Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Солонго: Мэдээллийн технологийн салбартаа хөрөнгө оруулах нь ирээдүйд гарах зардлыг ихээр ХЭМНЭДЭГ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголын мэдээллийн технологийн салбарын анхдагчдын нэг Софтлайн /Softline/ компанийн Гүйцэтгэх захирал Б.Солонгыг ярилцлагын буландаа урилаа. Тэрбээр бидэнд мэдээллийн технологийн салбарын сүүлийн үеийн тренд болон бизнесийн байгууллагуудын мэдээллийн технологийн шийдлийн талаар мэдээлэл өгсөн юм.  

-Софтлайн компани хэзээ Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ. Компанийнхаа тухай танилцуулаач?

-Манайх 1993 онд байгуулагдсан олон улсын компани. Төв оффис Москва хотод байрладаг. Анх байгуулагдахдаа Санхүүгийн програм хангамжаас эхэлж байсан бол таван жилийн дотор хурдтай өргөжиж дэлхийн 30 улсын 80 хотод өөрийн гэсэн төлөөлөгчийн газартай болж, мэдээллийн технологийн бүх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. 

Софтлайн компанийн Монгол дахь салбар 2007 онд анх байгуулагдаж байсан. Энэ жил манай компанийн 10 жилийн ой болж байна. Компанийн давуу тал нь 3,000 гаруй үйлдвэрлэгчийн лицензтэй програм хангамжуудыг  Монголдоо хамгийн өндөр түнш статустайгаар, албан ёсны эрхтэй оруулж ирдэг цорын ганц компани юм.  Монголд хамгийн түгээмэл авдаг топ 40 бүтээгдэхүүн бий. 

Одоо бид software, hardware, security, big data гэсэн дөрвөн чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна манай компани харилцагч байгууллагуудынхаа мэдээллийн технологийн шийдлийг гаргаж өгдөг. Мөн ойрын есөн жилийн эдийн засгийн тооцооллыг хийж өгдгөөрөө онцлогтой. 

-10 жилийн өмнө Монголд орж ирсэн тэр үеийг одоотой харьцуулбал ямар өөрчлөлт гарсан бэ. Танайхаас дэлхий нийтэд тренд болж буй ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ санал болгож ажиллаж байна?

-Анх орж ирэхэд Монголд лицензтэй програм хэрэглэх тухай ойлголт ихэнх албан байгууллагууд болон хувь хүнд ч байдаггүй байсан. Одоо Монголд хамгийн шилдэг, сүүлийн үеийн технологийг ашиглаж буй компаниуд гэвэл банк болон харилцаа холбооны салбаруудад бий. 

Мэдээллийн технологийн салбарт гарч буй хамгийн том тренд нь үүлэн технологид суурилсан шийдлүүд байна. Бидний амьдарч буй эрин зуун улам сонирхолтой болжээ. Бүх зүйл дижитал руу хөрвөж байгаа учраас дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хүнтэй видеогоор холбогдож, зөвхөн оффис дээрээ суух биш хаанаас ч ажлаа хийх бололцоотой болсон. Энэ бүх боломжийг cloud буюу үүлэн технологи бий болгосон. Үүнийг байгууллагууд маш их сонирхож, худалдан авч байна. 

Мөн software as a service буюу байгууллагууд мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг худалдан авах биш түрээслэх, ашиглах шийдэл тренд болж байна. Hardware-ийн хувьд ч тэр үнэтэй худалдан авч, байнга солиод байх шаардлагагүй түрээсэлж ашиглах боломжтой үйлчилгээнүүдийг манай компани нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ таниулж байгаа.

Хялбараар ойлгоё гэвэл сo-working оффис шиг бизнесийн хэлбэр мэдээллийн технологийн үйлчилгээнд нэвтэрч байгаа нь маш том дэвшил юм. 

-Танай компанийн ажилладаг өөр нэг чиглэл бол Биг дата. Биг дата бизнесүүдэд ямар боломжийг авчирч байгаа вэ?

-Байгууллагын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол мэдээлэл юм. Мэдээлэл өдөр ирэх тусам илүү их болж, нэмэгдэж байгаа. Тийм болохоор мэдээлэл буюу датагаа аюулгүй хадгалах, дээр нь дүн шинжилгээ хийж цаашид хөгжих нь ямар ч байгууллагын хамгийн чухал асуудал байдаг. 

Манай Монголд Биг датаг банкууд маш сайн нэвтрүүлсэн. Төрийн байгууллагуудаас Үндэсний Дата төв, Сангийн яам зэрэг байгууллагууд Биг датаг маш сайн ашиглаж байна.

Ихэнх хөгжсөн орнуудыг төрийн мэдээлэл нээлттэй байдаг. Монголд энэ нь хангалттай сайн хөгжөөгүй ч эхлэл нь тавигдаж байгаа. 

"сүүлийн нэг жилийн хугацаанд кибер довтолгоо маш их ажиглагдаж байна"

 

-Мэдээлэл хуримтлагдаж, хэмжээ нь маш том болж байна гэж та дурдлаа. Үүнтэй зэрэгцээд аюулгүй байдлын асуудал чухлаар тавигдах байх?

-Тийм ээ. Мэдээллийн технологийн трендүүдийг дагаад аюулгүй байдлын асуудал чухал байна. Тэр тусмаа үүлэн технологи хөгжиж, мэдээлэл гар утсан дээр төвлөрсөн байгаа үед хэрэглэгч өөрөө нууцлалаа маш сайн хамгаалах, нөгөө талаас найдвартай газар хадгалагдаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй байдаг. 

Монголд сүүлийн нэг жилийн хугацаанд кибер довтолгоо маш их ажиглагдаж байна. Салбар хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр хакеруудын ур чадвар ч нэмэгдэж, заавал нэг алхмын урд байна. 

Компаниудын хувьд хэчнээн үнэтэй програм хангамж ашиглаж байсан ч ажилтнууд нь мэдлэггүй, мэдээлэлгүй байвал кибер довтолгоонд өртөхөд нээлттэй л гэсэн үг. Учир нь мэдээллийн технологийн мэргэжилтэн бүх и-мэйлийг шүүж чадахгүй. Хэн нэгэн нь асуудалтай и-мэйлийг нээхэд л компанийн бүх мэдээлэл барьцаанд орох, алдагдах эрсдэлтэй. 

Байгууллагын и-мэйлээр орж ирдэг вирус Монголд сүүлийн нэг жил маш их ажиглагдлаа. Тухайлбал нэг компанийн бүх мэдээллийг 25 оронтой тоогоор кодлоод хоёр долоо хоногийн дотор их хэмжээний мөнгө нэхсэн тохиолдол байна. Ийм асуудлыг ямар ч сайн мэргэжилтнүүд шийдвэрлэж, тайлж өгч чадахгүй. Тиймээс урьдчилсан сэргийлэх нь маш чухал байна. 

Манай компанийн зүгээс хамтран ажилладаг байгууллагууд болон томоохон төрийн байгууллагуудад энэ асуудлаар үнэ төлбөргүй сургалт хийж, зөвлөгөө өгч ажилладаг. 

-Монголд тохиолдож буй кибер довтолгоо хаанаас орж ирж байна вэ?

-Гадаадаас ч дотоодоос ч орж ирж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд гаднаас орж ирдэг. 

-Бизнесийн өрсөлдөөн нэмэгдэж байгаа цаг үед компаниуд харилцагчдадаа зориулсан ямар шийдлүүдийг нэвтрүүлж байна вэ?

-Харилцагч төвтэй компанийг хамгийн шилдэг гэнэ. CRM, ERP шийдлүүд нь байгууллагуудын өрсөлдөх чадварыг маш сайн нэмэгдүүлж байна.  Манай хэрэглэгчид гэхдээ дээрх шийдлүүдийг нэвтрүүлэхэд бэлэн байгаа эсэхээ эхний ээлжид тодорхойлох ёстой. Ингэхийн тулд мэдээллийн технологийн аудит хийлгэх ёстой. Софтлайн компани Монголд анх удаа энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Мөн CRM, ERP нэвтрүүлэх нь ганцхан мэдээллийн технологийн инженерийн асуудал биш. Байгууллагын удирдлага, бүх хэлтсүүд үйл явцад нь оролцох хэрэгтэй. Байгууллагын процесс гэдэг нарийн төвөгтэй учраас хамтран ажиллах нь чухал юм. 

Байгууллага өөрийгөө жижиг гэж голохгүйгээр мэдээллийн технологио эхнээс нь хөгжүүлж, цэгцэлж эхлэх нь чухал. Тэгэхгүй бол өргөжөөд, үйл ажиллагаа нь томорсны дараа асуудлууд улам их нэмэгдэнэ. 

-Мэдээллийн технологийг өндөр түвшинд ашигласнаар компанид ямар давуу талууд бий болох вэ?

-Мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлсэн компани хурдан хөгжинө. Эдийн засаг, бизнесийн энэ их өрсөлдөөнтэй үед байгууллагын хувьд хамгийн чухал зүйл бол хурд. Одоо цагт шинэ шийдлүүдийг нэвтрүүлж чадаагүй компани маш хурдан хоцрогдож байна. 

Ер нь байгууллагууд мэдээлэл технологийн хэлтэстээ хөрөнгө оруулсан нь ирээдүйд гарах зардлаа маш сайн хэмнэх боломжтой. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед мэдээллийн технологио дэмжих нь хамгийн зөв алхам болно. 

"“Softline day” мэдээллийн технологийн олон улсын чуулганыг зохион байгуулна"

 

-10 дугаар сарын 10-ны өдөр “Softline day” гэж томоохон үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай компани 10 жилийнхээ ойг тохиолдуулан “Softline day” мэдээллийн технологийн олон улсын чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганд төрийн болон хувийн хэвшлүүдэд зориулагдсан 10 гаруй үйлдвэрлэгчийн экспертүүд илтгэл тавьж, шилдэг туршлагуудыг танилцуулж, демо үзэсгэлэн гаргана. 

Мэдээллийн технологийн салбарын бүх оролцогчид үнэ төлбөргүй оролцох боломжтой. Хамгийн гол давуу тал нь салбарын шинэ шийдлүүдийн талаар ярилцаж, том үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй биеэр танилцаж болно. 

-Монголын мэдээллийн технологийн компаниуд дэлхийн жишигт хэр ойртож ажиллаж байна. Нөгөө талаас манай улсын мэдээллийн технологийн салбарын хөгжил аль түвшинд явж байгаа вэ?

-Монголыг хөгжиж буй орон гэж ярьдаг ч мэдээллийн технологийн салбарт манай улс огт хоцрогдоогүй. Хувийн хэвшлүүд харин ч Азийн бүс нутагтаа чамлахааргүй сайн ажиллаж байна. Тэр тусмаа банкууд, харилцаа холбооны салбарынхан хангалттай сайн байгаа. Төрийн байгууллагууд бага зэрэг хоцрогдсон байж болно. Гэхдээ хөгжих алхмууд хийж байгаа нь сайн хэрэг. 

Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын хувьд ч тэр бүс нутагтаа өрсөлдөхүйц, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж байна. 

-Танай компанийн урт болон дунд хугацааны зорилго юу вэ?

-Манай компани 2019 онд IPO хийж хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргах гэж байна. Аль зах зээл дээр хувьцаагаа гаргах нь одоогоор нууц.  Монголын салбар энэ ажилтай холбогдуулан шаардлагад нь нийцэх ажлуудаа хийж байна. 

Зөвхөн Монголдоо гэвэл сургалт тал руугаа илүү анхаарна. Шийдэл тал дээр бид хангалттай мэргэшсэн. Тиймээс бид харилцагчдынхаа мэдээллийн технологи, аюулгүй байдлын аудитыг хийж өгөх, мэргэжилтнүүдийг мэдлэг мэдээллээр хангах зорилгоор сургалт явуулах ажлуудыг онцгойлон анхаарч байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.