Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын профессор Илон Маскд “сүржигнэхгүй” байхыг зөвлөв

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Алдарт Hubo роботыг зохион бүтээсэн Өмнөд Солонгосын профессор АНУ-ын бизнесмэн Илон Маскийг хиймэл оюуны аюул заналыг хэт дэвэргэн сурталчилж байна хэмээн шүүмжилжээ.

SpaceX болон Tesla компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск хиймэл оюунт машинууд хүн төрөлхтөнд аюул учруулахыг байнга анхааруулдаг. Тэр сүүлд Хойд Солонгосоос илүү роботууд дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэх магадлалтай гэж мэдэгдэж байв.

Тэгвэл KAIST (Korea Advanced Institute of Science and Technology) хүрээлэнгийн профессор, робот зохион бүтээгч О Жун Хо “Робот хэчнээн сайн хөгжөөд ч эгогүй (өөрийгөө дээдлэх үзэл) учраас дайн хийж чадахгүй. Эго байхгүй бол хиймэл оюунтнууд нь ердийн машинаас цаашгүй. Алс ирээдүйдээ ч роботыг эготой болно гэж би бодохгүй байна” хэмээн ярьжээ.

Профессор “Хиймэл оюуныг удирдаж байгаа хүмүүс л дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлнэ. Харин робот өөрөө эхлүүлж чадахгүй. Уран зөгнөлт зохиол шиг юм ярихаа болихыг би хүмүүст зөвлөмөөр байна” гэж хэлсэн юм.

Тэр бас роботууд хүнийг орлохгүй, харин хүний сайн туслагч болох ёстой гэжээ. Алдартай эрдэмтэн цааш нь хэлэхдээ “Роботууд дэлхийг сүйрүүлнэ гэж хэн ярьж байна? Тэд бол үнэндээ хиймэл оюуны экспертүүд биш. Ирээдүй судлаачид, неврологичид, бизнесмэнүүд л ингэж ярьж байгаа” гээд “Хиймэл оюуны хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд ийм юм ярих ёсгүй. Тэдний ихэнх нь надтай ижил байр суурьтай байгаа” гэсэн байна.

Тэр бас роботын хөгжил хүмүүсийн бодож байгаа шиг тийм хурдтай биш байгаа гээд “Роботуудын аж үйлдвэрийн салбар дахь үүрэг 25 жилийн өмнөхөөсөө бараг ялгаагүй байна” гэжээ.

 

О Жун Хо профессор Hubo нэртэй, хүн хэлбэртэй роботыг зохион бүтээсэн юм. Түүний робот 2015 онд АНУ-д болсон Darpa роботын тэмцээнд түрүүлж, дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв. Тухайн үед Hubo дэлхийн янз бүрийн улс орнуудаас оролцсон 22 роботыг ялж, $2 саяын гран при шагналыг хүртэж байжээ.

Одоо О профессор Hubo роботоо хиймэл оюунтай болгохоор ажиллаж байгаа гэнэ. “Одоогоор Hubo урьдчилан суулгасан програмын дагуу ажил гүйцэтгэдэг. Цаашдаа хиймэл оюунтай болж, өгөгдсөн ажлыг яаж гүйцэтгэхээ өөрөө бие даан шийддэг болох юм. Бидний гол зорилго одоогоор үүнд чиглэж байна” гэжээ.

 

Эх сурвалж: Korea Times