Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсад суух Элчин сайд Д.Ганбат Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Холбооны Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараагаар Элчин сайд Д.Ганбатыг ганцаарчлан хүлээн авч уулзсан бөгөөд Элчин сайд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн хоёр орны хооронд өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжиж ирсэн нь хамтын ажиллагаа өргөжин хөгжих чухал хөшүүрэг байсан гэдгийг онцлоод, цаашид хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь бидний чухал зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Ноён Ф-В.Штайнмайерыг Холбооны Гадаад хэргийн сайд байхдаа 2014 онд Монгол Улсад хийсэн айлчлалынх нь үеэр бэлэглэсэн адууны зургийг дурсгал болгон гардуулж, Холбооны Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад дахин айлчлахыг хүссэнийг тэрээр талархан хүлээж авав.

Элчин сайдын ИЖБ-ээ өргөн барих ёслолд германы талаас Холбооны ГХЯ-ны ТНБД Маркус Эдерер, Ерөнхийлөгчийн тамгын газрын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Томас Баггер, ЕТГ-ын Азийн хэлтсийн дарга Др.Клаус Вийтце, Монголын талаас ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон Элчин сайд Д.Ганбатын гэр бүлийн гишүүд оролцов.

Элчин сайд Д.Ганбат нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм.


Эх сурвалж: ГХЯ