Бүгд Найрамдах Индонез Улсын Балид есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Тус хэлэлцээр нь 2013 онд байгуулсан дипломат болон албан паспорт эзэмшигчийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр болон 2015 онд байгуулсан Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дараа байгуулагдаж буй Засгийн газрын хоорондын 3 дахь хэлэлцээр юм.
Хэдийгээр хоёр улс алс хол оршдог боловч Агаарын харилцааны эрхзүйн үндсийг тавьснаар цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэнэ гэдэгт талууд харилцан санал нэгдэн, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: ЗТХЯ