Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Утаанд төсөвлөсөн 17.5 ТЭРБУМ төгрөгийг ХӨНГӨЛӨЛТ, ХАЛААГУУР, ЗУУХ, СУРТАЛЧИЛГАА, ВАКЦИН зэрэгт зарцуулна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

~ТӨСӨВ 2018~

2018 оны төсвийн төслийг сөхөж үзвээс агаарын бохирдолд 17.5 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх жилийн түвшинтэй харьцуулбал 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ жилийн төсвийн нэг онцлог нь Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зардлыг нэмэгдүүлж байгаа явдал. 

Төсвийн төсөлд тусгасан 17.5 тэрбум төгрөгийг юунд зарцуулахыг доорх хүснэгтээс харна уу. /Хүснэгт дээр дарж томруулах боломжтой/

 

Тодруулбал: 

  • Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тэлэх, цахилгааны шөнийн үнийн тарифыг хөнгөлөх арга хэмжээнд илүү олон өрх хамруулах зорилгоор шөнийн цахилгааны үнийн урамшуулалд Улаанбаатар хотын гэр хорооллын 110 мянган өрхийг хамруулахад 8.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. 
  • Агаарын чанарыг сайжруулах бүсийн зорилтот айл өрхөд 5,000 ширхэг цахилгаан халаагуур, 570 ширхэг сайжруулсан зуух, 1,000 тонн боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. 
  • Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах гэр хорооллын 110 мянган айл өрхийг цахилгаанаар халаахад Сонгино-Хайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 15 трансформаторын дэд өртөө, хэт ачаалагдсан 36 дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх ажлыг гүйцэтгэхэд 2.9 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тооцжээ.
  • АХБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийг 80,000 тонн хагас коксжсон шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр хангах, үүнтэй холбогдуулан түүхий нүүрс болон хагас боловсруулсан түлшний үнийн зөрүүний татаасанд 3.75 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцжээ. 
  • Төв суурин газрын агаарын бохирдол нь нэн түрүүнд хүүхдийн эрүүл мэндэд уушгины хатгааны өвчлөл, хүндрэл хэлбэрээр илэрч аж. Иймээс дэлхийн бусад оронд хэрэгжүүлж байгаа үр дүнтэй арга болох пенимикок дархлаажуулалтын товлолд үе шаттайгаар нэвтрүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн шинээр төрсөн 35 мянган хүүхдийг вакцинд хамруулахад шаардагдах 985 сая төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцын төсвийн төсөлд тусгажээ. 
ЖИЧ: 2018 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭГДЭЖ, ӨӨРЧЛӨГДӨХ МАГАДЛАЛТАЙ

 

Эх сурвалж: Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл