Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

2018-2020 онд ИНФЛЯЦИЙГ 8 хувьд барих бол ХАНШИЙГ...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“ТӨРИЙН гэдэг үгийг хасч Мөнгөний бодлого хэмээн дангаар нь гарчиглахаар болсон нь учиртай. Энэ бол Монголбанкны бие даан явуулах ёстой бодлого” хэмээн Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов.

“Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэл”-ийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Блю Скай зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Монголбанк Мөнгөний бодлогын баримт бичгээ УИХ-д өргөн барихын өмнө нээлттэй уулзалт зохион байгуулж эрдэмтэн, судлаачдын саналыг авч байгаа анхны тохиолдол энэ юм. Тэр ч утгаараа “Хаалттай хаант улс хаалгаа нээгээд нээлттэй болсонд талархаж байна” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан хэлэв.

Аливаа улс оронд Мөнгөний бодлогыг Төв банк нь хэрэгжүүлдэг бөгөөд улс төрөөс ангид, хараат бус байснаар зорилтуудаа хангах боломжтой байдаг. Энэ талаар МУИС-ийн профессор, доктор Д.Дуламсүрэн “Монгол Улсад бичигдсэн хуулиа биелүүлэх асуудал тулгарч байна. Төр засаг үүнийг биелүүлэхгүй байна. Тиймээс ямар нэгэн институци биелүүлж эхлэх хэрэгтэй юм. Биелүүлж эхлэх институци нь Төв банк. Төв банк гэдэг бол зах зээлийн Засгийн газар, удирддаг төв институци. АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны захирал юу хэлэв, тэд бодлогынхоо хүүг яах гэж байгаа вэ гэдгийг дэлхий даяараа хүлээж байдаг. Монголбанкны бодлого ингэж зах зээлээ удирдвал тогтвортой байдал, системдээ хийх гэж буй үйл ажиллагаанууд амжилттай явагдана” гэв.

Тэд Монголбанкны хараат бус байдлыг баталгаажуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд 2017 оны намрын ээлжит чуулганаар хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөжээ.

ИРЭХ ОНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГО ХААШ ЧИГЛЭХ ВЭ?

 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн танилцуулснаар 2018-2020 онд Монголбанкнаас инфляцийг 8 хувьд барихаар төлөвлөжээ. Харин ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ холбон уян хатан тогтох зарчмыг баримтлах аж.

Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, улмаар банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор шаардлагатай тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэв. Мөн Санхүүгийн  захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх чиглэл чухалд тавигдаж байна.

Үүнээс гадна ирээдүйд чиглэсэн Мөнгөний бодлого буюу Монголбанкны олон нийттэй харилцах харилцаа, иргэдийн эдийн засгийн мэдлэг, чадварыг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Монголын эдийн засаг санхүүгийн нөөц чадвараа бүрэн шавхсан учир ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлого алдагдсан нөөцийг буцаан авах, эргээд чадавхжих асуудал гэдгийг онцолж байлаа.

“Хөрөнгийн хоёр гол урсгал болох Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Экспортын орлого буцаад унах магадлалтай”

 

Монголын эдийн засагт тулгараад буй асуудлуудын тухай Монголбанкны Судалгаа, Статистикийн газрын захирал Д.Ган-ОчирМонгол Улсын эдийн засаг төрөлхийн эмзэг байдалтай. Нийт экспортын 94 хувь, төсвийн орлогын 24 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамаарч байна. Экспортын бүтээгдэхүүний үнэ унавал эдийн засаг унадаг гэдгийг бид мэдэж байгаа.

Нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын үер, огцом зогсолт гэдэг хоёр дахь том гадаад шок байна. Өнгөрсөн жилүүдэд үүний эсрэг эдийн засгийг тэлэх бодлого явуулсан. Тодорхой хугацаанд эдийн засаг өсөлтөө хангасан ч энэ нь өнөөдрийн эмзэг байдлын үндэс нь болж эхэлжээ.

Төсвөө харвал сүүлийн дөрвөн жил ДНБ-ий 10-аас дээш хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байна. Үүн дээр Хөгжлийн банк, Төв банкны өрийг нэмбэл харьцаа нь 100 хувь гараад явчихсан. Ингээд манай улс маш том өрийн дарамтад орсон байна.

Тэлэлтийн бодлого эдийн засгийн өсөлтийг хангахын хэрээр импортыг өсгөсөн. Дараа нь худалдааны маш том алдагдлыг хүлээж эхэлсэн. Ийм нөхцөлд эхний ээлжинд эдийн засгийг тогтворжуулах, цаашид тогтвортой өсгөх асуудлуудыг ярих юм.

Эдийн засгийн бодлогын хувьд цаашид Чингис бондын 580 сая ам.долларыг дотоодоосоо төлөх боломжгүй учраас дахин санхүүжүүлэхээс өөр аргагүй. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ нь монгол төгрөгийн ханшаа барихад нөлөөлнө.

Хоёрдугаарт экспортын хэмжээ цаашид буух том эрсдэлтэй байна. Энэ оны хувьд 600 гаруй сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсний 500 гаруй сая ам.доллар нь Оюу толгойнх. Тийм учраас хөрөнгийн хоёр гол урсгал болох гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого буцаад унах магадлалтай байгаа.Тиймээс төр засаг том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг томоохон арга хэмжээнүүдээ авах шаардлагатай” гэв.

"ОУВС-гаас Активын чанарын үнэлгээ хийж буй нь маш чухал"

Өнөөдрийн уулзалтаар эдийн засагчдын байр суурийг аман болон бичгээр авсан юм.

 

Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ үеэр “Нэгдүгээрт ажлаа л хийх хэрэгтэй. Өөр юм руу ормооргүй байна. Инфляцийг бий болгож буй төрийн үрэлгэн байдлыг зогсоомоор байна. Юуны өмнө орон сууцны хөтөлбөр, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг нь Монгол Улсыг өрөнд хийгээд байна. Танай өмнөх удирдлагууд үүнийг хавсран хийсэн.

Хоёрдугаарт банкуудаа сайн хянах хэрэгтэй. ОУВС-гаас Активын чанарын үнэлгээ хийж буй нь маш чухал. Сонгуулийн үеэр хэд хэдэн банкны удирдагчид улс төрчдөд хайртайгаа зарласан. Яагаад ийм болчихсон байдаг юм.

Мөн банкууд хүүгээрээ өрсөлдөхөө зогсоомоор байна. Ялангуяа жижиг банкууд. Монгол Улсын банкны муу активыг цэвэрлэж, үндсэн хөрөнгийг нь хямдруулж авах хэрэгтэй. Монгол Улсад гадаадын банкууд орж ирэх ёстой.

Эцэст нь хэлэхэд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг хамтарч хийх хэрэгтэй байна. Та бүхний ярьж буй шиг институцийг бий болгох, авлигыг зогсоох ажлыг иргэний нийгэм л хийж чадна. Төр өөрөө хэзээ ч хийдэггүй юм. Ингэхийн тулд иргэд мэдээлэлтэй, мэдлэгтэй байх ёстой” хэмээн саналаа илэрхийлсэн юм.