Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батжаргал: Даатгалыг татвар мэтээр ойлгож болохгүй

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 9 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа Монголын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалыг урилаа.

-Манай улсын бизнес хөгжих харс тийм ч таатай биш гэлцдэг. Тэр дундаа даатгалын салбар дөнгөж бойжиж буй салбарын нэг. Тиймээс энэ салбар хөгжих суурь ямар төвшинд байна вэ?

-Даатгалын салбар нь санхүүгийн салбартаа харьяалагдана. Тэгэхээр санхүүгийн салбарын төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын ажлыг Сангийн яам зангиддаг. Гэхдээ өнөөдрийн байгаа байдлыг харвал санхүүгийн салбарт дорвитой ажил хийж чадаагүй гэж боддог. Хэрэв ажил хийсэн гэвэл, төсвийн бодлоготоо л илүү анхаарлаа хандуулсан байх. 1997 онд Даатгалын тухай хууль батлагдаж 2004 онд шинэчилсэн найруулга нь батлагдсан юм.

Ингээд зах зээлийн системд шилжсэнээс хойших 20 гаруй жилийн хугацаанд Сангийн яамнаас даатгалын салбартай холбоотой бодлогын баримт бичиг боловсруулаагүй. 2011 онд Жолоочийн хариуцлагын тухай хуулийг Хууль зүйн яамны санаачилгаар баталж байсан. Замын хөдөлгөөний ачаалал өсөх хэрээр гарах эрсдэл нэмэгдсэн. Тиймээс төрөөс бодлого гаргаж зам тээврийн ослоос үүдсэн хохирогчийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор бие даасан хууль гаргасан юм шүү дээ.

Эндээс харвал, даатгалын салбарт бодлого боловсруулах төрийн байгууллага нь хангалттай төвшинд ажиллахгүй байна гэж үзэн сүүлийн 4-5 жилийн турш мэргэжлийн холбооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Манай салбарт тулгамдсан асуудал болон мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, туршлага судлах, мэдээллийг түгээх зэрэг олон асуудлаар мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой, санал бодлыг төрийн байгууллага болон олон нийтэд хүргэхийг зорьж байна.

-Даатгалын салбар хөгжиж чадаагүй шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Даатгал гэдэг эрсдэлтэй шууд холбогддог ойлголт. Тэгэхээр эрсдэлийг удирдаж бас даван туулж чадахгүй бол заавал шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд даатгалын компанид ханддаг гэсэн үг. Тиймээс нийгэмд үүсэж буй олон нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа эрсдэлийг даван туулахын тулд зөвхөн төрийн байгууллага бодлого боловсруулснаар үр дүнд хүрэхгүй.

Мэдээж төрийн болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах хэрэгтэй. Тухайлбал, төрийн бодлогоор Жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах ёстой гэдэг ухагдахууныг гаргасан. Анхны бие даасан хууль учраас алдаа, оноо бий. Гэхдээ цаашид сайжруулаад явах боломжтой.

-Даатгалын компаниудын чадамж ямар төвшинд байна вэ. Нөгөөтээгүүр даатгуулах нь эрсдэлээс хамгаалах боломж гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй. Энэ нь мэдээлэл дутмагаас үүдэлтэй байх?

-Олон нийт даатгалыг зөвхөн татвар мэтээр хүлээж авдаг. Гэхдээ энэ нь огт өөр зүйл гэдгийг ойлгох учиртай. Жишээлбэл, хэдийгээр албан журмаар даатгуулсан жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсанаар аливаа осолд өртөх, эсвэл гаргаснаа үүдсэн хохирлыг тухайн жолооч даатгалын компаниасаа гаргуулдаг. Тэгэхээр тэр жолооч өөрт учирч болзошгүй ирээдүйн эрсдэлээ даатгуулснаараа санхүүгийн асуудлаа түвэггүй шийдэж байгаа юм.

Даатгалын компанийн чадамжийн тухайд даатгуулагчдын мөнгөнөөс нөөц сан үүсгэн хуримтлуулна. Мэдээж үүн дээр компанийн өөрийн хөрөнгө нэмэгдэнэ. Нөөц сангийн хөрөнгийн хэмжээ тухайн компанийн чадамжийг ч мөн тодорхойлдог. Монгол Улсад даатгалын салбар үүсэж хөгжөөд 83 жил болж байгаа ч зах зээлийн нийгэмд шилжин, төрөлжиж хөгжсөнөөс хойш 20 гаруй жил болж байна. Тиймээс харьцангуй залуу салбар гэж болно. Түүнчлэн иргэдийн санхүүгийн мэдлэг төлөвшөөгүй байгаа нь нийгмийн харилцаанаас анзаарагддаг. Гэхдээ зөвхөн даатгалын салбарын тухай мэдээлэлгүй байгаа гэж өрөөсгөлөөр харж болохгүй.

-Даатгалын комнани нөөц сангийнхаа хөрөнгийг хэрхэн өсгөдөг вэ?

-Энгийнээр тайлбарлавал, 100 хүн даатгалд хамрагдсан байжээ. Тэр хүмүүс нэг цаг минутад ижил шинж чанартай эрсдэлд орох магадлал бага байдаг.  Тэгэхээр 100 хүний даатгалын хураамжаас нөөц сандаа төвлөрүүлнэ. Аливаа эрсдэл үүсвэл даатгуулагчийнхаа төлбөрийг нөөц сангаас төлдөг юм. Мэдээж нөөц сангийн хөрөнгийг өсгөх учиртай.

Нөгөөтээгүүр нөөц сан үүсгэн түүгээрээ даатгуулагчийн төлбөрийг барагдуулж байгааг иргэд олж харахгүй байгаа юм. Тэр нь олон нийт юу гэдэг вэ гэвэл, нөөц сангийн хөрөнгөөс эрсдэлд гаргасан зардлыг хасаад зөрүүг нь тухайн компанийн ашиг гэдэг ойлголттой. Гэхдээ энэ нь хэт өрөөсгөл. Даатгалын компани бизнесийн байгууллага учраас үйл ажиллагааны зардал, ажилчдын цалин гэх мэтчилэн гарах урсгал зардал бий. Түүнчлэн зах зээлийн зарчмаар ашиг олохын төлөө ажиллаж байгаа.

-Даатгалын компаниуд өндөр ашигтай ажиллаж байна гэдэг шүү дээ?

-Манай компаниудын ашиг 2-3 жилийн өмнөхөөс нэлээд багассан. Учир нь Жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж эхэлснээр эрсдэл нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, гарах төлбөр өссөн гэсэн үг. Яагаад гэвэл, Жолоочийн хариуцлагын даатгал хэдийгээр албан журмынх ч 100 хувь хэрэгжиж чадахгүй байгаа. Мөн системийн хувьд албан журмын даатгалыг хэрэгжүүлэх туршлагагүй байсан. Тиймээс нөхөн төлбөрт гарах зардал эрс өссөн юм.

Харин одооноос заавал даатгалыг хэрэгжүүлэхийн тулд зардлаа танах зэргээр хэмнэлт хийж байгаа. Түүнчлэн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах хүмүүс тоо өсөж байна. Манай даатгалын компаниуд жилдээ 14-15 тэрбум төгрөгийг зам тээврийн ослоос үүдэлтэй эрсдэлд зарцуулсан байдаг. Энэ мөнгийг машины сэлбэг, засварт зарцуулж байгаа юм. Тэгэхээр энэ хэмжээний мөнгө дотоодын зах зээлд Шингэхгүй гадагш урсаж байна шүү дээ.

-Ер нь танай салбарт орлого олох ямар, ямар боломж байдаг вэ?

-Даатгалын компани хоёр чиглэлээр орлого олж байна. Нэгдүгээрт, апдеррайтерийн үйлчилгээ үзүүлж орлого олно. Хоёрдугаарт, нөөц сангаа хэрхэн зөв ашиглаж байна вэ гэдгээс хамаарч орлого олдог. Одоогоор нийтлэг ашиглаж байгаа хэлбэр нь банкинд хадгаламж хэлбэрээр байршуулахаас гадна Засгийн газрын бонд худалдаж авдаг. Түүнчлэн тодорхой зөвшөөрөгдөх хувийг Хөрөнгийн биржийн нэгдүгээр самбараас хувьцаа худалдаж авах боломжтой. Гэвч одоохондоо энэ самбарт хувьцаа арилжаалах компани байхгүй байна.

-Тэгвэл даатгалын салбарыг хөгжүүлэхийн тулд хэн, юy хийх ёстой вэ. Учир нь аль ч салбарт төрийн бодлогоор хөгжүүлнэ гэдэг.  Гэвч бүхий л зүйлийг төрөөс хараат мэтээр ойлгож болохгүй болов уу?

-Тэгэлгүй яах вэ, бүх зүйл дан ганц төрөөс хамааралтай гэж болохгүй. Мэдээж хувийн хэвшлийн өөрсдийнх нь оролцоо маш чухал. Бидэнд үүрэг, хариуцлага бий. Тэгэхээр нэн тэргүүнд олон нийтэд даатгалын боловсрол олгоход анхаарах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулахын тулд эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчидтэй түлхүү ажиллахыг зорьж байгаа.

Учир нь тэд бодит мэдээллийг энгийнээр иргэдэд хүргэснээр даатгалын салбар хөгжих суурь бий болно. Түүнээс гадна мэргэжилтнүүдийг мэргэшүүлж бэлтгэх хэрэгтэй. Эцэст нь энэ салбарыг хөгжүүлэхийн тулд цар хүрээг нь тэлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд учирч байгаа томоохон эрслэлд улсын төсвөөс их хэмжээний зардал гарч байгааг бууруулах учиртай. Ингэхдээ төр, даатгалын компаниуд хамтарч ажиллах хоорондын уялдааг бэхжүүлэх нь чухал.

-Даатгалын компанийн чадамж төдийлөн сайн биш учраас гаднын хөрөнгө оруулагчид даатгалд хамрагдахдаа бусад улс орны компанийг сонгодог шүү дээ. Үүнийг өөрчлөх боломж бий юу?

-Олон улсын зах зээл рүү гарахаас илүүтэй гадагш урсаж байгаа мөнгөний урсгалыг тогтоох ёстой. Жилдээ нийт хураамжийн 30-40 хувийг давхар даатгалын зарчмаар гадагш гарч байна. Нөгөө талаар Монгол Улсын Даатгалын тухайд хуульд манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж хөрөнгөө даатгуулах ёстой гэсэн заалт бий. Гэтэл гаднын хөрөнгө оруулалттай төслүүд гаднын компанийг сонгодог.

Гэхдээ үүнийгээ нэг шалтаг хэлж тайлбарладаг. Дотоодын даатгагчид санхүүгийн чадвар нь хүрэхгүй, эрсдэлийг дааж чадахгүй гэдэг. Үнэхээр тэгж байгаа бол Монголын компаниудын дааж чадах хэмжээнд нь тааруулан даатгуулах учиртай. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах механизм хэрэгтэй.

-Сүүлийн үед даатгагдсан бондын талаар маргаан гарах болсон. Таны хувьд хэрхэн харж байна?

-Манай улсад 2015 онд анхны даатгагдсан "Эрчим” бонд гарч байсан. Тэгэхээр энэ нь олон улсын зах зээлд ч байдаг л зүйл. Өөрөөр хэлбэл, хүмүүсээс босгосон мөнгөөр бүтээн байгуулалтаа хийнэ. Эргэн төлөлтийн санхүүжилтэд ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд түүнийг нь даатгалын компани нөхөн төлнө гэсэн үг.

-Танай салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байгаа вэ?

-Одоогоор Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотой зарим үл ойлгогдох зүйл гарч байна. Тухайлбал, зам тээврийн жижиг хэмжээний осол гаргасан жолооч нар хоорондоо тохиролцвол замын цагдааг дуудахгүй, даатгалын байгууллагаар шийдүүлж болно гэжээ. Гэм буруутай этгээдийг тодорхойлж, хариуцлага тооцох эрх цагдаад бий. Харим даатгалын байгууллага тухайн тохиолдлоос үүдэн санхүүгийн бэрхшээл учрахад тусалдаг.

Даатгалын байцаагч нь тухайн зөрчил гаргагчийг шалгах эрхзүйн орчин ч байхгүй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 15 -ын 3 -т тухайн жолоочийн гэм буруутайг тогтоосны дараа даатгалын нөхөн төлбөрийг гаргадаг. Нөгөөтээгүүр манайд хоорондоо зохицох замаар асуудлаа шийдэх хөрс суугаагүй байна. Олон улсад бол цагдаа очихгүйгээр шийдэх тохиолдол бий.

Зураг