Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дипломат тайлбар ба ирээгүй зочид

Зууны мэдээ
2017 оны 9 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

"Coal Mongolia 2017” чуулга, уулзалтын мандат нэг сарын өмнө дууссан. Энэ нь нүүрсний салбарт эргэлт ирсэнтэй холбоотой гэх. Гэхдээ урд хөршийн хөрөнгө оруулагчид тун чиг сонирхож байсан гэдэг. Харамсалтай нь чуулган болохоос хэдхэн хоногийн өмнө дипломат тайлбар тавин ирэхгүй болсноо мэдэгджээ.

Тодруулбал, энэ удаагийн чуулганд урилгаар оролцох Ганц модны боомтын төлөөлөгчид тодорхойгүй шалтгаанаар ирэхээ больжээ.

Түүнчлэн Хятадын төрийн өмчит томоохон компаниуд болон албаны төлөөлөгчид оролцох байсан аж. Өнөөх л улс төр, улстөржилт, холион бантан бизнесийн болоод эдийн засагт хорт хийгээ цутгаж буй нэг хэлбэр гэдгийг олон хүн хэлж байна.

Манай улс хэдийгээр байгалийн баялагтай, түүнийг нь гаднынхан ихээр сонирхдог ч төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн орчныг маш муу зохицуулалт тэднийг үргээх зэвсэг болдог. Гэвч үүнийг хий хоосон ярихаас хэтрэхгүй. Энэ удаагийн уулзалтад 120 гаруй гаднын хөрөнгө оруулагчид оролцсон юм. Ингэхдээ манай улсад ажиллаж болох эсэхээ судлахаас гадна өөрсдөдөө байгаа боломжоор, бидэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцаж байв. Гэсэн хэдий ч тэдэнд улс төрийн таагүй байдал айдас дагуулж байгааг бас нуугаагүй.

Салбарынхаа нөхцөл байдал, боломжийг сайтар танилцуулсан учраас Монголын нүүрсний салбарын ирээдүй, өрсөлдөх чадварыг сайжруулах талаар хэлэлцлээ. Тиймээс хуралд оролцогчдын хувьд энэ удаагийн “Coal Mongolia” зохион байгуулалт сайтай болсныг онцолж байв. Энэ үеэр тээвэр ложистикийн асуудал хамгийн том бэрхшээл хэвээр байгаа тухай ярилцсан. Түүнчлэн үүнээс гарахын тулд хос замыг ашиглах нь зүйтэй гэдэг байр, суурь дээр нүүрснийхэн нэгдэж байлаа.

Xарин төрийг төлөөлөн оролцсон УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар Уул уурхайн салбарын арав орчим хуульд их цэвэрлэгээ хийж, давхардал зөрчлийг арилгахаар зорьж байгаагаа хэлсэн юм.

Мөн Засгийн газар хайгуулын ажлыг эрчимжүүлж байгааг ч онцолсон. Мөн дэд бүтцийн асуудал, дунд төмөр зам, хилийн дамжин өнгөрөх чадварын тухай ярив. Тэрээр “Засгийн газар 400 сая ам.долларыг шийдсэн учир төмөр замын асуудлыг богино хугацаанд хэрэгжүүлнэ” хэмээн чуулганы индрээс мэдэгдлээ.

БНXАУ -ын "Үндэсний нүүрс” ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөүрэн ‘БНХАУ Монгол Улстай нүүрсний салбарын харилцаагаа өргөжүүлж уурхай, бүтээн байгуулалт, олборлолт зэрэг бүхий л чиглэлд хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн юм. Ийнхүү хамтарч ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа ч улс төрийн ороо бусгаа байдлыг хаашаа эргэх вэ гэдгийг харзнаж буйгаа хөрөнгө оруулагчид хэлсээр байлаа

Зураг