Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утасны 2017 оны чиг хандлага “хүрээгүй дэлгэц” бол дараагийнх нь юу байх вэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 18
IKON.MN
Зураг зураг

2017 он ухаалаг гар утасны хувьд “хүрээгүй дэлгэц” гол чиг хандлага байлаа. Хятадын Xiaomi-гаас эхлээд LG, Samsung, Essential бүгд энэ онд хүрээгүй дэлгэцээр гангарсан.

Хамгийн сүүлд iPhone X ийм дэлгэцтэй болсноор энэхүү трэнд “албан ёсны” болов. Хэдийгээр шинэ боломжуудыг бусдаас түрүүлж нэвтрүүлэх нь ховор ч гар утасны ертөнцөд үзүүлэх iPhone-ий нөлөө том гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Хүрээгүй дэлгэц нь гар утас хэмээх төхөөрөмжийг биш, зүгээр л дан ганц дэлгэц алган дээрээ тавьсан мэт мэдрэмж хүнд төрүүлдэг давуу талтай.

Ухаалаг гар утасны түүхийг сөхвөл 2007 онд Apple анх том, хурууны даралтаар ажилладаг дэлгэцийг чиг хандлага болгож тогтоосон. Удалгүй 2011 онд Google, Samsung хамтран Galaxy Nexus гэх анхны виртуал товчтой гар утсыг танилцуулсан нь хүрээгүй дэлгэц байж болох юм гэсэн сэдлийг бий болгожээ.

Ингээд дэлгэцний үр ашиггүй хүрээг халах чиглэл бага багаар хөгжсөөр 2014 онд Sharp компани Aquos бүтээгдэхүүнээ гурван талаас хүрээгүй шахуу бүтээсэн нь том алхам байлаа.

Удалгүй нүүрэнд байх ёстой камер, микрофон, яригч зэргийг “алга болгох” аргаа олсноор 2017 он бүхэлдээ хүрээгүй дэлгэцийн жил болж байна.

Цаашдаа компани бүр энэ орон зайг тэлсээр тултал хөгжүүлэх нь тодорхой.

Харин үүний дараагийн дизайны чиг хандлага юу байх вэ?

Дэлгэц нэгэнт хүрээнээсээ халих хэрэгтэй болсон тул дараагийн гол чиг хандлага нугардаг, уян хатан дэлгэц байх магадлалтай байна.

Хэд хэдэн компани ийм гар утасны концепцийг үзүүлж байснаас Хятадын Lenovo компанийн өнгөрсөн онд танилцуулсан хоёр концепцийг үзүүлье.

Үүний нэг нь нугалаад бугуйндаа зүүж болдог гар утас, нөгөөх нь дэлгээд таблет болгодог гар утасны загварууд юм.

Өөрөөр хэлбэл хүн дасгал хийхдээ гар утсаа зүүдэг төхөөрөмж болгон бугуйндаа ороож болно. Харин Фэйсбүүкийн пост уншихдаа эвхсэн дэлгэц ашиглаад, харин кино үзэх бол дэлгэмэл том дэлгэц ашиглана гэсэн үг.

Ийм чиг хандлага давамгайлах бас нэг шинж тэмдэг бол Самсунг компани ирэх оны Note загвараа эвхдэг дэлгэцтэй болгоно гэсэн өнгөрсөн долоо хоногийн мэдэгдэл юм.

Технологийн хувьд ч уян дэлгэцний хөгжил энэ түвшинд хүрээд байгааг дурдах хэрэгтэй.

Магадгүй 2018 онд нугардаг дэлгэцтэй утасны шинэ чиг хандлага эхлэх байх.

 

 Эх сурвалж: TheNextWeb