алба, боловсрол гэсэн ангиллын дагуу л явах ёстой. Эмнэлгийн дарга, сургуулийн захирал нь цалингаа голбол эргээд багшаа хийнэ биз. Шаардлагаа ингэж тавихгүй бол хавтгайруулж замхруулж болохгүй.

-60 тэрбумд орж сургуулийн захирал, эмнэлгийн дарга болсон хүмүүс  байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэднийг хэлж байна уу?

-Тийм, тэдний  цалинг нэмэх хэрэггүй. Зөвхөн 500 мянган төгрөгийн цалин авч байгаа жирийн багш нарыг л хамруулах ёстой. Эмч нарын тухайд А.Цогцэцэг сайд салбартаа нээх халаа, сэлгээ хийсэнгүй бололтой. Өмнөх сайд нар бол ирэнгүүтээ хольж, солиод зарим эмнэлэг хэчнээн сар жилээр даргагүй байсан тохиолдол бий. Эмнэлгийн даргын төлөө үхэн хатан “зодолддог“шүү дээ.  Тэгвэл өнгөрсөн жил гаруйн хугацаанд амжаагүй юм уу, ямар ч байсан чимээгүй байлаа.

Том эмнэлгүүдийн дарга нарыг л  лав хөдөлгөсөнгүй бололтой. Сургуулийн захирал, эмнэлгийн дарга нарыг сольж байна гэвэл, тэндээс юм явж байна гэсэн үг. Шинээр очсон хүн байвал намдаа мөнгө төлсөн үү, 60 тэрбумд орж албан тушаал авсан уу нэг юм болсон хэрэг. Тэгэхээр эхний ээлжинд ажлын ачаалал, мэргэшсэн чиг үүргийнх нь хувьд харгалзаж үзээд тухайн зорилтот хэсгийн цалинг яаж нэмэх вэ гэдгээ гаргаж ирэх хэрэгтэй.

Тэгвэл төрийн алба гээд байгаа 180 мянган хүнээс цөөхөн нь орно. Цалингийн сан ч бага гарна. Яагаад гэвэл өндөр цалинтай хүмүүсийн  цалинг нэмэхгүй нь байна шүү дээ. Бүгдийг хавтгайруулж 30-50 хувь нэмбэл 800 мянгаас  сая төгрөгийн цалинтай захирлынх нь цалин 500 мянгаар нэмэгдэнэ шүү дээ. 500 мянган төгрөгийн цалинтай багшийнх 250 мянгаар л нэмэгдэнэ. Тэгэхээр дундаж хэсгийнхний цалинг л нэмэх хэрэгтэй. Хүрээлэн, сургуулийн захирлын ажлын ачааллыг би мэднэ.

-Тухайлбал?

-Сургуулийн захирал, ня-бо хоёр бол хэдэн хүний цалин тавьчхаад зүгээр сууж байгаа хүн шүү дээ. Ажил санаачлаад явъя гэхээр өөрт нь мөнгө байхгүй. Завандаа ухасхийж гараад хүнтэй уулзчихна, утсаар ярьчихна. Хүүхдийн өмнө зогсож байгаа багшид тийм боломж байхгүй. Хувцас хунар, үс гэзгээ янзлуулах гээд зардал бас гарна. Хүүхдийн өмнө гардаг учраас навсайгаад явж  болохгүй. Настай багш нар үсээ будуулах хэрэг гарна.

Цалин нэмэхээр гардаг бас нэг асуудал  хувийн хэвшил нэмэхээс аргагүй болдог. Ингэхээр инфляцыг хөөрөгддөг муу талтай. Тэгэхээр л дундаж хэсгийнхний цалинг л  нэмэх шаардлагатай. Нөгөө талаар нэмсэн мөнгөний 20-30 хувь нь эргээд даатгал, татвар  руу орж ирдэг. Өндөр цалинтай хүн мөнгөө хадгалдаг бол цалингаа нэмүүлэх гээд багш нарын тухайд өдөртөө эргэлтэд орж байдаг. Нэг жишээ хэлэхэд, концесс гэж яриад байна, түүний мөнгө 5-10 жилийн дараа орж ирж магадгүй. Том төсөл мөнгө түгждэг. Хүүхдийн 20 мянга, багшийн цалин хоёр бол өнөөдөр өглөө, маргааш нь эргэлтэд ордог. Энэ эдийн засгийг эрүүлжүүлэх хамгийн сайн арга. Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.

-Тэгвэл тэвчиж болох зардлууд юу байна?

-Тухайлбал,  Ж.Мөнхбатын авсан  гэж яригдаад байгаа  хоёр сумын хоорондох хэдэн тэрбумын өртөгтэй  гэлээ дээ, тэр замыг  барих хэрэггүй байхгүй юу. Өөрөө бол энэ чинь өнөөдрийн төсвөөс гарч байгаа биш, хэдэн жилийн дараа авах юм гэх байх. Тэр Ж.Мөнхбатын ирээдүйд өр тавьж байхаар өнөөдөр багш нарынхаа өмнө өр тавиад түүнийгээ эргэлдүүлэх нь өлзийтэй шүү дээ.

-Ирэх оноос манай улс гадаад өрөө төлж эхлэхээр байгаа. Өр төлөх боломжийг та юу гэж харж байна?

-Одоохондоо бондууд  өр биш. Өгсөн, авсан эзэнтэй, компанитай. Үйлдвэр бариад, эсвэл ийм юм хийгээд төлнө гээд инээгээд сууж байгаа Их хурлын гишүүд байна шүү дээ. Тухайлбал, “MCS”   групп  хэдэн тэрбумыг авч  тэр мөнгөөрөө хандив өргөөд УИХ-д орсон гэхэд ихэнх мөнгө нь Их Хуралд байж байгаа. Тэр мөнгөө төр авах ёстой. Зүгээр салхинд хийсгээгүй л байна шүү дээ.

Өнөөдөр Цементийн үйлдвэр барина гээд бонд авсан хөрөнгөлөг компаниуд ч байгаа. Бондын мөнгөөр бүгдээрэнгээр нь зам засчихсан юм биш, тийм болохоор боломж байна. Тухайлбал, Д.Гарамжил гишүүн “Уучлаарай, би мөнгөө төлнөө. Энэ мөнгөний чинь тодорхой хувь манай компанид байж байгаа. 580 саяын чинь 100 сая нь над дээр байгаа шүү. Манайх үйлдвэрээ ашиглалтад оруулчихсан.

Удахгүй төлнөө, харин Засгийн газар манай бараа, бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах талаас дэмжээд өгвөл сайн байна” гээд үнэнээ хэлээд сууж байвал улс бас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууддаа цементийн худалдан авалтаа тэндээс хийгээч, бид мөнгөө гаргаж авъя гэнэ шүү дээ. Ингэж яривал хүн ойлгоно уу гэхээс би юу ч аваагүй, өмнөх Засгийн газар, Н.Алтанхуяг ид­чихээд явсан гэж хэлж болохгүй. Одоо эхний ээлжинд төлөх 580 сая ам.доллар бол буух эзэнтэй, буцах хаягтай, барьцаа хөрөнгөтэйгөө байгаа зээл.

-580 сая ам.долларын задаргааг гаргаж үзвэл сонин хариу гарах нь ээ. Та нэг тоо бодооч?

-Надад ийм асуулт тавина гэж мэдэж байсан бол 580 сая ам.долларын хэд нь энэ УИХ-ын гишүүд, тэдний хамааралтай компаниудаас гарахаар байна вэ, тоо бодчихоод ирдэг байж. Манайхан өр тавьсан, хийсгэсэн  гэж ярьдаг. Тэгвэл шинэ Ерөнхий сайд тэндээс  ажлаа эхлэх ёстой. Засгийн ажил гайгүй  яваад байгаа шүү, бас ч гэж өсөлттэй, экспортын бүтээгдэхүүний үнэ өссөн. Харин халаасанд байгаа мөнгөө зөв зүйлд зарах хэрэгтэй. Бусдын өмнөөс өр төлөх ёсгүй.

-Ерөнхий сайд ажил шийдээд явна гэхээр УИХ дотор маш том сөрөг хүчинтэй  боллоо. Тэр нь  өөрийнх намын 28 гишүүн, хэвлэлүүд гурав дахь бүлэг гэж тоймлосон байна лээ?

-Ардын намынхан  “Олгой хагаравч тогоондоо”  гэдэг зарчмаар явдаг нам шүү дээ. Манай Ардчилсан нам ч яах вэ, хэрэлдэж, зодолдоод сурчихсан улс. Бидний юм ил байдаг болохоор тоодоггүй. Юм нь далд байдаг  хүмүүс нэг хагарахаараа сүртэй юм болдог бололтой. Хоёр талд гараад зогсчихсон улсын заримыг танихгүй юм байна лээ. “Хатанбаатар Магсаржав” кинон дээр Магсаржав Богд хаантай уулзаж    бичиг авсан чинь “Энэ нэг сэлэм далайхаас өөрийг мэдэхгүй амьтан ямар хүний зараалаар ингэж явдаг байнаа” гэдэг шиг босогчдын эгнээнд зогсож байгаа зарим хүнийг сайд болох гэж байгаа юм болов уу, ямар хүний зараалаар ингэж яваа юм бол гэж бодогдож байна.

Ер нь бол тэр хүмүүс сайд болгох гээд байгаа нөхдүүдээ оруулна л биз. Би тэгэх ч байх гэж харж байна. Харин Ерөнхий сайд өөрийг нь дэмжсэн 47 гишүүнд “Би та нарын дэмжлэгийг авсан. Сөрөг хүчнээ сайд болгочихъё. Та нар дэмжээрэй” гэвэл тэд нь дэмжээд, хамгийн сайн хяналттай Засгийн газар байгуулагдаж ч болзошгүй. Сая 65 гишүүн ямар ч хяналтгүй болсон учраас засаг нь унасан шүү дээ. Ард түмэн төр, засгийг ил тод бай, шударга бай л гэж байгаа. Түүнээс би турж үхэх гээд байна гэсэн зүйл тун бага. Анхан шатанд томилогдсон 60 тэрбумын улсууд нь бидэнд ирэх юмыг дундаас  нь идээд, нүд нь улаан болж  алга болчхоод  байна гэж ард түмэн хэлээд байна.

Түүнээс өнөөдөр юу юугүй 1990 оных шиг болчихсон юм алга. Эсвэл нөгөө хэсэгтэйгээ  тангараг тасарчихвал  бүр ч эвтэйхэн Засгийн газар болж магадгүй. Мөн л хяналттай  болно гэсэн үг л дээ. Тэгэхээр 47-гийн Засгийн газар гэх юм уу, хаашаа юм. Ер нь бол Европын Засгийн газрууд тийм л байдаг. Цөөнхийн Засгийн газар байгуулчхаад нөгөөхөө нам барьдаг. Манайх олонх болж нам дарчхаад ууж идэх нь дийлдэхгүй, уяа нь ч татагдахгүй болчихдог.

Тэгэхээр У.Хүрэлсүх 31 гишүүн дээрээ Засгийн газраа байгуулчихна биз. Тэгвэл харин ч Их хурлаас айдаг, идэж уух нь арай бага, хүмүүжилтэй засаг бий болно. Болж өгвөл ихэнх сайдаа гаднаас томилох хэрэгтэй. тэгэхгүй бол УИХ-ын гишүүн сайд нь би огцорсон ч Их хурлын гишүүн, эсвэл эсрэг кноп дарна гээд хэцүү. Ер нь бол 31 гишүүн заавал биднээс сайд болго гэвэл, УИХ-д нэрийг нь оруулчихад 47 л шийднэ шүү дээ.

-Гэхдээ энэ засаг мөн л богино настай  байх юм биш биз. Зарим гишүүн удахгүй  огцруулна  гээд шүдээ зуучихсан яваа сурагтай.

-МАН-ынхан сая буруу алхам хийлээ л дээ. Хуралд орохгүй биш ороод сөрөг ч гэсэн саналаа өгөх ёстой байсан. Бүгд хуралдаа орсон бол хэн нь ямар бодолтойг ялгахгүй.  Тэгээгүй учраас 47 гишүүнийг багцалж ялгарал бий болголоо. Шинэ Ерөнхий сайд ч сөрөг хүчнээ тооцоолоод  салбарын сайдад идэж уудаггүй хүн тавих талаар  бодож байгаа байх.

 -Засгийн бүтцэд  өөрчлөлт оруулахгүй, хугацаа бага  гэж  Ерөнхий сайд мэдэгдсэн. Цаашдаа бол хууль эрхзүйн боломж нээлттэй санагдах юм. Энэ талаар?

-Судалж, хэлэлцэх  байлгүй дээ. Одоо төсөв хэлэлцэж байгаа үед бид ирэх жил ийм яамтай, ийм бүтэцтэйгээр ингэж ажиллана  гэдгээ зарлачих хэрэгтэй л дээ. 65-ыг тэгэх болов уу гэж харсан, тэгээгүй. Тэгэхээр одоо зарлаж байгаад ирэх жил  хийж болно шүү дээ. Дэд сайдыг бол одоо больчих хэрэгтэй. Ганц тогтоол гаргахад л болчих зүйл. Дэд сайд ямар хариуцлага хүлээх биш, үүрэггүй хүмүүс.

-Одоо анхаарал татаж байгаа асуудал нь хуулийн хугацаа. Ерөнхий сайд 14 хоногийн дотор танхимаа бүрдүүлэхгүй бол огцордог. Төсвөө хуулийн хугацаанд батлаагүй УИХ тарах ёстой гээд…?

- Ирэх долоо хоног гэхэд сайдууд томилогдох байх л даа. Тэгэхээр энэ Засгийн газрын асуудал биш болоод явчихна. Нэгэнт Ерөнхий сайд томилогдсон учраас Засгийн газар байгуулагдсан гэж үздэг. Сайд  нар томилогдож бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй бол  үүрэг гүйцэтгэгчид  байгаад л байна. Ц.Элбэгдоржийн Засгийн газар хэчнээн сар ийм байдалтай явж  байсан.Зарчим нь ийм.  Харин  улсын  төсвийг  арванхоёрдугаар сарын 1-ний дотор баталж чадахгүй бол УИХ тарах хуулийн заалттай.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай Засгийн газар ард түмний эрх ашгийг дээдэлсэн  Ардын Засгийн газар байх болно” гэж мэдэгдсэн. Тэд юу хийж чадах бол?

-Хэрэв ард түмний дэмжлэгийг авбал, тэр цалин хөлс нэмж, биднийг өөхөнд умбуулахаа  болъё, зүгээр шударга ёсыг тогтооход л Монголын ард түмэн баярлана. Би шударга хөдөлмөрөөрөө амьдрах ёстой юм байна, би хахууль өгч төрд орж хулгай хийж болохгүй юм байна гэдэг ойлголтыг өгчихөд л ард түмэн  талархана, Засгийн газар дэмжигдээд явна. Тэгэхгүй ханцуй доогуур ажиллаад эхэлбэл дахиад унана. Гэхдээ би энэ Засгийн газрыг  урт настай байх болов уу гэж бодож байна.

-Гэхдээ Ерөнхий сайд айхгүй гэж хэлсэн нь асуулт дагуулж байгаа?

-Далд байсан асуудал ил гарахаар эмзэг тусдаг бололтой. Тэр МАН дотор өрнөж байгаа үйл явцын л үргэлжлэл байх. Магадгүй энэ намынхан удахгүй болох Их хурлаа нөгөө саундаа хийж байж л учраа олох байх.

Зураг