Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны эхнэр Ри Сол Жугийн тухай цөөн баримт

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN

2012 онд анх Ким Жон Уны эхнэр гэж олон нийтэд танигдаж байсан Ри Сол Жу бүсгүйн тухай баримт маш ховор байдаг.

Одоо 28 настай гэгддэг түүнийг гурван хүүхдийн эх гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага мэдээлж байв. Ри Сол Жу зарим онцгой үйл явдлаас бусад үед олны нүднээс хол байдаг. Түүнийг сэхээтэн гэр бүлээс гаралтай, эцэг нь профессор, эх нь эмч гэсэн мэдээлэл бий.

Дэлхийн хамгийн хаалттай улсын тэргүүн хатагтайн тухай цөөн мэдээллийг хүргэж байна.

 

2012 онд анх Хойд Солонгосын төрийн мэдээллийн суваг түүнийг Ким Жон Уны эхнэр гэж зарлаж байв.

 

 

Ким Жон Уны аавыг нас барснаас хойш нэг жилийн дараа их удирдагчийг дагалдах болсон бүсгүй олон улсын хэвлэлүүдийг хэсэг хугацаанд шуугиулж байлаа.

 

 

Эцэст нь тус улсын төрийн мэдээллийн суваг Пёньянд нээгдсэн хүүхдийн паркийн нээлтийг мэдээлэхдээ анх Ри Сол Жуг танилцуулсан юм.

 

 

Төрийн телевизийн суваг тухайн үед “Маршал Ким Жон Ун нээлтийн ажиллагаанд эхнэр Ри Сол Жугийн хамт оролцлоо” гэж сүр жавхлантай зарлажээ.

 

 

Тэд хэзээ гэрлэсэн нь тодорхойгүй. Зарим эх сурвалж тэднийг 2009 онд гэрлэж, дараа жил нь Ри эхний хүүхдээ төрүүлсэн гэдэг. Өөр эх сурвалж тэднийг 2010 онд сонгодог хөгжмийн концертийн үеэр анх танилцсан гэдэг юм.

 

 

Ким Жон Уны гэр бүлийн тухай мэдээлэл хаалттай байдаг нь гайхах зүйл биш. Түүний эцэг Ким Жон Ил олон эхнэртэй байсан ба тэдний хэнийг нь ч олны өмнө гаргаж байгаагүй гэдэг.

 

 

Ригийн гэрлэлтээс өмнөх амьдралын талаар мэдээлэл маш хомс. Өмнөд Солонгосын тагнуулын алба түүнийг Хятадад дуучнаар суралцаж байсан, 2005 онд Өмнөд Солонгост спортын хөгжөөн дэмжигчдийн бүрэлдэхүүнд багтан очиж байсан гэж мэдээлсэн нь бий.

 

 

Ри Сол Жу өрнөдийн хэв маягаар хувцасладаг нь түүний зургуудаас харагддаг. Нэг удаа бүр Диор, Шанелийн үнэтэй цүнхнүүд барьсан нь хэвлэлийнхний хараанд өртөж байжээ.

 

 

Түүний тансаг хэрэглээг олон улсын хэвлэлүүд шүүмжлэн бичиж байв. Ингэхдээ Хойд Солонгосын жирийн иргэдийн ядуу зүдүү амьдралтай жишиж байлаа.

 

 

Энэ оны эхээр хэсэг хугацаанд Ри олны нүднээс холдсон. Өмнөд Солонгосын тагнуулынхан түүнийг жирэмсэн болсон тул олон сар харагдаагүй гэж өнгөрсөн наймдугаар сард мэдээлжээ.

 

 

Эндээс үндэслээд Ким Жон Уныг гурван хүүхэдтэй гэж үзэх болсон юм. Кимийн дотны найз гэгддэг сагсан бөмбөгийн од Дэннис Родмэн 2013 онд очихдоо хоёр дахь хүүхдийг нь харсан тухайгаа ярьж байв. Родмэнтэй уулзсан хүүхэд бүсгүй хүүхэд байсан гэдэг.

 

 

Родмэн энэ тухай “Би тэдний охин Жү Эйг тэвэрч, эхнэр Ри хатагтайтай ярилцсан. Ким бол сайхан гэр бүлтэй, сайн аав” гэж ярьжээ.

 

 

Өмнөд Солонгосын хэвлэлүүд Риг өмнө нь хоёр охин төрүүлсэн тул дэглэмийг залгамжлах хүү төрүүлэхээр гурав дахиа бие давхар болсон байх гэж таамаглажээ.

 

 

Эх сурвалж: Business Insider