Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Офшор бүсэд мөнгө байршуулсан бол гурван сарын хугацаанд оруулж ирэх хуультай"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Офшорын эсрэг хуультай батлагдаж, Засгийн газраас офшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг тогтоол баталсан.

Үүнтэй холбогдуулж АТГ ямар ажил хийж байгаа талаар АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас тодрууллаа. 

23 албан хаагчийг шалгаж байна

Тэрбээр "2017 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр УИХ-аас нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 

Ингэснээр төрийн  албан тушаалтнууд офшор бүсэд данс эзэмших, хөрөнгө байршуулах, аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ хуульд оруулсан бас нэг онцлог өөрчлөлт бол Засгийн газар офшор бүсийг тогтоох тухай юм.

Наймдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын 244-р тогтоолоор офшор бүс гэсэн 49 орныг тодорхойлсон.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид олон орны төрийн өндөр албан тушаалтан бизнес эрхлэгчтэй холбоотой мэдээллийг илрүүлсэн байгаа. Үүн дотор Монгол Улсын 43 иргэн аж ахуйн нэгж багтаж байгаа юм.

Эдгээрээс АТГ-т төрийн алба хашиж, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллаж байсан 23 албан хаагчийг шалгаж байна. 

Цаашид офшор бүсэд хөрөнгө нуусан байдлыг илрүүлэх чиглэлээр тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. Офшорын эсрэг АТГ дангаараа ажиллах боломжгүй.

Энэ чиглэлээр ажиллахын тулд хил дамнасан үйл ажиллагааг илрүүлэх хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, түүнчлэн офшор бүс бүхий орнуудтай Засгийн газар, УИХ-ын хэмжээнд хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. 

Өмнө нь УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт зөрчил гарсан бол буцааж татах эрх зүйн үндэс байгаагүй. Шинээр батлагдсан хуульд эргүүлэн татах заалтыг оруулж өгсөн нь давуу тал болж хариуцлагын тогтолцоог бий болгосон.

Шалгагдаж байгаа 23 нэр бүхий хүмүүсээс нэг хүн 4.3 сая долларыг сайн дураараа оруулж ирсэн. Офшор бүсэд данс нээлгэсэн, компани байгуулсан болгоныг мөнгө байна гэж ойлгож болохгүй.

Өнөөдрөөс бид төрийн захиргааны төв байгууллага болон аймаг нийслэлийн удирдах байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байна. Уг зөвлөмжид офшор бүс бүхий 49 оронд данс эзэмшсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулсан, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа бол эдгээрийг зогсоох, хаах боломжийг өгч байгаа талаар дурдсан. 

Офшор бүсэд данс эзэмшиж мөнгө байршуулсан бол гурван сарын хугацаанд оруулж ирэх хуультай. Үл хөдлөх хөрөнгө авсан бол үүнийгээ зарах бусдад шилжүүлэх үйл ажиллагаа хийх чиглэлтэй " гэлээ. 

Офшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалт: