М.Ганцэцэг: Айрагийн гозгорын олдворыг орон нутгаас санхүүжүүлсэн, энэ бол Монголдоо анхны тохиолдол
Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор гэх газраас олдсон Хүннүгийн хожуу үе Сяньбигийн эхэн үед хамаарах бүлэг дурсгалд малтлага хийх ажил дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа билээ. Малтлага, судалгааны ажлыг Монголын Үндэсний музей, Орхон аймгийн музейн мэргэжилтнүүд хийсэн юм. Энэ талаар Малтлага, судалгааны ажилд гар бие оролцож буй Орхон аймгийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн гозгор гэх газраас их ховор олдворууд олдсон талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Хэчнээн булш, бунхан тэнд байна. Яг ямар олдворууд олдсон талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор гэх газраас Хүннүгийн хожуу үе, Сяньбигийн эхэн үед хамаарах бүлэг булш оршуулгад малтлага судалгаа хийх ажил 2014 онд эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Эхэндээ археологичид тэнд 92 булш байна гэж тогтоосон байдаг боловч хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 102 булш болж нэмэгдсэн. Үүнээс дөрвөн жилийн хугацаанд 13 булшийг малтсан. Гэхдээ тэдгээр булшнуудын ихэнх нь тоногдсон байсныг эрдэмтэд хэлж байна билээ.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 13 булш малтсаны хамгийн сүүлийнх нь тоногдоогүй байсан. Энэ булш Хүннүгийн сүүл үе, Сяньбигийн эхэн үед холбогдоно гэж судлаачид ярьж байгаа. Гэхдээ энэ мэдээлэл бүрэн батлагдаагүй. Иймээс бид энэхүү газар судалгаа явуулж, уг дурсгалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг олж, тэдгээрийг хэн, хэзээ үйлдсэн, ямар аж ахуй, соёлтой ард түмэн байсныг тодруулах зайлшгүй шаардлага урган гарч байна.
-Айргийн гозгорын олдвор дээр нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан гэж сонссон юм байна?
-Үндэсний түүхийн музейгээс хэрэгжүүлж буй хээрийн малтлага судалгаанаас илэрч буй олдвор дээр хээрийн нөхцөлд стандарт сав баглаа боодолд боож, олдворыг гаднын нөлөөнөөс хамгаалж, хадгалалт хамгаалалтын арга зүй авах талын сургалтын ажилд Монголын талаас Соёлын өвийн төв, Хархорум музей, Дүрслэх урлагийн музей, Орхон аймгийн музей, Улаанбаатар Их Сургууль, Японы талаас Нара Их сургууль Оосакагийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Кьюшю орон нутгийн музейн мэргэжилтнүүд оролцож, харилцан туршлага солилцож хээрийн дадлага ажил хийсэн.
Энэхүү малтлагын ажилд гадаадын маш олон байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Мөн АНУ- ын Калифорни мужийн их сургуулийн багш, доктор Кристине Лее сүүлийн дөрвөн жилийн турш ажиллаж байна. Мөн малтлагаар гаргаж ирсэн олдворыг хадгалах, хамгаалах тал дээр Японы Нарагийн их сургуулийн хадгалалт, хамгаалалтын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан М.Оюунтулга ажиллаж байна. Газрын гүнд 90 хэмийн чийгшилтэй газарт байсан олдвор газрын хөрсөн дээр буюу 20 хэмийн чийгшилд гараад ирэхээр устаж үгүй болох аюултай.
Тиймээс газрын гүн дэх тэр чийгшлийг хэрхэн хадгалах, яг тийм орчныг хэрхэн бий болгохыг М.Оюунтулга доктор, 2017 оны олдвор дээр туршиж үзсэн. Ер нь манайд олдворыг хадгалах, хамгаалах тал дээр нэлээд асуудалтай. Малтаад л байдаг, малтаад л байдаг. Гараад ирсэн зүйлийг нь яаж хадгалах, хэрхэн сэргээн засварлах вэ гэдэг нь асуудал болж байгаа юм. Харин энэ жилээс Япон улстай хамтраад, газар дээр нь хээрийн нөхцөлд хадгалж хамгаалах, сэргээн засах, гаргаад ирсэн олдворыг яг тэр хэвээр нь Соёлын өвийн төвд аваачиж, сэргээн засварлаад музейд тавьж, ард түмний хүртээл болгох ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
-Одоогийн байдлаар хэчнээн булш бунхнаас ямар олдворууд илрээд байгаа вэ?
-Монголд Хүннүгийн үеийн булш маш олон бий. Харин Сяньбигийн үед холбогдох булш байхгүй. Хэрэв Айргийн гозгорын 102 булш Сяньбигийн үед холбогдвол Монголын нутаг дэвсгэрээс олдсон анхны булш болно. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд Сяньбигийн үеийн булш маш их байдаг юм байна. Тэнд магистрын зэрэг хамгаалсан монгол залуу Айргийн гозгорын олдвор дээр ажиллаж байгаа. Айргийн гозгорын том булш маань олон улсын хараанд нэгэнт өртчихсөн.
Олон улсын хамтын ажиллагаагаар цаашид үргэлжлэх бүрэн боломжтой. Энэ онд Айргийн гозгорын 7, 53, 89 гэсэн гурван булшийг малтсан. Эхний 53 дахь булш хүүхдийн булш байсан. Тонуулчид тоночихсон байсан учраас юу ч илрээгүй. Долоодугаар булш маш том бөгөөд хос булш байсан. Мөн л тонуулчид аль хэдийнээ тоночихсон байсан. Гэхдээ нэг булшнаас нь гурван ваар, нэг пийшин, бас түүн дээр тавьсан хоёр таваг шиг зүйл олдсон. 89 дүгээр булш бол огт тоногдоогүй байсан.
Тоногдоогүй булшнаас одоогийн байдлаар модон морь, модон үхэр, модон аяга, ширээ гэх мэт зүйлүүд гарсан. Гэхдээ судлаачид судалж байгаа. Сэргээн засах үйл явцыг нь Монголд анх удаа Японоос авчирсан сахрын уусмалаар хийж байна. Энэ ажилд Соёлын өвийн мэргэжилтэн, Орхон аймгийн музейгээс миний бие, М.Оюунтулга бид гурав ажиллаж байна. Олны хүртээл болоход цаг хугацаа их шаардагдана.
-Судалгаа шинжилгээ болон малтлагын ажил цаашид үргэлжлэх нь. Хэдэн он хүртэл үргэлжилнэ гэж тооцсон бэ. Энэ ажилд орон нутгаас санхүүжилт өгч байгаа юу?
-Хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Монгол Улсын хэмжээнд малтлагын үйл явцад монголчууд өөрсдөө үндэсний экспедиц гаргаад, орон нутаг нь санхүүжүүлээд явж байгаа тохиолдол манайхаас өөр байхгүй. Бусад газрууд АНУ, Казахстаны хөрөнгө оруулалтаар маш олон малтлагыг хийж байгаа. Харин Айргийн гозгорын олдворыг орон нутгаас хоёр жилийн хугацаанд санхүүжүүлэн, дэмжиж ажиллаж байгаа.
-Та модон эдлэл гарч ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр эдлэл хүүхдийнх, эсвэл насанд хүрсэн хүний эдэлж хэрэглэж байсан зүйл ч гэх юм уу. Урьдчилсан байдлаар тогтоосон зүйл байгаа болов уу?
-Байлгүй яах вэ. Судалгааны ажил гэдэг өөрөө маш нягт нямбай ажиллагааг шаарддаг. Эхний ээлжинд рентген зургийг нь авна. 89 дүгээр булш огт тоногдоогүй байсан тухай дээр дурдсан. Хүнээ ороогоод тухайн үед эдэлж хэрэглэж байсан маш олон зүйлийг булшинд нь хийсэн байсан. Хамгийн гол нь тэдгээр эдлэл муудчихсан байх жишээтэй. Тиймээс эхний ээлжинд рентген зураг аваад дотор нь юу юу байгааг хардаг. Монгол Улс өөрөө тэдгээр олдворын он цагийг хэдий үеийнх болохыг нь тогтоох боломжгүй. АНУ ч юм уу, гадаадын улс орон руу дээж явуулж аль үед хамаарагдахыг нь судлуулдаг.
Мод, металлын дээжээс М.Оюунтулга Япон руу авч явж, судалж, тогтооно. Ямар мод вэ, юунд зориулагдсан эдлэл вэ гэдгийг тэнд тогтоох юм. Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт байдаг юм. Олоод малтаад, гаргаж ирээд шууд музейд тавьчих юм шиг ойлголттой байгаад байдаг. Монгол Улсын хувьд олдвор, булшийг малтах үндэсний экспедиц нь байна. Хамгийн гол нь гаргаад ирсэн зүйлийг яаж анхны байдлыг нь эвдэхгүйгээр сэргээн засварлаж, хадгалж хамгаалах вэ гэдэг дээр дутмаг, хэцүү төвшинд байгааг би саяхнаас л мэдэж байна.
Би Айрагийн гозгорын олдвор дээр долоодугаар сарын 23-наас хойш л ажиллаж байна. Тэнд 20 хоног малтлага дээр байсан. Сүүлийн 20 гаруй хоног сэргээн засварлалт дээр ажиллаж байна. Монголын соёлын өвийг сэргээн засварладаг СӨТ дээр манай олдворууд сэргээн засварлагдаж байна. Тэнд ганцхан манай Айрагийн гозгор биш, Монгол Улсын хэмжээнд олдож байгаа бүх олдворуудыг сэргээн засварлах ажил хийгддэг. Харамсалтай нь, 2017 оных нь төсөвт манай Айрагийн гозгорын олдворыг сэргээн засварлах ажил төсөвлөгдөөгүй.
Тэгээд санхүүжилт хайгаад орон нутгийнхаа удирдлагууд, Монголын Үндэсний музейгээс дэмжлэг хүсээд, Японд төсөл бичээд шинээр гаргаж байгаа сахрын уусмал гэдэг бодисыг оруулж ирэх талаар ярьж байна. Энэ бодис нь Японд 20 жил туршигдаж байгаа. Тэрийг судалж, олдворыг бэхжүүлэх ажлыг хийдэг Японы топ таван эрдэмтэн байдгийн гурав нь Айргийн гозгор дээр ирж ажилласан. Үүгээрээ давуу талтай. Японд олдсон олдворууд нэг төрлийн л мод байдаг юм байна.
Гэтэл Монголд маш олон төрлийн мод байдаг. Тэр асуудлыг газар дээр нь ирж хараад явсан хүний хувьд очоод томоохон төсөл бичээд хөрөнгө оруулалт сэргээн засах ажилд туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой гээд Монголоос манай музей, Хархорингийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны музей, Соёлын өвийн төв гээд одоогийн байдлаар зургаан газраас хүмүүс явж сургалтад нь хамрагдаад Айрагийн гозгорын 2017 оны олдвор дээр ирэх оны наймдугаар сар хүртэл ажиллана гэсэн төлөвлөгөө гаргасан. Ингэж ажиллахдаа тэдгээр ажилтнууд хуваагдаж ажиллана.
Орон нутгаас Улаанбаатар руу явж ажиллаж байгаа шүү дээ. Би ганцаараа орон нутгаас явъя гэхээр ар гэр, амьдралтай хүн учраас асуудал мундахгүй. Үүнийг аль аль талдаа шийдэхээр тохироод ажил маань эхлээд явж байгаа. Одоогийн байдлаар эхний дөрөв, таван олдвороо сахрын уусмалдаа хийгээд хатаагч бодисоосоо гаргаад биежүүлэх ажил явагдаж байна. М.Оюунтулгыг байх хугацаанд арга зүйгээ сайн заалгаад үлдвэл бид хийж чадна гэж бодож байгаа.
-Ерөнхийдөө модон эдлэлүүд их мууддаг юм байна. Төмөр эдлэлүүд гайгүй байдаг байх нь ээ?
-Таван ваар бүтнээрээ олдсон. Сэргээн засварлах ямар ч шаардлагагүй эдлэлүүд олдож байгаа байхгүй юу. Модон эдлэл их хэцүү юм билээ. Модон эдлэлийг яаж сэргээн засварлаж, хадгалж хамгаалах вэ гэдэг асуудлыг Японд 11 жил сурсан М.Оюунтулга шийдсэн. Тэр хувиасаа мөнгө гаргаад Японы хэд хэдэн эрдэмтэн мэргэжилтнүүдийг удаа дараа авчраад, олдворуудыг боох сав баглаа боодлыг нь хүртэл авчирч байгаа юм. Энэ залууг монголчууд үнэлэх ёстой. Судалгаа шинжилгээний ажилд хувиасаа хөрөнгө зарцуулж байна шүү дээ.
-Ер нь манайд түүхэн дурсгалт олдворууд маш их байгаа юм байна. Харин сэргээн засварлах ажил дутмаг байгаа юм байна. Үүнээс гадна Айрагийн гозгороос олдсон олдворууд хэзээ музейд ирэх вэ?
-Тийм ээ. Соёлын өвийн төв маань одоо ямар байранд байгаа билээ. Төвийн байр нь баригдсан ч төр, засгаас санхүүжилтийг нь шийдвэрлэж өгч чадахгүй байгаа гэсэн. Монголын археологичид нэгдүгээр сард эрдэм шинжилгээний хурлаа хийдэг. Бүтэн жилийнхээ ажлыг дүгнэдэг гэсэн үг шүү дээ. Тэр хүртэл ажиллана. Наймдугаар сарын 07-ноос эхлээд олдвороо аваад Соёлын өвийн төв дээр аваачсан.
Шинэ туршилт явагдаж байгаа учраас цаг хугацаа их шаардагдана. Ер нь багадаа жилийн хугацаа шаардлагатай. Бүгдийг нь сэргээн засварлаад аймгийн музейд авчрахад шүү дээ. Үүнд маш олон асуудал тулгарна. Тэр бүрийг бид амжилттай даван туулснаар аймгийн музейдээ авчраад 2014-2017 оны хооронд малтсан олдворуудаараа томоохон хэмжээний үзэсгэлэнг гаргаснаар хүмүүс ойлгох байх.
-Ерөнхийдөө орон нутгаас олдсон үзмэрүүдийг хотын музей авчихдаг уу, эсвэл танай аймгийн нутаг дэвсгэрээс олдсон болохоор танай өмч байх учиртай юу?
-Малтлага хийх эрхийг нь өгдөг газар бол БСШУСЯ. Хаанаас санхүүжилт гарах вэ гэдгийг бас шийдвэрлэнэ. Ерөнхийдөө манай Орхон аймгийн хувьд музейд үзмэр авах ямар ч төсөв байхгүй. Гэтэл орон нутаг 2015 онд 30 сая, 2017 онд 38 сая төгрөгийн төсвийг Айргийн гозгорын малтлагад гаргаад, олдсон олдворуудыг нь музейдээ авчирч байгаа энэ үйл явц бол музейнхээ үзвэр, сан хөмрөгийг баяжуулж байна гэсэн үг.
Тэгэхээр манай аймаг томоохон зүйлийг хийгээд, хэрэгжүүлээд эхэлчихсэн. 2014, 2016 онд Монголын Үндэсний музей санхүүжилтээ олоод, олдсон олдвороо аваад явчихсан. Санхүү төсвөө гаргасан тал нь давуу эрхтэй. Тэгэхээр аймаг маань буруу зүйлд мөнгөө зарцуулахгүй байгаагийн илрэл энэ гэж хэлэх байна. Эдгээр олдворууд 2,000 жилийн өмнөх үед хамаарч байгаа шүү дээ. 2,000 жилийн өмнөх газрын хөрсөнд байгаа олдворуудыг аймаг санхүүжүүлээд, газрын гүнээс гаргаж ирээд, сэргээн засварлуулаад, тодорхой цаг хугацааны дараа музейд ирээд бусдын хүртээл болж байгаа нь л хамгийн чухал.
Дахиад хэдэн жил хадгалагдаж, хэдэн хүний хүртээл болох вэ гэдэг нь маш томоохон цогц асуудал шүү дээ. Яг үнэндээ манай монголчууд хэлбэрийг нь хараад байдаг. Энд 38 сая төгрөгийн эд зүйл малтуулж байсны оронд эмнэлэгт нэг машин өгчихье гээд байдаг. Тэр машин хоёр жилийн дараа л байхгүй болно. Гэтэл түүхэн дурсгалууд хадгалагдаж л байна. Монголчууд бид ямар түүх, соёлтой ард түмэн байсан бэ гэдгийг тэр гүнд байсан зүйлээр л нотолно шүү дээ.
-Орхон аймгийн музей хэчнээн танхимтай, хэчнээн үзмэртэй, хэдэн хүнд үйлчлэх хүчин чадалтай вэ?
-Орхон аймгийн музей 1983 оны арваннэгдүгээр сарын 23- нд байгуулагдсан. Эдүгээ 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Таван танхимтай, 1,600 гаруй үзмэртэй. Тэдгээрийн 60 орчим хувь нь дэлгэгдсэн. 40 орчим хувь нь сан хөмрөгтөө хадгалагдаж байдаг. Хүчин чадлын хувьд Эрдэнэтийн 100 мянган хүн ам, мөн дайран өнгөрч байгаа болон зочлон ирсэн хүн бүхэнд үйлчилдэг. Одоогийн байдлаар 40 жилийн өмнө баригдсан барилгад үйл ажиллагаагаа явуулж байна. Музейн шинэ барилга баригдах асуудал төвшин төвшиндөө яригдаж л байгаа.
-Аймгийн музей орон нутгийн аялал жуулчлалын бодлоготой хэрхэн уялддаг юм бол?
-Аймгийн аялал жуулчлалын газартай мэдээлэл өгөх төвшинд хамтарч ажилладаг. Хот доторх хөшөө дурсгалуудаа судалсан. Бусдын хүртээл болоход энэ ийм учиртай, ийм түүхтэй, онцлогтой дурсгал шүү гэх мэтээр хүмүүст тайлбарлах, мэдээлэл өгөх журмаар хамтарч ажиллаж байна. Хөтөчтэй аялал гэсэн үг.
Хүмүүс хөшөөг хараад өндөрлөг юм гэж ойлгохоос бус энэ хөшөө дурсгалыг яах гэж хийсэн юм, ямар онцлогтой газар хийсэн бэ, ямар учиртай вэ гэдгийг нь тэр бүр мэддэггүй. Манайд жил бүрийн есдүгээр сард аялал жуулчлалын өдрийг зохион байгуулдаг. Энэ өдөр орон нутгийн иргэд, сургуулийн сурагчдыг хот доторх хөшөө дурсгалуудтай танилцуулж, мэдээ мэдээлэл өгдөг юм.
-Хотын дотор хэчнээн хөшөө дурсгал байдаг вэ. Орон нутгаас музейн сан хөмрөгийг баяжуулах, нэмэгдүүлэх тал дээр тусалдаг уу?
-22 хөшөө дурсгал бий. Аймгийн ИТХ-аар батлуулаад гаргасан байгаа. Би нэг зүйлд маш их баярладаг юм. Манай аймгийн удирдлагууд музейн 1,600 гаруй үзмэрийн тоог нэмэхэд маш их тусалж, дэмждэг. Сэтгэл байна гэдэг чинь болж байгаа байхгүй юу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
